Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

Сургуулийн гадаа хүүхдүүд шаагилдан бие биетэйгээ хөөцөлдөн тоглоно. Зарим нэг нь “Ээж ээ, миний хичээл тарчихлаа” хэмээн  гэрийнхэн рүүгээ утас цохино. Энэ бол нийслэлийн Баянгол дүүргийн 56 дугаар сургуулийн оройн хичээл тарах цаг юм. Тус сургуулийн хойно байрлах хөлбөмбөгийн талбайн гуравны хоёр хэмжээтэй хиймэл зүлгийн талыг хуулж  газар шорооны ажил эхлүүлсэн байв.

Сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайг хуулсан явдал нь ням гаригт /2019.04.21/ цахим орчинд хэлэлцүүлэг өрнөхөд хүргэв. Нэг хэсэг нь хөлбөмбөгийн талбайд орон сууц барих гэж байгаа гэсэн бол нөгөө хэсэг нь сургуулийн өргөтгөл барина хэмээн талцаж байлаа. Бид энэ маргааныг эцэслэхийн тулд тус сургуулиас дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 56 дугаар сургуульд гурван ээлжээр 101 бүлгийн 4300 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх жил 111 бүлэгт 4900 хүүхэд суралцах тоо гарчээ. Гуравдугаар ээлжийн хичээл 20.30 цагт дуусдаг байна. Сурагчид ажлын цаг тарснаас хоёр цагийн дараа хичээлээ тарж гэртээ харьдаг гэсэн үг. Тиймээс ч сургуульд өргөтгөл барих зайлшгүй шаардлага тулгараад байгаа талаар тус сургуулийн захирал З.Байгалмаа хэлж байлаа.

СУ.БАТБОЛД СУРГУУЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ХЭСЭГЧИЛЖ  "ЭМТ ГОЛ” КОМПАНИД ЭЗЭМШҮҮЛЖЭЭ 

Уг нь сургуульд өргөтгөл барих эзэмшлийн талбай байсан ч сургуулийн эзэмшлийн 604 метр квадрат талбайг “Эмт гол” ХХК-д олгосноор сургууль өргөтгөл барих газаргүй болсон байна. 2013 онд тус компанийн газрыг ашиглалтын зөрчилтэй гэж үзээд, холбогдох байгууллагуудаас хүчингүй болгосон ч тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Су.Батболд 2017 оны арванхоёрдугаар сард газрыг буцаан "Эмт гол" ХХК-д олгох захирамж гаргажээ. Одоо тэрхүү газарт сургуулийн хашааг түрэн барьсан автомашины  дөрвөн гараж байгаа нь газрын маргаан үүсгэж байгаа юм. Улмаар газаргүй болсон сургууль хөлбөмбөгийн талбайн хэсгээ сүйтгэж өргөтгөл барихад тулаад байна.

Сургуулийн зүгээс газраа эргүүлэн авахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч “Эмт гол” ХХК-ийн талд гарчээ. Сургуулийн хөлбөмбөгийн талбайн газрыг давхардуулж өгсөн маргаан нь одоо ч шүүх дээр үргэлжилж байна. Хэрэв сургуулийн хөлбөмбөгийн талбайг хэсэгчилж компанид эзэмшүүлээгүй байсан бол талбайн маш бага зайг хамруулж өргөтгөл барих боломжтой байжээ.

Ингээд 56 дугаар сургуулийн өргөтгөл барих тендерт  2018 оны есдүгээр сард "Солют" констракшн компани шалгарч, дөрөвдүгээр сарын 17-нд  барилгын ажлаа эхлүүлжээ. Сургуулийн өргөтгөлийн барилга 640 хүүхдийн багтаамжтай бөгөөд гурван давхар спорт заал гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна.

ТӨРИЙН АЛБА ХААГЧИД 16.00 ЦАГ БОЛОХОД АЖЛАА ДУУСГААД, ГЭР РҮҮГЭЭ ЯВДАГ БОЛ МАНАЙ ХҮҮХДҮҮД, БАГШ НАР СУРГУУЛЬ РУУГАА ИРДЭГ

56 дугаар сургуулийн захирал З.БайгалмааЗасгийн газраас “Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ” гэсэн шийдвэр гаргасантай холбоотойгоор 2018-2019 оны хичээлийн жилд манай сургуулийн өргөтгөлийг барихаар улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тийнхүү Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, хот төлөвлөлтийн газар, газрын алба, нийслэлийн боловсролын газруудын хамтарсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны дөрөвдүгээр сард сургуультай ирж танилцсан.

Сургуулийн  бүх газрыг үзээд, өргөтгөл барих хамгийн боломжит хувилбараар сургуулийн хөлбөмбөгийн талбайг сонгосон. Надад дээд албан тушаалтны шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй. Би хөлбөмбөгийн талбайгаа үлдээхийн тулд хоёр сургуулийг хооронд нь холбоод, өргөтгөлөө хийх санал хүртэл гаргаж байсан. Гэсэн ч дэмжигдээгүй.

Сургуулийн өргөтгөл баригдахгүй бол ирэх жил  5000 гаруй хүүхдийг хаана багтаах вэ? Одоо 300-400 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Нэг ангидаа 50-62 хүүхэд сурдаг. Ирэх жил шинэ хичээлийн байр ашиглалтад орохгүй бол 16 бүлгийн  800-900 хүүхэд гурван ээлжээр  хичээллэнэ. Биеийн тамирын зааланд гурван анги орлоо гэхэд 150-180 хүүхэд орж байна. Төрийн алба хаагчид 16.00 цаг болоход ажлаа дуусгаад, гэр рүүгээ явахад бэлддэг бол манай хүүхдүүд багш нар сургууль руугаа ирдэг. Хичээл нь үргэлжилсээр 20.30 цагт тарж байна. Заавал сургуулийн өргөтгөлөө бариулаад, гурван ээлжээс хүүхдүүдээ салгамаар байна" гэлээ. 

БСШУСЯ: ГЭРЭЭТ ХУГАЦААНДАА БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХЫН ТУЛД КОМПАНИЙГ АЖЛААР ШАХНА

Эндэхийн оршин суугчдын зүгээс шөнө орой унтаж амраахгүй байна гэсэн асуудал хөндөх болжээ. Үүний улмаас сүүлийн гурван хоног тус компани ямар ч ажил хийж чадаагүй гэдгийг хэлж байлаа.

Сургуулийн удирдлагын зүгээс хөлбөмбөгийн талбайг хэсэгчилж өөр компанид өгсөн асуудалд  Нийслэлийн газрын албыг буруутгаж байсан бол Нийслэлийн газрын алба “Нэг үгээр сургууль эзэмшил талбайдаа өргөтгөлөө барихад газрын албанаас зөвшөөрөл өгдөггүй юм. Төрийн өмчит байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны зориулалттайгаар өргөтгөл барьж болно гэж хуульд заасан байдаг. Тэр хүрээнд яамны зөвшөөрөлтэйгөөр өргөтгөл барьж, бид тэрхүү дотоод зохион байгуулалтад оролцох боломжгүй” гэсэн зөрүүтэй мэдээлэл өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны зүгээс гэрээт хугацаа буюу есдүгээр сарын 1 гэхэд сургуулийн шинэ барилгыг  хүлээн авахын тулд компанийг ажлаар шахна гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж