6-7 баллаар газар хөдөлвөл барилга байгууламжийн тал нь нурна

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

6-7 баллаар газар хөдөлвөл барилга байгууламжийн тал нь нурна

6-7 баллаар газар хөдөлвөл барилга байгууламжийн тал нь нурна

Газар хөдлөлт, далайн шуурга, үер, хөрсний нуралтаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн амь насаа алдаж байна. Хамгийн сүүлд, Иранд хоёр долоо хоног бороо орж, үерлэсний улмаас 76 хүний амь эрсдэж, 150 мянган айл өрх сүйрч, эдүгээ 31 аймгаас 25 нь үерт автав. Өнгөрсөн Ням гаригт Колумбад хөрсний нуралтаас үүдэн 17 хүний амь нас хохирлоо. Энэ мэтчилэн учирч болзошгүй гай гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улс үндэстний эдийн засаг, байгаль экологид нөхөж баршгүй их хэмжээний хохирол учирч буйг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харж, халаглахаас цаашгүй л сууна. Ингэхдээ “Монголчууд бид дайн дажингүй, тайван улс оронд амьдарч буй азтай хүмүүс юм” хэмээн өөрсдийгөө тайвшруулан санаа амарч, налайх зуур газар хөдлөлтийн чимээгүй аюул бидэнд маш ойрхон ирснийг албаны эх сурвалж мэдээлж байна.

“Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоо гаргажээ. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай аж. Эрсдэл бидэнд маш ойрхон байгааг энэхүү тоон үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн нийслэлд газар хөдлөлтийн шинэ хагарал илэрсэн нь Улаанбаатар хотын төв цэгийг дайран өнгөрч буйг холбогдох албаны хүмүүс өнгөрсөн жил мэдээлж байв.

Төлөвлөлтгүй, тооцоололгүй барилга байгууламж, хүн амын хэт их нягтаршлаар хүрээгээ тэлсэн нийслэл хот сая гаруй хүн амтай. Гэтэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог. Ингэхдээ нийслэл орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог ба хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байгаа аж. Эдгээр газарт 6.5-8.5 баллын газар хөдлөх магадлалтай. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл аж.

Магадгүй өнөөдөр биш ч маргааш, эсвэл хэзээ ч байгалийн аюулт үзэгдэл тохиолдож болзошгүйг холбогдох албаны хүмүүс сануулсаар буй юм. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 25-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Энэ өдөр өглөөний 08:00 цагаас зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдана. Энэхүү сургалтаас хойш суулгүй хамрагдсанаар ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалж болох юм.

Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга М.Өлзийбатаас дараах тодруулгыг авлаа.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж, аюултай зэрэгт хүрсэн гэж сонссон. Өнгөрсөн жил гэхэд, нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юү? 

-Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар Улаанбаатар хотын хувьд ярьж байна. Өнгөрсөн зуунд 1900-2000 он хүртэл манай улсын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхжлийн бүс нутагт тооцогдож байсан. Энэ хугацаанд Монголд их хүчтэй дөрвөн газар хөдлөлт болсон түүхтэй. Тодруулбал, наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байв. Энэхүү идэвхжил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Монгол Улс дэлхий дээр газар хөдлөлтийн идэвхжлийн өндөр бүс нутагт тооцогддог. Газар нутгаар нь авч үзвэл баруун бүст тиктоникийн идэвхтэй хөдөлгөөнтэй, газар хөдлөлт болох өндөр магадлалтай бол зүүн талаар дундаж, аюул багатай. Энэ хоёр бүсийн завсарт Улаанбаатар хот оршдог.

-Ямар учраас нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил яригдаж байна вэ?

-1994-2000 онд хот орчмыг тойрсон 15 орчим өндөр хүчдэлийн тавган станц ажиллаж байсан юм. Улаанбаатарт 2005 оноос газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдсэн. Жишээ нь, 2005 оноос өмнө Улаанбаатарт жилд 100-200 удаа газар хөдлөлтийн бүсэд чичирхийлэл мэдрэгддэг байсан бол энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өсч, жилийн хугацаанд 1000 болсон. Үүнээс үзвэл, Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхжил ихэсч байна гэж бид үзэж байгаа юм. Судалгаанаас харахад, хот орчимд нийт зургаан хагарал байгааг тогтоосны дараа өнгөрсөн жил Японы эрдэмтэд Улаанбаатарын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн хагарал байна гэдгийг тогтоосон нь урьдчилсан судалгааны үр дүн юм. Илүү нарийвчилсан судалгааны ажлын үр дүнг ирэх зургадугаар сараас гаргахаар яригдаж байна. Гэхдээ хагарал гэдэг нь саяхан үүссэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүхэн цаг хугацааны явцад үүссэн газар хөдлөлтийн ул мөр юм. Зарим хагарал нь 9000 жилийн өмнө болж байсан газар хөдлөлтөөс үүдсэн хагарал гэдгийг тогтоосон шүү дээ. Жишээ нь, Хустайн нуруунд 7.5 магнитудаас дээш  хүчтэй газар хөдлөлт болж байж. Эдгээр хагарлуудын дагуу газар хөдлөлтийн идэвхжил ихсээд эхэлбэл бид тайван суух учиргүй. Ямар нэгэн сургалт болон сурталчилгааны ажлыг хийж, аюулын зэргийг тогтоож болгоомжлох хэрэгтэй.

-Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл жилд 1000 болж өссөн гэхээрхотын хэмжээнд өдөрт хичнээн удаагийн давтамжтай газар хөдлөлт болж байна вэ? Хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл болдог вэ? Жишээ нь, 3.5-4.5 магнитудын газар хөдлөлт нь хүмүүст чичирхийлэх төдий мэдрэгдээд өнгөрдөг гэх юм билээ. Энэ үнэн үү?

Улаанбаатар хотод болж байсан газар хөдлөлтийн ихэнх нь сул чичирхийлэлд тооцогддог. Энэ нь магнитуд нь гураваас доош, хүнд мэдрэгдэхгүй. Үүний хажуугаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн орчимд хотын оршин суугчдад мэдрэгдсэн газар хөдлөлт цөөнгүй бүртгэгдсэн. Одоогоор 5-6 удаагийн тохиолдол нийслэлийнхэнд мэдрэгдсэн байдаг. Хамгийн сүүлд, нийслэлээс 10 км-ын зайд, Гачууртын тосгоноос хойш газар хөдлөлт болсон нь Улаанбаатарт хүчтэй мэдрэгдсэн байдаг. Мөн энэ оны нэгдүгээр сард Богд ууланд газар хөдлөлт болсон нь Их тэнгэрийн ам, Зайсан орчим дахь иргэдэд мэдрэгдсэн байдаг. Ойролцоогоор 2.5 магнитудын хүчтэй. Гэхдээ хот суурин газарт ойр болохоор зэрэг чичирхийлэл нь хүнд мэдрэгдэх нь ихэсдэг. Газар хөдлөлт нь өөрөө байгалийн үзэгдэл, ямарваа зүй тогтлын дагуу болдог. Монгол орон дахь газар хөдлөлтийн идэвхжлийн тухай яривал одоогоос 60 сая жилийн өмнөх болж байсан тиктоникийн процессыг ярьж эхэлнэ.

-Тухайлбал?

-Таван сая жилийн өмнө Энэтхэгийн хойг Төв Азийн газрыг мөргөснөөс үүдсэн хүч одоог хүртэл шахсан байдалтай байна. Үүний улмаас манай улсын баруун бүс нутаг Хангайн нуруу, Говь-Алтай орчим нэлээн эвдэрч, газар хөдлөлтийн хувьд идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Ер нь түүхэнд хоёр удаа маш хүчтэй газар хөдлөлт болж байсан. Маш хүчтэй атлаа амссан хохирол нь маш бага газар хөдлөлт Монголын газар нутагт болж байсан нь 1957 оны Говь-Алтай орчмын нутагт юм. Нийт 8.1 магнитудын хүчтэй. Хэрэв энэ нь хот суурин газарт тохиолдсон бол сүүлийн үед ажиглагдаж байгаа арлын Япон, бусад улс орнуудад тохиолдсоноос ч илүү гамшиг дагуулах аюултай л даа. Тухайн газар хөдлөлтийн үед Монголд их хэмжээнитй хохирол учралгүй өнгөрсөн байдаг. Гэтэл Мороккод 4.6 магнитудын газар хөдлөлт болоход маш их хэмжээний хохирол учирсан. Энэ нь газар хөдлөлтөд бэлтгэлтэй биш, газар хөдлөлтийг тоодоггүй байсан улсын гамшиг юм. Ийм хэмжээний газар хөдлөлт Улаанбаатарт болохгүй гэх баталгаа байхгүй. Хэзээ ч тохиолдож болно. Бид үргэлж л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед явуулж буй сургалтууд маш чухал.

-Нийслэлийн барилга байгууламжууд газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадах уу. Мэргэжлийн хүний хувьд бодлоо хуваалцахгүй юу?

-Улаанбаатар дахь байшин барилгууд 7-8 баллд тэсвэртэй байх ёстой. Мэдээж барилгын чанарын асуудлаас эхэлнэ. Одоогийн барилгуудад шинээр судалгаа хийж, нарийвчилж үзэхгүйгээр газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтооход бэрх. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас 250 орчим барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж мэдээлсэн шүү дээ. Жишээ нь, Нэхмэлийн шар, 120 орчмын барилга, "Мах комбинат орчим зэрэг 1950-иад онд баригдсан барилгууд юм. Сүүлд баригдсан байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоох боломжгүй. Бүгдийг нь л шалгах хэрэгтэй.

-Газар хөдлөлт идэвхжих тусам Монгол орны нутаг дахь сөнөсөн галт уул сэргэх магадлалтай юу?

-Шууд ингэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, Японд 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход галт уул нь дэлбэрээгүй шүү дээ. Фүжи галт уул тэсрэх нь үндэстэнд аюул учруулах хэмжээний гэсэн тодорхойлолтууд ч бий. Ер нь ямар нэгэн тиктоник процессын үр дүнд газрын гүнээс магни хөөрч гарч ирнэ гэсэн үг.

Галт уул бол тиктоникийн үзэгдэл. Газар хөдөлснөөс галт уул оргилно, сэргэнэ гэж байхгүй. Галт уул дэлбэрэхэд л газар хөдөлнө. Галт уул дэлбэрэх нь геологийн маш том үзэгдэл юм. Магадгүй тиктоникийн процессын үр дүнд газрын гүнээс магни хөөрөхөд бэлэн болсон үед газар хөдлөлтийн чичирхийлэл болоход тэсрэх процесс болохыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм баримт байхгүй ч магадлал бий. Монголд Сүхбаатар аймагт байрлах 200 орчим галт уул сөнөсөн. Өчнөөн сая жилийн өмнө идэвхтэй байсан. Дахин идэвхжиж дэлбэрэх аюулгүй. Хамгийн сүүлийн галт уул Хоргын тогооных шүү дээ. Энэ нь 10-20 мянган жилийнхээр тооцогддог. Алтан Овоо ч бас ялгаагүй. Мөлийж эдгээд аюулгүй болсон. Хэрэв дэлбэрэлт боллоо гэхэд дэлхий ч бас өөрчлөгдөх процесс болно. Товчхондоо, галт уул хаа хамаагүй газарт бий болдоггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж