Осол гарсан уурхайн үйл ажиллагааг 14 хоногийн өмнө зогсоосон байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Осол гарсан уурхайн үйл ажиллагааг 14 хоногийн өмнө зогсоосон байжээ

Осол гарсан уурхайн үйл ажиллагааг 14 хоногийн өмнө зогсоосон байжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн Бямба гарагт осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Уг осол болсон уурхай нь БНХАУ-ын иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" хэмээх уурхай бөгөөд үйл ажиллагааг нь өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг зөвшөөрөлгүйгээр ажиллуулах болсноор гурван иргэн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгдсэн юм байна.

Уурхайн ажилчдын хэлснээр хэд хоногийн өмнө нуралттай байсан гэнэ. Хэргийг сануулахад, 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 20.40 цагт Налайх дүүргийн онцгой байдлын алба болон цагдаа нар ослын газарт ажиллажээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр цооногт орж дарагдсан иргэдийн гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлдсэн байна. Амиа алдсан иргэд 27-47 насны хүмүүс байсан ажээ. Харин ослоос амьд гарсан иргэний биеийн байдал хэвийн байгаа учраас эмнэлгээс гарсан гэдгийг мэдээллээ.

ӨМНӨ НЬ НЭГ ХҮН ТООСГОНД ДАРУУЛЖ АМИА АЛДСАН БАЙЖЭЭ

Дээрх асуудлаар НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс тодруулахад “Дуудлага авсан даруйд газар дээр нь бид шуурхай ажилласан. Осол гарсан “Эрдэнийн хөгжил” ХХК нь далд уурхай хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй уурхай юм. Тус компанийн үйл ажиллагаа 2015 оноос идэвхжсэн. 2004 онд ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан. 30 гаруй га талбайд далд уурхайн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.

2015 онд шалгалт хийхэд уурхайн бэлтгэл ажил эхэлж байсан. Мөн 2017 онд хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж, нэг хүний амь нас эрсэдсэн. Иймээс үйл ажиллагааг нь түр зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2017 онд дахин үйл ажиллагааг шалгахад тухайн далд уурхайн аюулгүй ажиллагаа холбогдох бичиг баримт дутуу байсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл актаа сэргээлгүйгээр лац хөндөж үйл ажиллагаагаа дахин явуулсан байдаг. 2018 онд акт сэргээх хугацаа дууссан байхад актан дээр гарсан зөрчлийг шийдвэрлээгүй хэвээр байсан юм.

Иймээс 2019 онд зөвлөлийн хурлаар оруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл актаар үйл ажиллагааг нь зогсоосон газарт осол гарч гурван хүн эндчихлээ” гэлээ.

НАЛАЙХЫН УУРХАЙД СҮҮЛИЙН АРВАН ЖИЛД  126 ХҮНИЙ АМИА АЛДСАН

НМХГ-ын хэлтсийн дарга И.Баттөгсөөс цөөн асуултад хариулт авлаа. 

-НМХГ-аас тус компанийн үйл ажиллагааг зогсоосон байхад дахин осол гарсан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Налайхын уурхайн асуудалд 14 хоногийн өмнө НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар орсон. Хамгийн тодорхой яригдсан зүйл бол Налайхад нүүрсний олборлож буй аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй, нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа талаар яригдсан. НМХГ-аас Налайхад нүүрс олборлож буй ААН-ийн үйл ажиллагааг бүгдийг зогсоож 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд бид нар дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Үйл ажиллагааг нь зогсоосон байхад эргээд үйл ажиллагаа явуулдаг зөрчил гарч байна. Үүнийг дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичгээр мэдэгдсэн. Тухайн уурхайд хяналт, шалгалт хийхэд улсын байцаагчийн лацыг аваад үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд бид дахин лацдаад үйл ажиллагааг нь зогсоогоод цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Гэтэл долоохон хоногийн дараа нууцаар үйл ажиллагаа явуулж байхад гурван хүний амь эрсэдчихлээ. Налайхын ихэнх уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангасан газар байдаггүй. Бид бүгдийг нь акт тавиад үйл ажиллагааг нь зогсоох талаар дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

-Тус компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Тус компани нь лицензтэй уурхай. Хариуцагч тодорхой учраас эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой байх. Үүнийг цагдаагийн байгууллага шалгана. Хариуцагч тодорхой тохиолдолд хариуцлага хүлээх ёстой.

-Өнгөрөгч оны байдлаар Налайхын уурхайд хэчнээн хүн амь насаа алдсан юм бол?

-Зөвхөн налайх дүүрэгт сүүлийн арван жилийн байдлаар 126 хүний амь нас эрсэдсэн. Гэхдээ эдгээр хүмүүсийн амь нас эндсэнтэй холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй нь харамсалтай. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал талаас нь байнга сануулж хэлдэг ч түүнийг даган мөрддөг уурхай ховор байх.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж