Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотод жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчидөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.
Манай бөхчүүдээс 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар нар аваргын алтан медалийг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч мөнгөн медалийн эзэн болов.
73 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлсэн Ц.Цогтбаатар БНАСАУ, Бахрайн, Австрали, Ираны бөхчүүдийг ялж, шигшээ барилдаанд дэлхийн аварга, БНСУ-ын Ан Чан Римыг нэмэлт цагт буулган авчээ.
81 кг-ын жинд О.Ууганбаатар Туркменистан, Узбекистан, Казахстаны бөхчүүдийг ялснаар тивийн аварга болов.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
35 орны жүдочид оролцож буй тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын баг тэргүүлж эхэллээ.
АЛТАН МЕДАЛЬ:
- Ц.Цогтбаатар /73 кг/
- О.Ууганбаатар /81 кг/
МӨНГӨН МЕДАЛЬ :
- Л.Сосорбарам /эмэгтэй, 52 кг/
- Б.Ганхайч /эмэгтэй, 63 кг/
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
- Э.Ариунболд /60 кг/
- Ё.Басхүү /66 кг/
- Л.Энхрийлэн /эмэгтэй, 57 кг/
ШАГНАЛТ БАЙР:
Н.Мөнхбаяр /66 кг, V байр/, Л.Өнөболд /60 кг, VII байр/
Холбоотой мэдээ