Хоёр их гүрний дунд оршдог, гурван сая хүн амтай, улсын жилийн төсөв нь долоон их наяд, үүний дийлэнхийг нь уул уурхайгаас төвлөрүүлдэг Монголын хувьд төмөр зам эдийн засаг уу, эсвэл геополитик үү! Доллар орж ирэх суваг уу, цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл үү? Яг эндээс эхлээд төмөр замын бодлого дээр улстөрчид болоод эдийн засагчдын байр суурь дахиад л зөрчилдөж эхэллээ.
Учир нь, ҮАБЗ гаргасан нууц тогтоолын дагуу УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар өөрчилж, Гашуунсухайтын 267 км төмөр замаас өмнө Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км төмөр замыг түмэн цэргээр бариулах шийдвэрийг гаргасан нь төмөр замаар “мөнгө үйлдвэрлэх үү”, “хүүхэд үйлдвэрлэх үү” гэсэн асуулт тавихад хүргэж буй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын “Эдийн засгаас илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай. Хүмүүс аймаг дамжин шилжиж, солилцоо бий болно. Цус ойртолтод нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж тайлбарласнаас харвал ҮАБЗ-ийн гурван дарга түүнтэй адил бодолтой байгаа бөгөөд цаашдаа ч Дорнодоос Говь-Алтай руу, Монгол орны хөндлөн чиглэлд төмөр замууд барих мөрөөдөлтэй суугаа аж.
Үндсэндээ, ҮАБЗ-ийн гурван дарга буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар төмөр замыг геополитик, нөхөн үржихүйн бүтээн байгуулалт гэж үзэж байгаа аж. Энэ тохиолдолд Монгол орны хөндлөн гулд төмөр зам тавих мөнгөө Монгол Улс өөрөө гаргана гэсэн үг. Эдийн засгийн үнэ цэнэгүй, үр ашиггүй төсөлд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчид сохор зоос ч гаргахгүй.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн урьдчилсан тооцоолсноор бол “Нэг километр төмөр замыг цэргүүдээр бариулахад 1.2 сая ам.доллар шаардагдаж байгаа” гэнэ. Тэгэхээр нэг км төмөр зам барихад шаардагдах 1.2 сая ам.доллараа 414 км-ээр үржүүлээд үзэхэд Монгол Улсад ийм их хэмжээний мөнгө байхгүй, гаргах боломж ч бүрдээгүй.
Эхний санхүүжилт буюу "Тавантолгой-Зүүн баянгийн 414 км төмөр замын суурь бүтцийг байгуулахад шаардлагатай байгаа 780 гаруй тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн жилийн олсон ашгаас гаргахаар төлөвлөж байгаа гэвэл энэ тохиолдолд Монгол Улс дахиад нэг овоолсон шороотой болох магадлал 99 хувь. Нэг хувь нь “итгэл, мөрөөдөл” байлаа гэж бодоход.
Төмөр зам бол авто зам барихаас тэс өөр ойлголт. Сүүлийн үеийн супер технологитой төмөр замыг мэргэших нь бүү хэл мэргэжил ч эзэмшээгүй цэргүүд барьж чадах уу. Тэгээд ч төмөр замын бүтээн байгуулалтыг гурван даргын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг юм биш, нарийн тооцоо судалгаатай хийхгүй бол нар салхинд хийссэн овоолсон шороотой үлддэгийг Гашуунсухайтын төмөр замын төслөөс харчихаж болно. Гашуунсухайтын 267 км төмөр замыг барих гэж монголчууд бараг арван жил болж буй.
“Нөхөн үржихүйн” гэгдэж буй энэхүү төмөр замаар хэчнээн хүн зорчих, хэчнээн хүн аймаг дамжин шилжиж, цаана нь "хэр хэмжээ"-ний бодисын солилцоо явагдах вэ гэсэн бодит тооцоо судалгаагүй иймэрхүү төслийг араншинт эдийн засаг гэж тайлбарладаг. Голдуу мегатөслүүд дээр илэрдэг “өвчин” гэдгийг ч М.Энхсайхан хэлсэн.
Төмөр зам бол овор ихтэй барааг их хэмжээгээр тээвэрлэхэд зориулагдсан, хамгийн хямд өртөгтэй тээврийн хэрэгсэл. Энэ өнцгөөс тооцох юм бол эхний ээлжид нөхөн үржихүйн биш нүүрсний төмөр замаа тавих ёстой. Тавантолгойгоос Монгол Улс хүүхэд биш нүүрс зөөнө гэж сэтгэлийн хөөрлөө дараад тооцох юм бол шүү дээ. Төмөр замгүй учраас хаяанд нь байгаа Хятадын нүүрсний зах зээлээс Монгол улам бүр шахагдаж, гуравдагч оронд нүүрсээ зарж чадахгүй байгаа. Төмөр замгүй учраас л олон арван жолооч нүүрсний замд осолдож, байгаль экологийн хувьд гамшиг дагуулах болсон.
Товчхондоо, Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсон бол "Эрдэнэс Тавантолгой"-н өнгөрсөн жилийн ашиг болох 800 тэрбум төгрөг дор хаяж тав дахин нэмэгдэх боломжтой байсан. Үүнийг төгрөгөөр тооцвол хамгийн багадаа дөрвөн их наяд төгрөг. Монгол Улсын жилийн төсвийн 50 хувь. Энэ тэгээд бага мөнгө үү?
Нүүрсний экспортоос төсөвт орж ирэх байсан энэ мөнгөөр орон нутагт ажлын байр, ажиллах орчныг бүрдүүлэх боломж байсан. Орон нутагт ажлын байр бий болсноор цус ойртолтыг ч давхар шийдэх бололцоотой.
Түүнээс хөндлөн гулд төмөр зам барьснаар “нөхөн үржихүйн ажил эрхлэх”-ээр иргэд Дорнодоос Говь-Алтай руу, Говь-Алтайгаас-Дорнод руу шилжиж амьдарна гэвэл домог. Хаана зах зээл, хаана ажлын байр, хаана амьдрах орчин байгаа газарт л иргэд шилжиж, суурьшиж амьдардаг нь бичигдээгүй хууль. Хөдөлмөрийн бүтээмж багатай газарт хөндлөн төмөр зам байгаад ч иргэд тэнд тогтохгүй гэсэн үг. Хөндлөн төмөр зам тавьснаас илүү хөдөөд ажлын байр олноор бий болгож чадсан нөхцөлд цус ойртолтын эсрэг бодитоор “бодисын солилцоо” явагдана. Тэгэхээр юуны өмнө, нүүрсний төмөр зам чухал уу, нөхөн үржихүйн төмөр зам чухал уу гэдгээ эрэмбэлэхдээ араншингаараа биш асуудалд прагматик хандах ёстой биш үү, ҮАБЗ-ийнхөн.
Холбоотой мэдээ