Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Кувейт Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Уулзалт хэлэлцээг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Кувейтийн ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулайман Аль-Сайид нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд Монгол, Кувейтийн найрсаг харилцаа хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгуурыг даван өнөөгийн түвшинд хүрснийг нотлохын сацуу хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхжүүлэх, ялангуяа хоёр улсын хувийн хэвшлийнхний хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн чухлыг санал нэгтэй  тэмдэглэв. Тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоог ашиглахын төлөө байгаагаа хоёр тал илэрхийлэв. Манай улс Ойрхи Дорнодын орнуудад мах экспортлох боломжийг судлан ажиллаж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Ойрхи Дорнодын бүс нутагт Монголоос мах экспортлох” асуудлаарх бизнесийн уулзалтад кувейтийн тал холбогдох төлөөлөгчдийг ирүүлэх талаар ажиллахаа мэдэгдэв. Кувейт Улс нь махны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг гаднаас импортолдог аж.

Аялал жуулчлалын тухайд манай улс нь Кувейтийн төдийгүй Булангийн орнуудын иргэд олноор ирж амрах дуртай орнуудын нэг бөгөөд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Улмаар уул уурхай, дэд бүтэц, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр тогтов.

Талууд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах асуудлыг хөндөхийн сацуу Монгол, Кувейтийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн аврин туршлагатай бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2020 онд тохионо. Өнгөрсөн хугацаанд манай улсад Кувейтийн Засгийн газар 78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 17,5 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Кувейтийн хөнгөлөлттэй зээлийг манай улс Дархан – Эрдэнэт – Булган – Уньт – Тариалангийн чиглэлийн 415 км урт авто замыг барих, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжийг Түлэнхий төвийн барилгыг барих, Монгол-Кувейтийн Судалгааны төвийг байгуулах болон бусад төслийг хэрэгжүүлэхэд  ашиглажээ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж