Иранд хоёр долоо хоногийн турш бороо орж, үерлэсний улмаас хоёр сая гаруй иргэнийг хямралд оруулаад байна. Тус улсын нийт 31 аймгаас 25 нь үерт автжээ. Одоогоор 76 хүний амь эрсдэж, 150 мянган айл өрх сүйрчээ. Олон гүүр нурж, авто замууд км км-ээр эвдэрч, дахин ашиглагдах боломжгүй болсон байна. Ойролцоогоор хамгийн багадаа 2.5 тэрбум ам.доллар-ыг нөхөн сэргээх ажилд зарцуулахаар төлөвлөжээ.
Иран улсын ДНБ-ий 14 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар ч сүйрээд байгаа аж. Хузестан аймгийн Ахваз хотод байрлах спорт цэнгэлдэх хүрээлэн нь одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Улаан загалмай”-н майхнуудаар дүүрээд буй юм байна.
Тус улс “Тусламжид саад учруулж байна” хэмээн Америкийн хоригийг буруушаажээ. Мөн улс даяар шууд цацагдсан хурлын үеэр Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани” АНУ-ын төрийн тэргүүнүүд өөрсдийн хүнлэг бус, хэрцгий төрхөө харууллаа” хэмээн хэлсэн байна. Түүний хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэхдээ “Иран улс дахин нэг удаа хот төлөвлөлтийн буруу зохион байгуулалттай, мөн онцгой байдлын бэлтгэл хангамж муутай улс гэдгээ харууллаа” гэжээ.
Нөхөн сэргээх, эмчлэх хүчин чадал муутай байгаад ундууцсан иргэд “Улаан загалмай”-н байрны хашаанд шахалдан овооролдож, хоол хүнс,эм тариа, майхан хүрэлцэхгүй байгаа талаар хашхиралдаж байгаа аж. Үерээс өмнө амьдрал нь хэцүү байсан иргэд одоо ямар ч итгэл найдваргүй болжээ.
Эх сурвалж: NBCnews
Т.ТУЯА
Холбоотой мэдээ