Б.Махбалд холбогдох хэргийг яагаад шууд шүүхэд шилжүүлэв?

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох хэргийг яагаад шууд шүүхэд шилжүүлэв?

Б.Махбалд холбогдох хэргийг яагаад шууд шүүхэд шилжүүлэв?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч гурав дахь удаагаа хойшилсон билээ. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-гөөс 10-нд шилжих шөнө гарч, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед мэдээлж байв.

Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэхүү зүйлд “Хүний амь насыг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗҮГЭЭС ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ГЭВ

Б.Махбалд холбогдох шүүх хурал гурван ч удаа хойшлогдож, хэрэг улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг энэ хэргээс болж цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм. Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа аж.

Энэ талаар хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх “Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөлтэйгээр зүйлчилж байсан. Гэсэн ч прокурор маш яаралтай 10.1 болгож хөнгөрүүлээд, шууд шүүх рүү шилжүүлсэн. Хөнгөрүүлэх байдалтай нь бидний зүгээс танилцаад, санал гомдлоо гаргасан боловч огт авч хэлэлцээгүй. Бидний хүсэлтийг нэг ч удаа авалгүйгээр маш хурдан шүүхэд шилжүүлчихсэн. Хуулийн дагуу бол хэрэг шалгаж дууссаны дараа мөрдөгч хохирогч талаас “Та бүхэн ямар санал гомдолтой байна”, мөн прокурор нь хэргийг хянаж байгаа учраас гомдол байна уу гэх зэргээр асуух байсан хэдий ч шууд алгасаад шилжүүлчихэж байгаа юм.

Прокурортой уулзаад хүсэлт гаргах гэсэн боловч “Уучлаарай, бид шүүх рүү шилжүүлсэн. Хүсэлтээ шүүхэд гарга” гэсэн. Бидний зүгээс энэхүү хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэх байсан. Учир нь нэмэлт мөрдөн байцаалт хэд хэдэн үндэслэлээр явагдах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж