Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.05.11/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөлд Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт, цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулсан нь бодлогын өөрчлөлттэй уялдуулан шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулах боломжийг хязгаарлаж байгаа тул уг бүтцийг ерөнхийлөн тусгажээ. Түүнчлэн цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний эрхийг хязгаарласан ажиллагаа явуулдаг хэдий ч үүнийг зөвхөн байгууллагын хүрээний журмаар зохицуулж ирснийг өөрчлөхөөр тусгажээ. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчилсэн зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан талаар *** танилцуулсан юм.

Хуулийн төсөл боловсруулахдаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1979 оны 34/169 тогтоолоор баталсан Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1989 оны 1989/61 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий албан тушаалтнаас хүч хэрэглэх болон галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчим”, Европын Зөвлөлийн Сайд нарын Зөвлөлөөс гаргасан “Цагдаагийн ёс зүйн тухай Европын хэм хэмжээний талаарх зөвлөмж”, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссаруудын газраас гаргасан “Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах олон улсын хүний эрхийн стандарт”, “НҮБ-ын цагдаагийн хууль сахиулах үйл ажиллагааны стандарт” зэрэг гарын авлага, зөвлөмж, бусад улсын хууль тогтоомжийг судалсан байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж