"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр /2019.04.22/ Төрийн ордон байгуулж байна.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид Төвийн, Баруун, Зүүн, Хангайн, Говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын гурван том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд эхлэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн” гэв.

Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 569 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

2020 ОН ГЭХЭД МОНГОЛ УЛСАД ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ТООГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ

Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ ажлын хүрээнд нэн тэргүүнд Зүүн бүсийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Чингис хаан, Нууц товчоотой холбоотой түүхэн газар нутгуудад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхлүүлжээ.

 Тус чуулганаар “Түүхэн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт”, “Чингис хаан өв соёлын хүрээлэн”, “Аялал жуулчлал 20:1”, “Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил”, “Аялал жуулчлалын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

2018 ОНД  114 САЯ УДАА МОНГОЛ РУУ АЯЛАХ ТАЛААР ОНЛАЙН ХАЙЛТ ХИЙГДСЭН

‘ТАВАН БОГД’ ГРУППИЙН ЗАХИРАЛ Ц.БААТАРСАЙХАН: “Аялал жуулчлал 20:1” сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Монгол Улс руу ирэх нислэгийн тоог нэмснээр жуулчдын тоо, салбарын орлого тус тус хоёр дахин өсөх боломжтой. Дэлхийн улс орнуудын ДНБ-ий 10 гаруй хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг. Улс орнуудын дунджаар тухайн улсад ирж буй 30 жуулчин тутамд нэг  ажлын байр бий болдог.

-НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын газрын судалгаагаар тухайн улс орон жуулчдын визийг чөлөөлөх эсвэл шууд хил дээр олгодог болсноор жуулчдын тоог хамгийн багадаа 30 хувь  нэмэгдүүлж чаддаг.

-Амадеус системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийсэн байна. Үүний 21 сая нь Солонгос улсаас, 13 сая нь Хятад улсаас байна.

-Монгол улстай шууд нислэгтэй таван улсын жуулчдын гадагшаа аялсан тоо 341 сая. Эдгээр таван улсын 341 сая жуулчны 0.3 хувийг  хүлээн авахад 2020 онд нэг сая  жуулчин авах боломжтой.

-Цаг агаар, өв соёлын хувьд ижил төстэй Өвөр Монголчууд 2020 онд 135 сая жуулчин, үүний 35 сая жуулчныг гадаадаас авах бол бидэнд нэг сая жуулчин авах боломж байна. 2018 онд Монгол улсад зочилсон нийт 529 мянга 370 жуулчдын 263 мянга 490 буюу 49.7 хувь нь агаарын тээврээр ирсэн.

2019 онд нийт нислэгийн суудлын тоог 34.4 хувь өсгөснөөр агаарын тээврээр ирэх жуулчдын тоо 56 хувиар өсөх боломжтой. Мөн хил нутгийн бүсчилсэн эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалыг  анхаарч хөгжүүлснээр Монгол Улсын 23 боомтоор орж ирэх жуулчдын тоо нэмэгдэх боломжтой.

2018 онд Монгол улсын хэмжээнд дотоодын гурав, гадаадын таван авиа компани тогтмол нислэг үйлдэж байсан. 2019 онд БНСУ-ын агаарын тээвэрлэгч "Аsiana Airlines" авиа компани үйлчилж эхэлснээр, Монголд ирэх суудлын тоо нийтдээ дөрвөн хувиар нэмэгдэнэ. 2020 онд  нийт суудлын тоог 29 хувь нэмэгдүүлэхийн тулд "Turkish Airlines" авиа компанийн нислэгийн давтамжийг том онгоцоор  долоо хоногт долоо удаа нисгэхэд  70 мянган суудал нэмэгдэнэ.

"Turkish Airlines" зөвхөн суудлын боломжгүйгээс шалтгаалан жилдээ Монгол Улс руу чиглэсэн 100 мянган зорчигчийн суудлын хүсэлтийг цуцалдаг.

Дэлхийн нийт ажиллах хүчний 10 хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт харьяалагддаг. Сүүлийн таван  жилийн хугацаанд дэлхий дахинд шинээр бий болсон таван ажлын байр тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт бий болсон гэдгийг тэрбээр илтгэлдээ онцлов.

ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДСЭН

БОАЖЯ-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.БАЯСГАЛАН: Монголд ирдэг нийт жуулчдын 10 гаруй хувь нь манай улсын түүх соёлыг сонирхож ирдэг. Энэ чиглэлээр 2020 он гэхэд 200 мянга орчим жуулчин ирнэ. Одоо ирж буй жуулчдын нийтлэг аяллын чиглэл нь Улаанбаатар хотоос эхлэлтэй хангай, төвийн бүсэд төвлөрсөн аялал жуулчлалын хэлбэрүүдийг сонгон үйлчлүүлдэг. Энэ чиглэлийн эдийн засгийн үр өгөөжийг бусад бүс нутгууд руу хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Зүүн болон баруун бүс аялал жуулчлалын хангалттай нөөцтэй атлаа аялал жуулчлал сул хөгжиж байна. Дээрх бүсүүдэд ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд аялал жуулчлалын салбараар дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байна. 2018-2019 онуудад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нийт улсын төсвөөс 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Нийт гурван цогцолборыг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингис хааны түүхтэй холбоотой мөн "Нууц товчоо"-д гардаг гол үйл явдлын газруудад аялал жуулчлалын цогцолбор барьж байна" гэлээ.

Улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлжээ.

Мөн аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд төслийн хүрээнд Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийг 19 сая ам.доллараар, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллараар тус тус хэрэгжүүлэх аж.

Эдгээр төсөл нь Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр танин мэдэх, сурталчлах боломжийг бүрдүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж