2-12 насны хүүхдүүдийн шүдийг 50 тэрбум төгрөгөөр эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

2-12 насны хүүхдүүдийн шүдийг 50 тэрбум төгрөгөөр эмчилнэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр энэ сараас эхлэн хэрэгжиж байгаа. Тус хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр /2019.4.22/ боллоо.

Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжид буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Монгол Улсад 2-6 насны 366 мянган хүүхэд байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдах эмнэлгийн сонгон шалгаруулалтад 199 эмнэлэг тэнцсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эдгээр эмнэлгийн 38 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулаагүй байгаа тул одоогоор шүдний 161 эмнэлэг 2-6 насны хүүхдэд үйлчилж байна. Мөн эдгээр эмнэлгээр дүүргийн харьяаллын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байгаа ч байнгын үйлчлүүлдэг эмнэлгээрээ үйлчлүүлэхийг хүсвэл харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа юм. Түүнчлэн шүдээ эмчлүүлэх нэн шаардлагатай байгаа долоогоос дээш насны, тэр дундаа 12 настай хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж болох юм.  Сүүн шүд 5-13 насанд солигдож дуусдаг. Энэ хугацаанд шүдийг хэр зөв, эрүүл байлгаснаас байнгын шүдний ирээдүй шалтгаалдаг байна.

ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ 7-12 НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЛЭЭЖ АВНА   

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах зүйлийг онцоллоо  

-2018 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Хүүхдүүдийн 87-96.2 хувь нь шүд цооролтой байгаа. Хүүхдийн шүдний эрчим найман хувьтай буюу нэг хүүхдийн аманд ямар нэгэн асуудалтай найман шүд байна.  Түүнээс гадна 5-6 насны хүүхдийн 67.5 хувь нь буюу гурван хүүхэд тутмын хоёр нь эрүү, нүүр орчмын тунгалагийн булчирхайн үрэвсэлтэй байгаа. Ийм байгаа тул тус хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Хүмүүс үнэ төлбөргүй эмчилгээ гэж ойлгоод байна. Төлбөрийг улсын төсвөөс бүрэн гаргаж байгаа юм. Хөтөлбөр таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжинэ. Улсын хэмжээнд 442 хувийн хэвшлийн эмнэлэг байна. Үүний 350 нь нийслэлд байгаа. Сонгон шалгаруулалтаар ариутгал халдваргүйжүүлэлт нь баталгаатай, туршлага зэрэг зургаан гол үзүүлэлтийг харж 199 эмнэлгийг сонгосон.  Бусад эмнэлгүүд эдгээр шаардлагыг хангаж байвал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдийг нэг жилийн дотор эрүүлжүүлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжид 2-6 насны хүүхдийг хамруулж байгаа. Түүнээс гадна шүдний асуудлаар яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол 7-12 насны хүүхдийг гэрээ байгуулсан эмнэлгүүд хүлээж авна.

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭС ХОЙШ ӨДӨРТ 20 ГАРУЙ ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

“Баянсандент” шүдний эмнэлгийн захирал Д.Доржсүрэн

Хөтөлбөрт хамрагдаж буй эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг тодрууллаа.

-Сонгон шалгаруулалтад тавигдсан бүх шаардлагыг хангаснаар манай эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдахаар болсон. Манай эмнэлэг нэг шүдэнд асуудлаас нь шалтгаалаад 30 мянган төгрөгөөс 65 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгт багтаан эмчлэхээр болсон.  Хөтөлбөрт хэрэгжсэнээс хойш өдөрт бараг 20 гаруй хүүхдэд үйлчилж байгаа. Ачаалал их байгаа болохоор манайх 09.00-21.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Эцэг эхчүүд хүүхдийн шүдний эмчилгээ 60 мянган төгрөгөөс хэтэрвэл төлбөрийг нь өөрсдөө төлөх үү гэж маш их асуудаг.  Бид 60 мянган төгрөгт багтаагаад аль болох асуудалтай байгаа бүх шүдийг эмчлэхийг зорьж байгаа. Харьяалал харгалзалгүйгээр, үйлчилгээг чанартайгаар үзүүлэхийг зорьж байна.

НЭГ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛ АМЬДРАЛААС 2.3 ХОНОГ ХОРООНО

Хүүхдийн шүдийг хэрхэн эрүүл байлгах талаар Монгол Улсын шүдний ерөнхий мэргэжилтэн, Эрүүл мэндийн яамны Шүдний салбар зөвлөлийн дарга Б.Амарсайханаас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.   

-Хүүхдийн шүдний өвчлөл Монголд цунами болоод байгаа. Үүнд санаа зовниж, Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд маш их баяртай байна. Шүд эрүүл байвал бие эрүүл, бие эрүүл байвал оюун санаа эрүүл байдаг. Хүүхдүүдийг шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо чухал. Судалгаагаар нэг шүдний өвчлөл хүний амьдралаас 2.3 хоног хороож байдаг. Нэг шүдний өвчлөл гэр бүлийн эдийн засагт ямар их хохирол учруулж байгааг хүн бүр мэдэж байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шүдний ихэнх эмнэлэг санхүүгийн боломжтой цөөн тооны хүнд үйлчилж байгаа. Шүдний өвчлөл 200 гаруй өвчний үүсвэр болдог. Өсвөр насны хүүхдийн 66 хувь нь ямар нэгэн суурь өвчинтэй байгаа талаарх судалгаа байсан.  Энэ бүхэн шүд цоорлоос үүссэн байж болно.

Хүүхдийн шүд ургаж эхэлсэн үеэс амны хөндийн эрүүл ахуйг сахих шаардлагатай. Эрүүл байлгах хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгах. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй аж. Мөн аав ээжийгээ даган дурайн шүд угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглэх шаардлагтай. Хоолны давтамж чухал тул ойр, ойрхон чихэр идүүлэхгүй байх, чихэр идсэний дараа шүдийг сайн угааж өгөх, боломжгүй бол ус уулгаж эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлбэл их сайн. Шүд цоорч эхэлвэл цооролт зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь байнга шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж, байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.

 

 

 

 

 

 

ТА ХҮҮХДЭЭ ХАРЪЯАЛЛЫН ДАГУУ ДАРААХ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛНЭ ҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж