-БНХАУ, ХонгКонгийн багуудын хожсон манай шигшээ баг хагас шигшээд өрсөлдөх эрхийг авлаа-
Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр "А", "В" хэсгийн хоёр дахь тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодров.
"А" хэсэгт багтсан манай улсын шигшээ баг БНХАУ-ын багтай тоглож, 3:0 онооны харьцаагаар хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж байна. Учир нь өчигдөр эхний тоглолтоо ХонгКонгтой хийж, 3:0-оор хожсон юм. Энэ хэсгээс БНСУ, Монгол хоёр хожилтой болсон бөгөөд тэд маргааш хоорондоо тоглоно.
Харин "В" хэсгээс Япон, Тайваны багууд шалгараад байна. Тэд адил хоёр хожил авсан бөгөөд маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.
V.11 (Даваа гариг)
- 14.00 ХонгКонг vs БНСУ 0-3
- 16.00 Тайвань vs БНАСАУ 3-0
- 18.00 Япон vs Макао 3:0
- 20.00 Монгол vs БНХАУ 3:0 (25:15, 25:15, 25:16)
Маргааш буюу тавдугаар сарын 12-ны өдрийн тоглолтын хуваарь:
- 14.00 Макао vs БНАСАУ ("B" хэсэгт хоёр хожигдолтой)
- 16.00 БНХАУ vs Хонгконг ("А" хэсэгт хоёр хожигдолтой)
- 18.00 Тайвань vs Япон ("В" хэсэгт хоёр хожилтой)
- 20.00 БНСУ vs Монгол ("А" хэсэгт хоёр хожилтой)
Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Учир нь сүүлийн жилүүдэд энэ тэмцээнд оролцоогүй байсан БНАСАУ-ын баг Монголын волейболын холбооны урилгыг хүлээн авснаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээний сугалаагаар “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан.
Багууд хэсэгтээ хоёр тоглолт хийснээс "А" хэсгээс Монгол, БНСУ, "В" хэсгээс Япон, Тайваны багууд шалгараад байна. Эдгээр багуудын хувьд тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш хоорондоо тоглож, хэсгийн нэгдүгээр байраар шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.
Тоглолт маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд 14.00 цагаас үргэлжлэн явагдана. Тэмцээнийг зохион байгуулах хорооноос үзэгчдэд зориулсан тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчилж байна.
Автобус:
- Баянзүрх дүүргийн Жуковын музей
- Сонгинохайрхан дүүргийн Саппоро үйлчилгээний төв
- Сүхбаатар дүүрэг Спортын төв ордон тус тус газраас 13.00, 19.00 цагуудаас "Буянт-Ухаа" ордон руу үнэ төлбөргүй үйлчилнэ.
Энэ удаагийн тэмцээнийг ТВ-9, МNС, Сүлд телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР