УИХ дахь МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр /2019.0.4.22/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шаардлагатай гэвэл УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай. Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж хоёр шийдвэр гаргасан. Тодруулбал, бүлгийн гишүүд ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэж үзлээ. Тус ажлын хэсэг нэгдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт гаргах хоёрдугаарт, үлдсэн жил гаруйн хугацаанд Засгийн газар юунд анхаарч ажиллах талаар чиглэл гаргана" гэв.
Ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад бүлэгтээ мэдээллээ танилцуулах юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт одоогоор 50.5 хувьтай байна гэж үзжээ. Ингэхдээ яригдаж байгаа хэдий ч одоогоор эцэслэн шийдээгүй асуудлыг хэрэгжээгүй буюу 0 хувь гэж үзсэн гэдгийг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодотголоо. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд ярьж, төсөл нь бэлтгэгдсэн хэдий ч УИХ-д өргөн баригдаагүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэн О дүн тавьжээ. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэхдээ өмнөх үеийн Засгийн газруудтай харьцуулахад илүү бодитой дүгнэсэн” гэв. Цаашид утаа, түгжрэл, хүн амын дундах хавдрын өвчлөл, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг хүлээгдэж буй олон асуудал бий гэдгийг энэ үеэр хэллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Энэ Засгийн газрын үед ХАБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлгийн хурал дээр ярилцсан уу?
-Хүний амь нас эрсэдсэн холбоотой асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээх ёстой гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж хариуцлагын асуудлыг ярихгүй байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж хариуцлага тооцно.
-Ирэх сонгууль хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт нь хэдэн хувиар хангагдана гэж төсөөлж байна вэ?
-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэхдээ томоохон асуудлуудаа шийдье гэж үзсэн. Мэдээж бүгдийг шийдэх боломжгүй. Бүгдийг шийдье гэвэл хоёр асуудал тулгарна. Нэг бол концесс болон гаднын зээлээр авахад хүрнэ. Энэ Засгийн газар гаднаас авах зээлийг эрс багасгах, концесс хийхгүй гэсэн зарчмыг л барьж байгаа. Концесс, зээл хоёр бол ирээдүйд ард түмэнд очих өр. Тийм учраас өр нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөл байна. 10 их наяд гаруй төгрөгийн асуудлыг улсын төсвийн хэмжээнд шийдвэрлэх боломж байгаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?
-Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүд тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, “ЖДҮ”-чин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ.Энэ асуудалд хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ асуудлыг ялгаж салгах шаардлагатай. Уг нь хууль хяналтын байгууллага ялгаж салгамаар байгаа юм. Ерөнхий сайдын хувьд авсан зээлээ төлж, уучлалт гуй гэдгийг хэлсэн.
-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?
– АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.
Иргэний мэдээллийн нууцад халддаг байдлыг таслан зогсоох чиглэлд танай намын бүлэг тодорхой санаачилга гаргахгүй юм уу?
-Энэ чиглэлд гишүүд хуулийн тѳсѳл санаачилж байгаа.
Холбоотой мэдээ