Ж.Навч: Би шилдэг сэтгүүлчдийн дунд өсч бойжсон | News.MN

Ж.Навч: Би шилдэг сэтгүүлчдийн дунд өсч бойжсон

Ж.Навч: Би шилдэг сэтгүүлчдийн дунд өсч бойжсон

Ж.Навч: Би шилдэг сэтгүүлчдийн дунд өсч бойжсон

Монголын Радио хэмээх их айлын үүдийг өргөж, өрхийг татаж явсан оюунлаг олон эмэгтэйн нэгтэй уншигч таныг уулзуулъя гэж бодлоо. Сэтгэлгээ өвөрмөц, үг яриа ундармал, туршлага зузаан сэтгүүлчтэй ярилцана гэдэг миний хувьд уран мэх, сүр хүч, бяр чадлаар илүү учраа бөхөөсөө сүрдэн халгах мэт амаргүй байлаа.Монголын Радиогийн нийгэм, эдийн засгийн “Шинэ эрин радио станц”-ын сурвалжлагч, мэдээллийн “Хурд” агентлагийн захирал ОХУ-ын Эрхүү муж дахь тусгай сурвалжлагч, Монголын радиогийн хөдөө орон нутаг дахь сурвалжлагчдын дарга гээд хариуцлагатай ажилд 40 шахам жил зүтгэсэн  сэтгүүлчийн нэг бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Төрийн шагналт кино найруулагч Д.Жигжид агсны охин Навч юм. Түүний амьдрал, уран бүтээлийн түүхэн замналаас өгүүл юү.

Монголын Радиогийн босго өндөр

-Их айлын өндөр босгыг давах гэж их л зовсон хүн дээ би.  Босго өндөртэй гэж ярих нь үнэн юм билээ. Миний бага насанд телевиз гараагүй, радио л  сонсоно. Гэртээ бага насаа өнгөрүүлсэн болохоор гэр орноо цэвэрлэх, дүү нараа харах зууртаа радиогоор үлгэр, дуу  их сонсоно. Би чинь 10 хүүхэдтэй айлын том охин.  Аав ээжтэйгээ л дүү нараа өсгөж өндийлгөлцсөн хүн.  Бас “Соёлч радио станц” гэсэн нэвтрүүлэг их сонсоно. Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу… гэдэг дуугаар өглөө болгон эхлэх “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг ч тасралтгүй сонсоно. Энэ сайхан нэвтрүүлгийг бэлтгэдэг сэтгүүлч Б.Туяа, Д.Амбасэлмаа эгч нар шигээ сурвалжлагч болохсон гэж бодох үе санаанаас ер гарахгүй хэмээн ярих энэ хүн бол миний “Амьдрлын тойрог” булангийн зочин Ж.Навч юм. Биднийг ойр зуурын зүйл ийн ярих зуурт Монголын радиогоос ярьж байна “Сэрэмжлүүлэг мэдээ” сонсоно уу гэсэн нэвтрүүлэгчийн  яриа чих дэлсэв. Хаана яриад байна хэмээн нүдээрээ гүйлгэн харах үед Навч гуай хаалганы дээр байрлах радиогийн дэргэд очиж дууг нь чангалав. Бидний хүүхэд байхад айл болгонд байдаг шугамын радио байна лээ. Улаанбаатарын Бага тойргийн айлуудын шугамын радиог таслаагүй үлдэж. Ж.Навч гуай Радио миний амьдралын салшгүй хэсэг. Нөгөө талаар радио бол улс орны стратегийн чухал мэдээллийн хэрэгсэл. Монголын өнцөг булан бүрт суугаа иргэн бүрт онц яаралтай мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг гэдгээр бусад хэрэгслүүдээс хамгийн шуурхай нь гэлээ. Бас Монгол Улсын их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг “ Багш, утга зохиолын ажилтан” мэргэжлээр зохиолч Х.Зандраабайдий, С.Лочин, С.Дулам,С.Каржубай, яруу найрагч Л.Лувсандорж болон ардын багш С.Цэгмид, Ш.Ойдов, Барсүрэн, Д.Сэргэлэн, Чимидцогзол, Ц.Ломбодагзал, Бүжилхам гээд олон сайхан нөхөдтэйгөө төгссөнөө тэр хэзээ ч мартдаггүй гэв. Дархан хотын 10 жилийн I дунд сургуульд багшлах томилолт авчээ. Гэвч багшийн мэргэжил бахархалтай сайхан ч багаасаа  сэтгүүлч болох санаатай байж. Энэ тухайгаа аавдаа хэлэхэд жилийн дараа буюу 1974 онд аав нь түүнийг Монголын радио, телевизийн ажилтан болох анхны гарааг бэлтгэдэг Теле кино үйлдвэрт ассент найруулагчаар оруулж өгснөөр түүний Монголын радиотой амьдралаа холбох эхлэл нь болжээ. Тэгэхэд, теле кино үйлдвэрт /одоогийн UBS телевиз/ МУУГЗ  кино найруулагч Хишигт, МУУГЗ зураглаач Агваанрэнцэн, Г.Дэлгэр, авьяаслаг кино найруулагч Д.Содном, Д.Долгор, Ц.Юндэндорж, зураглаач Чүлтэм, Баяр, Тогтох, зургийн дарга Тэрбиш, нүүр будагч Аюуш зохиолч Дожоодорж, МУУГЗ зураач Т.Гоош…гээд уран бүтээлч сайхан хүмүүсийн дунд хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ үед кино найруулагч Д.Содном, Д.Долгор нарын туслахаар ажиллаж телевизийн анхны уран сайхны кино “Өвлийн ойд” болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,оёдолчин Ц.Амгалангийн тухай баримтат кино бэлтгэхэд туслажээ. 1974-1977 оны теле кино үйлдвэрийн бүх л киноны зураг авалт болон Монгол телевизийн мэдээнд Сүхбаатартай хамт /ММ агентлагийн хариуцлагатай редактор/ гүйж  одоогийн Улаанбаатар телевизийн анхны нэвтрүүлгийг бэлтгэдэг байжээ. Ингэж явсаар Монголын Радиогийн мэдээний редакцид олон шалгуурыг давж байж туслах найруулагч болжээ. Ажлын хажуугаар “МОНЦАМЭ” агентлагийн номын сангийн катологи, картыг цэгцтэй болгохыг санаачилж удирдлага, хамт олноосоо өндөр үнэлэлт авч байжээ. Энэ ажлыг долоон жил хийсэн ч сэтгүүлч болох мөрөөдлөө орхиогүй гэдэг.

Туслах найруулагчаас сурвалжлагч болсон нь

Радиогийн ахмад найруулагч Ням-Осор, Алтангэрэл, С.Бүргэд, П.Цагаан нарынхаа удирдлага дор ажиллаж, мөн ч их юм сурсан даа. Тэднийхээ хүнлэг даруу, ажилсаг чанарт одоо ч баярлаж явдаг. Монголын Радиогийн “Газар тэнгэр”, “Малчин”, ”Ургацын далай” гээд туршлагатай сэтгүүлчдийн бэлтгэсэн олон сайхан нэвтрүүлгийг найруулж байв. Тэр үед “Монцамэ”, “Монголын радио” хоёр нэг айл байхад, Пүрэвжав, Мятав, Д.Раднаарагчаа дарга нарын дэмжлэг тусламжтайгаар мэдээний редакцид сурвалжлагчаар ажиллах томилолт авч хүсэл мөрөөдөл минь  биелэсэн. Радиогийн мэдээний албаны даргаар Намхайн Дорж гуай ажиллаж байлаа. Уур уцаарыг мэдэхгүй, хүний хичээл зүтгэлийг зөв үнэлж чаддаг, сэтгүүлчийн арвин туршлагатай, алив зүйлд нягт нямбай энэ буянтнаас олон хүн их ч зүйлийг сурсан гэж тэрээр хуучилсан юм. Хожим нь Навчаад Монголын Радиогийн “Хурд” агентлагийн ерөнхий захирлын албыг хашихад сурсан мэдсэн нь их хэрэг болж байжээ. Г.Баатарчулуун багш шигээ сурвалжлагч болох гэж их мөрөөднө. Ерөнхий редактор П.Сандуйжав, Л.Гүнсэн нарын өрөөнөөс улаан цоохор болтол нь засуулсан материалаа бариад, эфирт уншуулах цаг тулчихсан мэнчийтлээ улаачихсан “амьтан” шатны гишгүүр алгасан харайж, тэвдэж сандран гүйх үе зөндөө л байсан даа. Ямар ч мэдээ нэг уншилтаар “эфирт” уншигдаж байгаагүй. Хүний нэр ус, албан тушаалыг зөв хэлэхээс эхлээд, хариуцлага, сахилга бат маш өндөр байсан хэмээв. Төрийн ордонд болох үйл явдлыг сурвалжлах эрх хаа нэг олддог байлаа. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гээд төрийн тэргүүний өрөөнд болох үйл явдлаас эхлээд орон нутгаар ажлаар явахад нь дагаж, сурвалжлах, мэдээллээ утсаар шуурхай өгч явсан үеээ бодохоор их хариуцлага үүрч явж дээ гэж боддог юм гэж хэлнэ лээ.

Монгол хүн бүхнийг хагартал баярлуулсан нэгэн сайхан үйл явдлыг сурвалжлах үүрэг хүлээж байснаа өнөө дурсахад таатай байна. Монгол хүн сансарт ниссэн түүхт өдөр, хариуцлагатай редактор Ш.Батмөнх нарын олон хүн Москвагаас мэдээ, сурвалжлага хүлээж авахаас эхлээд шөнөжин ажиллахад хамт ажиллаж, өглөө төв шуудангийн сонин түгээх цэг дээрээс сонин худалдан авагч нартай уулзаж, баярласан сэтгэлийн үгийг нь соронзон хальснаа буулгаж, эх орон даяар нэвтрүүлж байлаа. Тэр үед хариуцлага өндөр тавигддаг байсан болохоор улс төрийн товчооныхны овог нэр, олон албан тушаалыг нь шүлэг шиг л цээжилнэ. Редактор Г.Баатарчулуун, Д.Дэмбэрэл гуай хоёр лавлах товчоо л гэсэн үг. Нэг удаа нэгэн том үйл явдалд явж ирээд Г.Адьяа даргын нэг албан тушаалыг буруу бичээд, тэр үеийн дарга нарын хурал буюу коллегийн хурлаар орох шахаж, туршлагатай сайхан редакторууд л амь аварсан юмдаг хэмээн сэтгүүлч болох гэж байгаа бидэнд анхаарч хэрэгжүүлэх олон зүйлийг ярьсан юм.

“Хэрэглэгч Хаан” нэвтрүүлэг хийж яваад ханьтайгаа учирчээ

Эмээтэйгээ үргэлж шулганан ярьж байдаг зээ хүү бид хоёрын ярилцахыг хүлээж тэвчихээ байсан бололтой гүйж ирлээ.

-Энэ таны зээ хүү юү?

-Тийм, миний бага охины хүү Ананд, намайг эмээ болгосон хүн дээ.Одоо хоёрдугаар ангийн сурагч. Өчигдөр бид хоёр дэлгүүр орлоо. Нэг харсан алга, дээгүүр доогуур гүйгээд алга болчихдог зантай л даа. Нэг харсан над шиг шар тэрэг чирчихсэн дотор нь өөрийнхөө авах ундаа,жипс,тараг гээд нэлээн юм хийчихсэн ирснээ:  -Эмээ хоёулаа касс дээр уулзах уу гэнэ. Өөрийнхөө дуртай юмыг өөрөө сонгоод авчихсан мөнгөө төлүүлэх гэж байхгүй юу. Ийм л хөөрхөн амьтан, амьдралын минь баяр баясгалан болоод байгаа энэ дээ гэлээ. Түүнийг тэтгэвэрт гарах жил бага охин нь  хөөрхөн зээ хүү төрүүлжээ. Хүргэн, охин хоёр хоёулаа эмч учраас цаг наргүй ээлжийн ажилтай. Хүүг эмээ, өвөө хоёр өсгөжээ. Зарим хүн Навч тэггэвэртээ суугаад хүүхэд төрүүлжээ гэж ярьдаг байсан гэнэ.

Ж.Навч нэг хүү, хоёр охинтой. Хүү нь АНУ-д ажиллаж амьдардаг.Том охин нь барилгын инженер, бага нь хүний их эмч. Түүний ханийг С.Буянхишиг гэдэг. Тэд 30 жил амьдарч байгаа сайхан гэр бүл. Анх “Хэрэглэгч хаан” нэвтрүүлгээ бэлтгэж байхдаа  Нийслэлийн “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн үүдийг мөн ч  их элээсэн дээ. Зах зээлд дөнгөж шилжсэн үе болохоор хуурамч бүтээгдэхүүн их орж ирнэ.Тэгж явахдаа ханьтайгаа учирсан. Миний хань тэр үед Нийслэлийн “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн албаны даргаар ажилладаг байсан. Одоо ч ажилласаар яваа гэсэн юм.

-“Хэрэглэгч та хаан”, “Бор ходоод хийгээд амьдрахуйн учир”, “Ноолуур номхон эд биш”, “Зам дагасан амьдрал”,  “Иод, давс, хүмүүн гурав” гэсэн олон нэвтрүүлгийн ард нэвтрүүлгийг бэлтгэсэн Жигжидийн Навч гэсэн нэрийг радио сонсогчид маань олонтой сонссон байх. Сэтгэлээс гардаггүй сайхан дуртгал олон байгаа биз гэж түүнээс асууснаар бид хоёрын яриа үргэлжилсэн юм. Бэлтгэж байсан нэвтрүүлгийнхээ нэрийг сонсох сайхан байдаг гэлээ. Нэг удаа хөдөө ажлаар явж байгаад нэг айлаар орсон чинь – өө,та Радиогийн Навчаа юу гэж айлын авгай асууж гэнэ. Дуу хоолойгоор таньсан нь тэр ажээ. Хэрэглэгч олныхоо төлөө “Гологдол бүтээгдэхүүний мухлаг” ажиллуулж, шүүмжлэлийнхээ мөрөөр дахин сурвалжилж байснаа санахад сайхан байдаг гэсэн. Радиогийн үйлдвэр, худалдаа эдийн засгийн редакцид сэтгүүлч Б.Бумхүү, Д.Нямаа Харцага, Ц.Дорж, Рэнчиннямбуу гэсэн хөдөлмөрч, авьяаслаг сэтгүүлчид ажиллаж байснаа тэрээр нэг бүрчлэн хэлж хүн орхиогүй биз гэж байсан юм. Радиогийн сурвалжлага нэвтрүүлэг хэрхэн бүтсэн тухай түүний дурсамж яриа бүхнийг энд багтааж чадсангүй.

Шижигнэсэн  эрчүүдтэй ажиллах сайхан байсан

Яриад байвал сайхан дурсамж их бий дээ. Монголын радиогийн хэлтэс, редакц  шинэ зохион байгуулалтад шилжихэд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн редакц нэгдэж, Радиогийн нийгэм, эдийн засгийн “Шинэ эрин” радио станц болсон юм. Станцын нэр өгөхөөс л эхлээд, нэгдүүлж чадсан хүн бол зохиолч, сэтгүүлч Пүрэвжавын Баярсайхан. Бас л гайхалтай сайхан хүн байсан. Даанч эрт “бурхан зохиол бичүүлэх”-ээр аваад явчихсан даа гэж хэлээд хэсэг дуугүй болсон юм. Эргэн тойрон зохиолч, яруу найрагчид шүлгийн таван мөргүй мөртлөө эн зэрэгцэж, бичсэн бүхнийг нь амаа ангайн сонсох анхны сонсогч болж, баясаж сууснаа дурсахад сайхан байсан гэж ярих нь нэг л даруухан нямбай гэлтэй. Монголын Радиогийн нийгэм, эдийн засгийн редакц нь улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах түүчээ болж ямагт түрүүнд нь дуугарч байдагсан. Зохиолч, сэтгүүлч П.Баярсайхан даргатай манай редакцад Т.Бямбадорж, Дан.Нямаа, Л.Мөнхтөр, Д.Шагдарсүрэн яруу найрагч Ч.Мягмарсүрэн, Ц.Чимиддорж, Соёлын гавъяат Д.Дашдамба, зохиолч Бидэрийн Баярсайхан, Доржзовдын Энхболд, яруу найрагч Ц.Бавуудорж, сэтгүүлч М. Саранчимэг гээд сайхан уран бүтээлчидтэй гар сэтгэл нийлэн ажилласан он жилүүдээ яахан мартах билээ. Хаялга, өглөг сайтай, буян хурсан хамт олон байсан гэж дурслаа. Уран бүтээлч нөхдийнхөө тухай ихийг өгүүлэх нь мэдээж хэдий ч өөрийнх нь шинэ бүтээл санаа, шилдэг бүтээл радио хөрөг, найруулал бэлтгэсний дийлэнх нь МҮОНР-ийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгааг тэрээр дуулгасан.

“Шинэ эрин”-ний албанаас дэвшиж “Хурд” агентлагийн захирал болсон

-Би чинь мэдээ бичиж л сэтгүүлч болсон хүн. Мундаг зохиолч ч мэдээ бичиж чаддаггүй юм гэж мэдээний мастер ахмад сэтгүүлчид ярьдаг. Үүнийг би үнэн гэж боддог. Нэг л юм нухаад байхгүй. Өдөр бүр шинэ үйл явдалтай учирч, цаг нартай уралдаж явдаг улс чинь мэдээний сурвалжлагчид шүү дээ гэв. Нээрээ л өглөө бүхэн шинэ мэдээтэй учирна гэдэг бас л хосгүй ховорхон мэргэжил. Хагас цэрэгжилтийн байдалд ажиллах ёстой юм байна гэдгийг ахмад үеэсээ хатуу ойлгосон. Радиогийн мэдээний алба нэг байхад түүнийг сурвалжлагчийн гараагаа эхэлсэн гэж дээр хэлсэн. 1998 онд Радиогийн “Хурд” агентлагийн ерөнхий захирлын хүндтэй бөгөөд хариуцлагатай хатуу албыг хүлээж авлаа. Нийгмийн салхи өөрчлөгдөж байсан нь мэдрэгдэж байж билээ. Хасбазар, Ө.Мөнх, Б.Эрдэнэ, Д.Шагдарсүрэн, О.Тунгалаг гээд туршлагатай нөхөд маань миний баруун гар болж байлаа. Цагдаа, шүүхэд дуудагдаж ч явлаа. Бид мэдээллийн “Хурд” агентлагийг хурдтай, хүчтэй болгоход ёстой зангидсан гар мэт нэг баг болж, гайхамшигтай ажиллуулсан хүн бол яах аргагүй манай Ж.Навч гэж түүний мэргэжил нэгт сэтгүүлчид ярьж байсан. Олон хүнийг ч зовоосон байх. Гэхдээ олон түмнээ мэдээллээр баярлуулж байлаа. Эх орондоо болон дэлхийд болж байгаа гол гол үйл явдлыг цаг алдалгүй шуурхай мэдээлэх зорилгоо амжилттай биелүүлж байсныг удирдлагын үнэлэлт, шагналын хур, сонсогчдын талархал  Монголын Радиогийн тэргүүний хамт олны эгнээнд түүнийг хүргэж чадсан юм. Зах зээлийн нийгэм зах зухаасаа цэнхэртэж, нийгэм тэр аяараа давалгаалж эхэлж байх үед үнэн бодитой мэдээллийг шуурхай хүлээж авах их хүсэл, шаардлага байгааг анхаарч “Мэдээллийн шуурхай алба”-ыг  1998 оны нэгдүгээр сарын 16-наас амралтын өдрүүдийг ч алгасалгүй ажиллуулж эхэлсэн гэдэг. Улсынхаа дархан хилээс эхлээд цаг агаар, цагдаагийн мэдээлэл гээд 24 цагийн хоорондох ажил, амьдралын онцгой мэдээллийг шуурхай мэдээлдэг болсон  байв. Монголын радиогийн “Хурд”-ынхан гэдэг цаггүй ажилтай, загас шиг унтдаггүй юм байна гэж сонсогчид талархаж байсны зэрэгцээ үнэн үгэнд эмзэглэсэн сүрдүүлсэн үг ч сонсч явснаа нуугаагүй. ОХУ-ын Эрхүү хотноо суух Монголын радиогийн тусгай сурвалжлагчаар томилогдон ажиллах хувь түүнд тохиожээ. Алс Дорнодын нийслэл Эрхүү мужид Монгол Улсын үүх түүхтэй холбоотой газар нутаг нэн их. Хүн зоны ахуй амьдрал ч баялаг түүхээрээ холбоотой орос нөхөд сэтгэлд нь амьдралын гэрэл гэгээ болж  үлдсэн гэдэг.

Аавынхаа 100 насны ойг тэмдэглэх зарлигийг тэсэн ядан хүлээж байна

“Монгол киноны загалмайлсан эцэг” Д. Жигжид найруулагчийн ууган охин Навч тэнгэрлэг сайхан аавынхаа тухай бичсэн “Аавын минь нөмөр” дурсамжийн номыг уншиж үзэхэд “Жигжид гуай, нөмөр нөөлөгтэй хүн байсан. Түүний нөмөрт гэргий хүүхэд нь төдийгүй Монголын кино урлаг тэр чигээрээ багтаж байсан юм” гэж уг номын редактор, зохиолч Х.Зандраабайдийн хэлсэн үг байна лээ. Д.Жигжид найруулагч Монголын кино урлагт “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Үер”, “Өглөө”, “Тэмцэл”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүний төлөө”, “Жаргал даахгүйн зовлон”, “Өнөр бүл”, “Хүргэн хүү”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гээд Монголын киноны урлагт жин дарахуйц олон бүтээл туурвисныг уншигч та юу эс андах билээ. Тэр их хүний үгийг сонсч, гарт нь хөтлүүлж өссөн ууган охин сэтгүүлч Навчийн хувьд аавынхаа тухай бичихгүй бол хэн бичих юм. Одоо хэлэхгүй бол хэзээ хэлэх билээ. Хүүхэд ахуйгаас нь эхлээд хүний орчлонгоос тасрах хүртэлх их орон зайн намтар түүхийг охин нь бичсэн болохоор миний нурших лүүц. Харин “Аав эх орноо л бодож байсан юм” гэсэн энэ бүлэг нь өөрийнхөө өр зүрхний бэтгэрлийг, аавынхаа тэртээх цөхрөл гомдлыг тайлж бичсэн нулимстай дурсамж санагдлаа. Зуу насалсан буурлууддаа зургаадай таяг тулуулж, хүндэтгэлийн дээдийг үзүүлдэг уламжлал монголчуудад бий. Тэр дундаа алдар гавьяатан, авьяас билэгтнүүдийнхээ 100 насны тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэдэг нь хүн төрөлхтний нийтлэг жишиг. Өнөөдөр Засгийн газрын тогтоол хараахан гараагүй учир хэзээ тэмдэглэн өнгөрүүлэх цаг хугацааг товлож амжаагүй гэсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Марал 2019-04-22 66.181.177.98

Үкэ мөн атаархав аа !

Avatar

иргэн 2019-04-22 202.179.24.253

хичнээн Мундаг улсуудын дэргэд Өсөж бойжсон гээд Сайн Хүн болчихгүй шүү дээ ганцхан Хувь хүний Өөрийнх нь хичээл зүтгэл хэрэгтэй дээ ТҮҮНЭЭС БИШ сАЙН ХҮНИЙ нЭРИЙГ ГУРАВ худалдана гэдэг шиг юмс яриад байвал цаашаа явахгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж