Монгол Улс цөөн хүн амтай болохоор уу эсвэл эрх баригчид ах, дүү хамаатан садан, найз нөхөд, нутаг усныхнаа төрийн чухал албанд байршуулдаг нь дасал болсон уу, төрийн гурван өндөрлөгийн хүч хаяж хийж буй хуулийн томилгоо нутаг ус даган, үргэлжилж байна. Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий гэсэн дөрвөн аймгаас хуулийн байгууллагын удирдлагууд тодорно гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхөөргүй байгааг УИХ-аас хийсэн томилгоо, мөн хөшигний цаана өрнөх тохироонууд баталгаажуулж өгсөөр.
Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй нэг нутаг буюу Өвөрхангай аймгийн харьяат бол орлогч М.Чинбат нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутаг буюу Сүхбаатар аймгийн угшилтай болж, таарав.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхтэй оюутан цагийн нэг анд гэгдэж байсан Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон С.Алиманцэцэг Засгийн газрын нэг сайдтай садан байсан тул торох зүйлгүйгээр том албан тушаалд очсон тухай шивэр авир яриа саарал ордонд “тэнүүчилж” явна. Санаснаа саадгүйгээр хэрэгжүүлсэн томчуудын томилгоо удахгүй Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргыг өөрчилснөөр үргэлжлэх биз. Цаашлаад аймаг, нийслэлийн прокурор, дүүргийн прокурорт халаа сэлгээ хийгдэнэ. Цэвэрлэгчийг халахгүй л бол их юм. Дээрээс хийсэн томилгоо ийм л технологиор хэрэгжиж ирсэн.
Төрийн гурван өндөрлөгийн нутаг ус дагуулж хийж буй томилгоо Авлигатай тэмцэх газарт төвлөрч байсан бөгөөд Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбатыг зүтгүүлэхээр санал нэгдсэн байсан ч гэрэл цохиулж, ацан шалаанд оржээ.
МАН-ыг Засгийн эрх барьсны дараа С.Ганбат нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар томилогдож байсан аж. Хуулиараа Дотоодын цэргийн штабын дарга нь Цагдаагийн ерөнхий газрын даргатай эн тэнцэхүйц томд тооцогдох алба юм байна. Энэ албанд ирэхээс өмнө С.Ганбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга, Хонконг дахь Монголын консулын газарт зөвлөх консул хийж байжээ. Тэрбээр Баянхонгор аймгийн харьяат бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёртой нэг нутаг бол, Ерөнхий сайд энэ аймгийн хүргэн гээд тоочвол өнгөрсөн хугацаанд хийсэн томилгоонуудаас нь эрх ашгийг нь нэг уулзвар дээр уулзуулсан тохироо байжээ. Гэвч нууцалж байсан асуудал нь илчлэгдсэн.
Дээр нь Авлигатай тэмцэх газрын даргыг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын удирдлагыг чөлөөлдөг шиг шууд чөлөөлөх хууль эрх зүйн үндэс бүрдэхгүй байгаа тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хэсэгтээ байдлыг харзнахаас аргагүй байдалд орсон сураг байна.
Нутаг усаар холбохгүй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд таалагдахгүйгээс завсарлага авах шаардлагатай болсон хоёр дахь томилгоо Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоо болж хувирчээ.
Улсын Дээд Шүүх/УДШ/-ийн шүүгчид энэ сарын 3-нд хуралдаж, ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулсан. Гэвч Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл зарлигаа буулгаагүй байгаа тул УДШ Ерөнхий шүүгчгүй байгаа юм.
Уг нь нутаг ус, төрөл садан гэхээс илүүтэй мэдлэг, туршлага, ачаалал даах чадвар зэргийг харгалзан үзэж, томилгоо хийдэг байсан бол төрд ч, ард түмэнд ч хэрэгтэй л байгаа юм.
Г.ХОРОЛ