Манай улсад 19 мянган цусны донор бий

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Манай улсад 19 мянган цусны донор бий

Эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас МУЗН-тэй хамтран сэтгүүлчдийн дунд Цусны донорын талаар “Ариун цус- Алтан амь” сэдэвт сургалтыг өнөөдөр МУЗН-ийн байранд зохион явуулсан талаар бид товч мэдээлсэн. Сургалтад хот, хөдөөгийн 20 гаруй сэтгүүлч оролцож “Цусны донорын тухай үндсэн ойлголт”, “Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөн ба Дэлхийн донорын өдөр”, “Хэвлэл мэдээлэл ба Цусны донор” гэсэн сэдвүүдээр лекц сонсч, харилцан яриа өрнүүлсэн юм.

Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр төвшинд хүрсэн боловч хүний цусыг орлуулах бүтээгдэхүүн гарган авч хараахан амжаагүй байна. Хүний цусны бүтцийг олж тогтоосноос хойш ердөө 100 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500,000 гаруй хүн амь насаа алдаж байна. Тэдгээрийн дотор 150.000 эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн явцад амь насаа алдаж байна. ДЭМБ-ын тооцоолсноор аливаа улсын нийт хүн амын 3 хувь нь Цусны донорын хөдөлгөөнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл манай улсын хувьд энэ үзүүлэлт ердөө л 0,7 хувь /19,000 орчим хүн/ байгаа нь тун хангалтгүй гэсэн үг. Иймд сайн дураараа донорын хөдөлгөөнд нэгдэж, авлагагүйгээр цусаа өгөх нь хүнлэг, энэрэнгүй ёсны хамгийн том илэрхийлэл болох учиртай гэж МУЗН-ийн Цусны донорын хөтөлбөрийн зохицуулагч Д.Энхцэцэг, “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар тэмдэглэн хэллээ.

Сүүлийн жилүүдэд гамшиг ослын тоо олширч байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Газар хөдлөлт гэх мэт болзошгүй аюулын үед яаралтай хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүний нөөц бараг байхгүй гэж МУЗН-ийн Ерөнхийлөгч Л.Одончимид хэлж байна. Цусны донорын хөдөлгөөнийг дэмжих талаар төр, засгийн зүгээс шаардлагатай хууль, тогтоомжууд гардаг ч хэрэгжилт нь хангалтгүй байна. 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд “Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өрнүүлэх сургалт, сурталчилгаанд  шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана” гэж заасан боловч бүтэн долоон жил өнгөрсний дараа ердөө л 3,8 сая төгрөг төсөвлөжээ. Одоо энэ мөнгөний хэмжээ 20 сая төгрөг болж нэмэгдсэн ч төдийлөн хангалттай байж чадахгүй. Гэтэл УИХ-ын нэг гишүүний тойрогтоо захиран зарцуулах мөнгөний хэмжээ хэд билээ.

Өнөөдөр байсхийгээд л мессенжер хаягуудаар цусаа хандивлахыг уриалсан мэдээлэл цацагдах боллоо. Ийм байдлыг олон дахин давтахгүйн тулд хүн бүр Цусны донорын хөдөлгөөнд нэгдэх нь чухал юм. Энэ үйлсийг манлайлж, олон нийтэд бодит мэдээлэл түгээхэд сэтгүүлчдийн үүрэг их учраас жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр болдог Дэлхийн цусны донорын өдрийг угтаж МУЗН, “Оюуны дархлаа” ТББ-аас нийт сонин, хэвлэлийн сэтгүүлчдийн “Ариун цус- Алтан амь” гэсэн шилдэг бичлэгийн уралдаан зарлахаар болжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж