Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг ил болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг ил болгожээ

Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг ил болгожээ

Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.04.22/ Блю скай Зочид буудлын Даймонд танхимд болж байна.


Орон нутагт уул уурхайн гэрээ байгуулах асуудлыг 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд тусгасан ч өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчны хэрэгжилт маш сул байгааг мэргэжилтнүүд онцолж байв.

Мөн орон нутагт уул уурхай, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй гэрээ байгуулах ёстой гэж үзвэл ойролцоогоор 3000 гаруй гэрээ орон нутагт байх ёстой. Гэтэл ажлын хэсгийнхэн судалгаа хийгээд үзэхээр орон нутагт 150 орчим уул уурхайн гэрээ ил тод байгаа тухай албаныхан хэллээ.

ВЭБ САЙТАД 14 ТӨРЛИЙН 440 ОРЧИМ ГЭРЭЭ ИЛ ТОД БИЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Лхамжав

“Бид хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй, ил тод болгож болох 14 төрлийн 440 орчим гэрээг вэб сайтад байршуулсан. Эдгээр гэрээний тоо хэмжээг цаашдаа нэмэх болно. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ багтсан. Олон нийтэд ил тод болохгүй уул уурхай, газрын тосны салбарын гэрээ гэж байхгүй. Тухайн гэрээлэгч талын ашиг сонирхолд шууд нөлөөлөх зүйл заалт байгаа тохиолдолд тэрийг нь нууцлах маягаар оруулж ирж байгаа. Харин төрийн захиргааны  байгууллагад хамааралгүй хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон гэрээнүүд хуулийнхаа дагуу нууцлалтай. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд ганц нэг зүйл, заалтын санхүүгийн зохицуулалтыг нууцалсан. Энэ асуудал нь дахин ажлын хэсгүүд гарч, гэрээний хэлцлийн дараагийн шатанд ороод явж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнүүд монгол хэл дээр бичигдсэн” талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Лхамжав ярьсан юм.

ХАМГИЙН СҮҮЛД ГҮНИЙ УУРХАЙН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ИЛ ТОД БОЛГОСОН

Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал

Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал ярихдаа “Энэ вэб сайтад Засгийн газраас байгуулсан томоохон гэрээнүүдээс гадна орон нутгийн түвшинд байгуулсан гэрээ багтаж байгаа. Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдаж буй гэрээнүүд ил тод болсноор олон нийтийн хяналт сайжирна гэж найдаж байна. Тэгэхээр энэ асуудлыг сонирхсон иргэд вэб сайтад нэвтэрч, гэрээнүүдийг бүрэн эхээр нь, тодорхой тайлбартайгаар үзэх боломжтой. Хамгийн сүүлд гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг  байршуулсан. Олон нийт яг гэрээгээ үзэлгүйгээр дуулианаар байр суурь илэрхийлэхгүйгээр бодит гэрээг нь үзээд, мэдээлэл авч, зүйл заалтын дагуу санал бодлоо илэрхийлэх боломж бүрдэнэ. Мөн энэ салбарт хийж буй гэрээний чанарт ахиц гарч, нийтийн эрх ашгийг хамгаалах үр дүнтэй юм”  гэв.

ОРОН НУТАГТ УУЛ УУРХАЙН АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Х.Энх-Отгон

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Х.Энх-Отгон “Манай аймгийн хэмжээнд уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 170 гаруй талбай байдаг. Үүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй аж ахуй нэгж бий. Өнгөрсөн 2018 онд гэрээ байгуулах ажлын хэсгийг аймгийн иргэдийн хурлаар байгуулсан. Энэ хүрээндээ бүхий  л аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, гэрээ байгуулах ажлыг хийсэн. Орон нутагт уул уурхай, эрдэс баялгийн салбарын чадамж маш сул байгаа. Өнөөдөр орон нутагт нийгмийн салбарын агентлагууд олон байдаг ч уул уурхайн салбарын агентлаг гэж байдаггүй. Тэр бүү хэл тамгын газарт нь хариуцсан мэргэжилтэн өөр салбартай давхар хариуцаж байна. Бидний судалснаар уул уурхайн салбарын тойрон 21 асуудал байна. Энэ асуудлуудыг шийдэхэд мэргэжилтэн болон агентлаг дутагдалтай байна” гэв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж