Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч, дэд профессор Ш.Гоохүүтэй ярилцлаа.


-Капиталын үйл явдал олны анхааралд байна. Монголбанкинд албадан татан буулгахаас гадна хуулиараа бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн гарц бас байсан. Төв банкнаас тийм арга гарц эрэлхийлсэн үү. Одоогоор олон нийтэд татан буулгахаас өөр ямар ч гарц үлдээгүй гэсэн мэдээлэл л байна?

-Монголбанкнаас банкны ажлыг сайжруулах үүрэгтэй хянагч ажилласан. Зээлдэгчид цаг хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс хүндрэл үүссэн юм. Тодорхой хугацаанд зээлээ төлөх чадваргүй болсон аж, ахуйн нэгжүүдийн хувьд ч Монголбанк, банкны ажилтнуудын хэн нь ч шаардлага тавьсан хугацаа хэрэгтэй байсан л даа. Мэдээж Капитал банкны зүгээс зээл төлүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Тэгж ажилласан учраас зээлүүд бага хэмжээгээр төлөгдөж байсан. Гэхдээ татаад аваад явчихсан 400 гаруй тэрбумын хэмжээнд хүртэл зээлийн төлөлт хийгдэж чадаагүй.

-Тэгвэл Монголбанк бүтцийн өөрчлөлт хийх болон бүрэн эрхт төлөөлөгч томилох гэсэн үе шаттай хувилбаруудыг ашиглаагүй гэж ойлголоо…?

-Энэ хувилбаруудыг ашиглаагүй. Шууд л эцсийн хувилбарыг сонгосон.

-Таны түрүүн хэлсэн татаад аваад явсан гэх 400 гаруй тэрбум төгрөгийн учрыг тодруулахын өмнө нэг асуулт байна. Капитал банкны тухайд банкир хүнийхээ хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдгаа хуваалцаач?

-Тавь гаруй жил банкны системд ажилласан хүний хувьд хэлэхэд нэлээд онцлогтой банк. Монгол Улсын хамгийн анхны арилжааны банк шүү дээ. 1990 оны гуравдугаар сард байгуулагдсан түүхтэй. Сүүлийн 30 гаруй жил банк санхүүгийн олон хямрал гарч байсан ч даваад гарч чадсан. Ерээд онд байгуулагдсан банкуудаас үлдсэн ганц нь. Хоёр дахь онцлог нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний банк. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны хувьд Монголоос босгосон орлого ашгийн зарим хэсэг нь гадагшилдаг. Үндэсний банкны тухайд орлого, ашиг нь ингэж гадагшлахгүй, эдийн засагтаа эргэлддэг давуу талтай.

-Капиталын бусад банкнаас ялгарах онцлог тал гэвэл та юуг онцлох вэ?

-Монголд үндэсний ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, импортыг орлох хаалга, цонх зэрэг үйлдвэрлэлийг дэмжиж ажилласан. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд үндэсний хөрөнгө оруулалттай банк тэргүүлэх учиртай гэсэн бодлого барьж ажилласан нь Капиталын онцлог тал. Жижиг дунд үйлдвэрийн болон бизнесийн зээлийг их хэмжээгээр олгож, 100 мянга орчим хүнийг ажил, орлоготой болгосон банк. 2007, 2008 оноос эхлэн актив нь өссөөр ирсэн.

-Таны сая хэлсэн үеэс 2012 оны сүүл хүртэл эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч дараахнаас нь гадаадын хөрөнгө оруулалт тасарч, улсаараа эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Жижиг дунд, үйлдвэрийнхэнд анхаарсан жижиг банк байтугай том банкууд ч хэцүүдсэн. Капитал банкинд эдийн засгийн хямрал яаж нөлөөлсөн бол?

-Төр засгийн бодлого савласан үеүд банкуудад нөлөөлсөөр ирсэн. Ялангуяа эдийн засгийн өсөлт эрчимтэй буурсан 2014, 2015 онд нөхцөл байдал амар байгаагүй. Эдийн засаг эрчимтэй буурчихаар үйлдвэр эрхлэгчид цохилтод ордог. Үйлдвэр эрхлэгчдээс хамгийн түрүүнд эдийн засгийн хямралд өртдөг нь жижиг, дунд үйлдвэрлэгчид. Энэ бол аль ч улс оронд практикаар нотлогдсон үнэн. Банкны зүгээс ийм хүнд үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, зээлийн эргэн төлөх хугацааг нь багассан орлоготой нь уялдуулж сунгах гэсэн боловч Монголбанкны зүгээс манай энэ эрхийг зогсоож үйлдвэрлэл эрхлэгчид болон банкийг улам хүндрүүлсэн. Ийм шалтгаанаар тэр үед жижиг дунд үйлдвэрлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн л дээ. Зээл төлөгдөхгүй зогсонги байдалд орсноор банкны төлбөрийн чадвар муудах хандлага анзаарагдсан.

Хэдий ийм ч банкны үйл ажиллагаа хүндэрсэн үндсэн гол шалтгаан нь банкны зээлдэгчид зээлээ цаг хугацаандаа гэрээнийхээ дагуу төлөөгүй, санхүүгийн сахилга батгүй байсан явдал нь гарцаагүй өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн.

-Эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь санхүүгийн салбарт, тэр дундаа жижиг банкуудад хүнд туссан. Гэхдээ Капиталын хувьд зөвхөн эдийн засгийн хямрал нөлөөлсөн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Миний хувьд Капиталыг ийм байдалд хүрэхэд зарим нэг гэнэтийн шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байна. Капитал банкинд байршуулсан төрийн банк санхүүгийн байгууллагуудын их хэмжээний мөнгийг 2015 оны сүүлийн хагас жилээс гэнэт татаж эхэлсэн. Үүний цаана зарим нэг сонирхол байсан гэж хардаг. Банк зохих хэмжээний хүүтэйгээр хадгаламж авч, тэр мөнгөнөөсөө зээл олгож, хүүнийх нь зөрүүгээр амьдардаг бизнесийн байгууллага. Энэ утгаараа нэр бүхий нэг байгууллагын 160-аад тэрбум төгрөгийг тодорхой хүүтэй, хугацаатайгаар байршуулсан байсан юм. Тэр эх үүсвэрийг хугацаа нь болоогүй байхад манай банкнаас татсан.

-Хугацаа нь болоогүй мөнгийг татсан гэхээр зээл болгоод гаргачихсан байхад нь мөнгө татах гэнэтийн шийдвэр гаргасан гэсэн үг үү?

-Та зөв анзаарсан байна. Банк хугацаа нь болоогүй мөнгийг зээл болгоод гаргачихсан байх нь тодорхой. Ийм нөхцөлд их хэмжээний мөнгө татсан нь банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн.

-Та ярилцлагынхаа эхэнд 400 гаруй тэрбумыг татаж авсан тухай ярьсан. Энд дурдсан 160 тэрбум энэ тоонд багтах уу?

-Багтана.

-Үлдсэн нь ямар мөнгө байсан юм бол?

-Түрүүчийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснийг бүгд мэднэ. Мөн жижиг дунд төслийн олон хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжуулах төслийн зээлдэгчийг Монгол банк сонгон шалгаруулан санхүүжүүлж, манай банк дамжуулан зээлийг нь олгосон юм. 2015 оны эдийн засгийн бууралтаас шалтгаалж зээл авсан компаниуд хугацаандаа зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл энэ хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлтэй тэнцэх мөнгийг төв банк шууд арилжааны банкнаас аваад байсан.

-Компаниуд зээлээ төлөөгүй байхад арилжааны банкнаас шууд татаж аваад байсан хэрэг үү?

-Тэгсэн.

-Ийм аргыг банкны системд хэрэглэдэггүй санагдах юм…?

-Тийм ээ, Капитал банк ийм шалтгаанаар зээлдэгчдийнхээ өмнөөс 130 гаруй тэрбум төгрөгийг Монголбанк болон бусад төсөл хэрэгжүүлэгчдэд төлсөн.

-Үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагыг удаа дараа өгсөн гэсэн тайлбарыг төв банкнаас хэлдэг. Банкны зүгээс Монголбанкны шаардлагыг биелүүлэх чиглэлд ямар ажлууд хийсэн бэ?

-Шаардлага өгсөн гэдэг нь үнэн. Банкны зүгээс ч хичээсэн. Гэхдээ гадны яалт ч үгүй шалтгаан бас байсан. Капитал банк 130 хорооны 240 гаруй мянган хүний тэтгэвэр олгодог байсан юм. Үүнийг нь системтэйгээр өөр банкууд руу шилжүүлж эхэлсэн. Ингээд хэсэгчилж төрөл бүрийн хаалт тавьж зээл олгох эрхүүдийг ч хаасан. Зээлийн хүүгээр орж ирдэг орлого тэр хэрээр хумигдсан гэсэн үг. Алдагдалд орох болсон өөр нэг шалтгаан нь энэ л дээ. Банкны тухай хуулиар төлбөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь доголдсон банкуудад янз бүрийн арга хэмжээ авах хуультай. Хуулийн дагуу арга хэмжээ авах мөртлөө дэндүү хатуу хандсан.

-Яг яасан тухай дэлгэрүүлж яриач?

-Банкны үйл ажиллагаа доголдсон үед манай банкнаас зээлээ төлүүл гэсэн ганцхан шаардлагыг тавьж байснаас бус Банкны тухай хуулийн дагуу хийх шат дараалсан арга хэмжээнүүд болох банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авалгүйгээр шууд эцсийн шатны арга хэмжээ болох банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилж байгаа асуудал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

-Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирохгүй, мөнгөө ямар ч асуудалгүйгээр буцааж авна гэж ойлгож болох уу?

-Тэгнэ. Гэхдээ Монголбанкны эрх хүлээн авагч нь хуулийн дагуу хир үнэн зөв, шударга, ёс зүйтэй ажиллах вэ гэдгээс шалтгаалан хадгаламж эзэмшигчид хохирохгүй үлдэх бололцоотой. Мөнгөө буцааж авна. Хадгаламжийн даатгалын корпорацид бүх арилжааны банк хадгаламжаа даатгачихсан. Капитал банк ч даатгалд хамрагдаж даатгалын хураамжаа төлж ирсэн. Хуулийн дагуу хадгаламжийн даатгалд хамрагдсан банкны хадгаламж эзэмшигчийн 20 хүртэлх сая төгрөгийг шууд нөхөн олгоно. Нэг үгээр хэлбэл 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүйгээр мөнгөө буцааж авна. Капитал банкны харилцагчдын данс ХААН банк руу шилжсэн. Хадгаламж эзэмшигчдийн хувьд мөнгөө буцааж авч болно, ХААН банкинд хадгаламжаа үргэлжлүүлэхэд ч асуудалгүй.

-Хориос дээш сая төгрөгийн хадгаламжтай, дансандаа мөнгөтэй байсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд тэгвэл эрсдэл байна уу?

-Цаг хугацааны хувьд л бага зэргийн хүлээлт бий. Нэг өдөр өгөх боломжгүй ч гэлээ өгөгдөх мөнгө. Зээлдэгчид зээлээ төлөх хэрээр, хураагдсан хөрөнгийг нь борлуулах хэрээр харилцагчдынхаа мөнгийг өгнө. Капитал банк төлөх тухайд эргэлзэх шаардлага байхгүй. Яаралтай хугацаанд мөнгөө авах гэсэн хүмүүст л хүндрэл үүсэхээс өөр асуудал гарахгүй. Өнөөг хүртэл авч чадаагүй яваа зээл, хүүгийн төлбөр бүрэн хийгдчихвэл Капиталын харилцагчид мөнгөөрөө хохирохгүй. 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигч, харилцагчид Монголбанк, Капитал банк руу дайрах биш хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Учир нь зээлээ төлөөгүй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн банкинд тавьсан барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр л хурааж авах эрх нээгдэнэ.

-Капитал банк дампуурахаа мэдэж байсан хэрнээ өдий хүртэл таг чиг явж байгаад харилцагчдаа хохироолоо гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ?

-Дампуурах шийдвэр гэнэтийнх байсан. Бид гадаадын маш олон хөрөнгө оруулагчтай ярьж, өчнөөн гэрээ хэлцэл хийсэн. Хамгийн сүүлд гэхэд л гадаадын хоёр ч компанитай гэрээ байгуулсан. Багахан хугацаа л хэрэгтэй байсан. Капитал 2018 оны сүүл, 2019 оны эхээр дүрмийн сангаа 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо Капитал банкны дүрмийн сан 83 тэрбум төгрөг болчихсон. Хэрвээ дампуурна гэдгээ мэдэж байсан бол, өөрсдөө мөнгийг нь аваад идчихсэн бол хувьцаа эзэмшигчид 83 тэрбум төгрөгөөрөө хохироод суухгүй шүү дээ. Идье гэсэн бодол байсан бол мөнгө нэмж хийх нь битгий хэл орж ирсэн болгоноо хамаад суух байсан. Ямар ч бизнес эрхлэгчид 29 жил болсон банкаа дампууруулах сонирхол байхгүй. Хэнд ч ойлгомжтой тодорхой зүйл.

-ОУВС-гийн шалгалтаас болоод татан буулгахаас өөр гарц үлдээгүй байж мэдэх юм. Ийм гарцаагүй шалтгаан байсан уу?

-Таны хэлээд байгаа үнэлгээ 2018 оны эхээр дууссан юм. Тухайн үед Монголын арилжааны банкуудын төлбөрийн чадвар хэвийн байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Арилжааны банкуудад тодорхой хэмжээний эрсдлийн сан байгуулах үүрэг өгсөн юм. Капитал банкинд 48 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулах үүрэг ирсэн. Тэр дагуу нь эрсдэлийн сан байгуулсан. Гэтэл дараахан нь Монголбанкнаас 200-гаад тэрбум төгрөгийн сан нэмж байгуул гэсэн шаардлага тавьсан. Эрсдэлийн санг тухайн банк зардлаараа байгуулдаг. Зардал нэмэгдэх тусам алдагдал өснө. Зээл төлөгдөх хэрээр эрсдлийн сангийн мөнгөн дүн буурдаг. Өөрөөр хэлбэл орлого орж ирэх тусам банкны алдагдал буураад явчихдаг. Энэ бол бизнесийн ямар ч байгууллагад байдаггүй онцлог. Банкнаас өөр ямар ч байгууллага эрсдэлийн санг зардлаасаа биш ашгаасаа байгуулдаг юм.

-Капитал банкны эдийн засгийн чадамж хэр байгаа вэ?

-Капитал банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, иргэдээс авах зээл хүүний авлага 350-аад тэрбум төгрөг, тухайн зээлийн барьцаа хөрөнгө зах зээлийн үнэлгээгээрээ 500 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ зээлүүдийг нийтэд нь зохиомлоор муу гэж үзэж болохгүй. Тухайн банк мөнгөө авч идээд алдагдалд орсон гэсэн ойлголт байдаггүйг баланс тайлангаас нь харж болно. Банкинд алдагдал үүсдэг хоёрхон шалтгаан байгаа. Нэгдүгээрт, үйл ажиллагааны алдагдал. Хоёрдугаарт, эрсдлийн сангийн алдагдлыг зардлаар байгуулдаг явдал нөлөөлдөг.

-Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн даалгаврыг хэрхэн биелүүлж байсан бэ?

-Нэмэгдүүлсээр ирсэн. Зургаахан сарын дотор 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үүний тод жишээ. Банкны дүрмийн сан доод тал нь 50 тэрбум төгрөг байсан л даа. Түүнийгээ аль эрт биелүүлсэн. Сүүлд банкны дүрмийн санг 83 тэрбум төгрөгт хүргэсэн. 2021 он хүртэл хэрэгжүүлэх ёстой байсан ч 2019 оны хоёрдугаар сард 83 тэрбум болгочихсон. Хоёрдугаарт, энэ банкны үндсэн хөрөнгө болох 21 аймагт байрлах өөрийн байр, 76 салбарт ажиллаж байсан 470 гаруй хүний оффисын бүх хэрэгсэл бий. Ихэнх салбарын байр, оффис банкны өөрийнх нь өмч. Гуравдугаарт, банкны зээлийн өрөнд хураагаад авчихсан 90 гаруй тэрбум төгрөгийн олон үл хөдлөх хөрөнгө байгаа. Улаанбаатар хот тойрсон, хот доторх өмчлөлийн болоод эзэмшлийн их хэмжээний газрууд бий. Эдгээрийг зарж борлуулаад иргэдийн хадгаламж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хадгаламжийг төлөх бүрэн боломжтой. Мөн барьцаа хөрөнгө нь хангалттай ч Монголбанкны зүгээс 100 хувь эрсдэлийн сан байгуулсан олон зээлдэгчид байгаа.

Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс анзаарахад сангуудын мөнгө зөвхөн Капитал дээр байршсан юм шиг ойлголт төрөөд байна л даа. Энэ тал дээр таны тайлбарыг сонсмоор байна…?

-Бүх арилжааны банкинд байршуулдаг юм. Капитал банкинд 2003 оноос эхлэн сангуудын мөнгө байршиж эхэлсэн. Маш сайн ажиллаж байсан учраас байршсан гэж ойлгож болно. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих бодлоготой ажиллаж ирсэн нь мэдээж нөлөөлсөн. Бас нэг шалтгаан нь үндэсний хөрөнгө оруулалттай ганц банк гэсэн тодотгол гэдгийг онцолмоор байна. Үндэсний хөрөнгө оруулалттай банк сангийн мөнгийг зөв эргүүлээд ашиг оллоо гэхэд олсон ашиг нь 100 хувь Монголд үлдэж, дотоодын үйлдвэрлэгч, харилцагчдаа дэмждэг онцлогтой. Наад захын нэг жишээ хэлье. Зөвхөн нийгмийн даатгалд гэхэд хүүнд нь 100 орчим тэрбум төгрөг төлсөн байдаг.

-Төсөл, хөтөлбөрүүдийн зээл дээр давуу эрх эдэлсэн гэсэн хар бас сонсогдоод байгаа. Банкуудын тухайд энэ төрлийн зээл дээр нэр нөлөөгөө ашиглаж давуу эрх эдэлнэ гэж байх уу?

-Төсөл хөтөлбөрүүдийн зээлийг банкаар дамжуулахдаа тендер зарладаг. Ялсан банкуудаар дамжуулж жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгө, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлийн зээлүүдийг олгодог байсан юм. Олон удаа төсөл хөтөлбөрт шалгарсан учраас төрийн байгууллагууд буюу нийгмийн даатгалын сан, ажлын байр нэмэгдүүлэх сангууд эх үүсвэрээ байршуулсан. Мөн төслийн байгууллагууд өөрсдөө зээлдэгчээ сонгон шалгаруулж хүү хугацааг нь тогтоон банкинд ирүүлдэг. Тэгэхээр гадуур яриад байгаачлан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг манай банк авч ашигласан зүйл байхгүй. Тэдний шалгаруулсан төсөл хэрэгжүүлэгчидэд нь зээлийг дамжуулж олгодог байсан. Бид дунд нь хүү нэмэх, хугацаа өөрчлөх, зээлдэгчийг өөрчлөх ямар ч боломжгүй. Учир нь Монголбанк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр жил бүр тогтмол шалгалт хийдэг байсан.

-Төгсгөлд нь дахиад тодруулъя. Хадгаламж эзэмшигчид хохирох вий гэсэн эмзэглэл нийгэмд байна. Хадгаламж эзэмшигчдэд хохирох ямар нэгэн эрсдэл бий юу?

-Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа. Хадгаламж эзэмшигчид хохирох ямар ч эрсдэл байхгүй. Хохирсон түүх байхгүй. Монголд 1990 оноос хойш 37 банк байгуулагдаж байсан. Одоо 13 банк ажиллаж байна. Үлдсэн 20 гаруй нь янз бүрийн хэлбэрээр татан буугдсан гэсэн үг. Эдгээр банкны хадгаламж эзэмшигчид хохироогүй.

– “Анод” банкны хадгаламж эзэмшигчид хохирсон гэдэг шүү дээ?

-Хадгаламж эзэмшигчид нь хохироогүй. Таны асуусан банкны хувьд хувьцаа гаргасан юм. Монголд хувьцаат банк ганцхан байсан нь “Анод”. Бусад нь дандаа ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай банкууд. “Анод” банк хувьцаат компани болсон ч дампуурсан. Хувьцаа эзэмшигчид нь мөнгөөрөө хохирсон асуудал байдаг. Түүнээс биш хадгаламж эзэмшигчид хохироогүй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж