Гүржийн Кахети мужийн Панкиссийн хавцалд "Хадори-3" усан цахилгаан станц байгуулахыг эсэргүүцсэн орон нутгийн иргэд дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн ням гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 27 хүн бэртэж гэмтжээ. Тэдний дотор хууль сахиулах байгууллагын 15 алба хаагч байснаас найм нь эмнэлэгт хүргэгдсэн талаар Гүржийн Дотоод хэргийн яам, Эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга Мамука Челизе мэдээлсэн байна.
Тэрбээр товч мэдээлэл хийхдээ "Мөргөлдөөний үеэр гэмтэж бэртсэн 27 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснээс 12 нь орон нутгийн иргэн, 15 нь тусгай албаны ажилтнууд байсан. Цагдаагийн найман ажилтныг эмнэлэгт хүргэсэн" гэжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамнаас иргэддээ хууль сахиулах байгууллагын ажилтнуудын тавьж буй шаардлагыг биелүүлэхийг уриалсан байна. Челизе “Шаардлагыг эс биелүүлвэл хүч хэрэглэнэ, шаардлагатай гэж үзвэл тусгай арга хэмжээ авна” гэж хэлжээ.
Өмнө нь Гүржийн эрх баригчид Панкиссийн хавцлын оршин суугчидтай усан цахилгаан станц барих асуудлаар ярилцана хэмээн мэдэгдэж байсан аж. Иргэдийн жагсаал цуглааны үеэр тус улсын Дотоод хэргийн сайд Георгий Гачариа, Бүс нутгийн хөгжлийн сайд Майя Тшитишвили, Байгаль орчин, хөдөө аж ахуйн сайд Леван Давиташвили нар байжээ.
Тус улсын эрх баригчид өнгөрсөн оны гуравдугаар сараас усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхийг оролдсон боловч хэд хэдэн удаа орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэмдэглэхэд, 2002 онд Гүрж улс терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүс нутаг руу цэргийн хүч илгээж байсан аж.
Эх сурвалж: КР.RU
Холбоотой мэдээ