Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, дөрвөн хүн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгтэл талийгаачдын ар гэрийнхний зүгээс хөдөөлүүлэх явцад цогцос солигдсон байгаа талаар өнөөдөр /2019.04.22/ холбогдох байгууллагад мэдээлжээ.
Дээрх асуудлаар ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн нас барсан. Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажилласан.
Хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж, уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж, манай байгууллагад ирүүлсэн.
Талийгаачдын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлагагүй хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана солигдов гэсэн асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газраас цогцсыг өтгөн лаг дотроос цогцсыг гаргаж авсан.
Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрөгч Баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан. Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна.
Манай бүх үйл ажиллагаа хяналтын камерт бичигддэг. Гадна үзлэг хийх явцад нэр хаяг солигдсон зүйл байхгүй байгааг одоогийн байдлаар тогтоогоод байна" гэлээ.
Э.ЭНХ