Хүмүүжигчдэд мэргэжил олгож, үйлдвэрлэл явуулж байна | News.MN

Хүмүүжигчдэд мэргэжил олгож, үйлдвэрлэл явуулж байна

Хүмүүжигчдэд мэргэжил олгож, үйлдвэрлэл явуулж байна

Хүмүүжигчдэд мэргэжил олгож, үйлдвэрлэл явуулж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар харьяа хорих анги, байгууллагууддаа үйлдвэрлэл эрхэлж, ял эдэлж буй хүмүүсийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хохирол төлбөрийг нь барагдуулахад онцгойлон анхаарч байна. Өмнө нь барилгын материал, мод, модон эдлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол, гар урлалын чиглэлээр хөдөлмөр эрхлүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд  олон чиглэлээр сургалт явуулж, мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн харьяа анги, салбаруудынхаа үйлдвэрийн газарт тоног, төхөөрөмжийн өргөтгөл хийж, заримыг нь шинээр суурилуулсан байна. Ингэснээр нийт 85 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл  эрхэлдэг болжээ.

Ял эдэлж буй хүмүүсийн 65-70 хувь нь ажлын байртай

Хоригдлуудыг ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болон бусад байгууллагуудын нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулж, “Мэргэжлийн үнэмлэх” болон “Чадамжийн гэрчилгээ” олгодог.

ШШГЕГ-аас 2015 онд гутлын болон зөөлөн оёдол эсгийний үйлдвэр, 2016 онд ажлын бээлий, шохойн бутлуур, тавилгын үйлдвэр, мөн 441 дүгээр хорих ангид төмөр хийц, эдлэлийн үйлдвэрийг Туркийн олон улсын нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. 2017 онд малын тэжээлийн үйлдвэр, цегейк малгайны үйлдвэр, 2018 онд бичил ноос угаах үйлдвэр, арьсан сувинер, арьсан эдлэлийн үйлдвэр, модон бүтээгдэхүүний цехийг тус тус шинээр байгуулж, бүрэн ашиглалтад оруулсан юм.

Орон нутагт Орхон, Хэнтий аймгийн хорих ангид улаан тоосго үйлдвэрлэдэг. Мөн ажлын бээлийний ч үйлдвэр бий. Дархан-уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу 455 дугаар хорих анги  эсгий, эсгийний үйлдвэрлэл, Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих анги ноос угаах үйлдвэртэй. Харин Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангид хүнсний ногоо тариалж байгаа. Өмнөговь аймаг дахь ШШГГ-т орон нутгийн хөгжлийн сантай хамтран жилд 3000-3500 мод, модон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай “Мужаан цех” байгуулаад байгаа юм.

Өдгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Засгийн газраас баталсан үйлдвэрлэлийн чиглэлийн дагуу өөрийн харьяа дөрвөн төрийн өмчит үйлдвэрийн газар, 18 хорих ангид ийнхүү үйлдвэрлэл явуулж  байна. Үр  дүнд нь хорих  ангид ял эдэлж буй хүмүүсийн  70 хувийг ажлын байртай болгож чаджээ.

Өнгөрсөн онд харъяа  хорих анги, байгууллагын хэмжээнд  ял эдэлж буй 2508 хүнийг ажлын байраар хангаж, 686.7 сая төгрөгийн цалин олгосон бөгөөд хохирсон иргэдийн гэм хорын төлбөрт 164.9 сая төгрөгийг хөдөлмөрийн хөлсөөр нь төлүүлжээ. Тэгвэл авсан  цалингийнхаа тодорхой хувийг  ар гэртээ явуулдаг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэдэг хүн ч цөөнгүй гэнэ. Ингээд ярихаар зарим хүн “Хэрэг хийчихээд шоронд төрийн мөнгөөр тэжээлгэж бас болоогүй хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваад байж байдаг. Гэтэл нийгэмд ажил олдохгүй аргаа барж яваа хүн бий” гэх зэргээр  шүүмжилж магадгүй.

Тэгвэл хөдөлмөр эрхлүүлснээр ял эдэлж буй хүмүүжигчдийн дунд гардаг зөрчил багасдаг. Тэдний хувьд ял эдэлж байх хугацаандаа мэргэжилтэй болох,  хөдөлмөрийн хөлс нь өөрт нь болон ар гэрт нь нэмэртэй байх, өр төлбөртэй зарим нь бусдад учруулсан хохирлоо барагдуулах зэрэг тустай. Түүнчлэн  суллагдан гараад нийгмийн амьдралд шилжихэд “Би мэргэжилгүй” гэх юм уу,  “Юу ч чадахгүй яана” гэж хөл алдахгүйгээр амьдралаа аваад явчих ухамсар төлөвшлийг олгодог төдийгүй давтан гэмт хэрэг үйлдэх тоо ч буурдаг ажээ.

Нийслэлийн хэмжээнд томоохон үйлдвэрлэл явуулж буй ШШГЕГ-ын харъяа байгууллага бол 409 дүгээр хаалттай хорих анги юм. Энд  ял эдэлж буй хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцахаар очиход тус ангийнхан олон улсын  стандартад нийцүүлэн барьж,  2018 онд ашиглалтад оруулсан шинэ байрандаа орсон байв. Мөн үйл ажиллагаа нь жигдэрсэн байлаа. Тус хорих анги 400 гаруй хүмүүжигчтэй. Тэднээс 337 нь ажил эрхэлж,  цалин хөлс авдаг. Хөдөлмөр эрхлэх боломжгүй эрүүл мэндийн асуудалтай  5-6 хүн эмчлүүлж байгаа гэнэ. Хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгодог бөгөөд 2018 онд тус анги хүмүүжигчдэд  317 сая төгрөгийн цалин  олгосноос  46 сая төгрөгийг хохирол төлбөрт нь суутгасан. Хохирол төлбөргүй нь цалингаа нэрийн дансандаа байршуулан хуримтлал үүсгээд суллагдахдаа авдаг хэмээн 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан ярьж байна.

Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цагтай уралддаг

409 дүгээр анги гутлын жижиг үйлдвэртэй. Өдөрт 100 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 37-40 хүмүүжигчийг ажлын байраар хангадаг.

409 дүгээр хаалттай хорих ангид үйлдвэрлэл хэрхэн явагдаж байгааг өөрийн нүдээр харж сурвалжлахаас өмнө оёдол, эсгий, эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид  байдаг байх гэсэн ойлголттой явсан юм. Гэтэл тус ангийн үйлдвэрийн газруудтай танилцахад оёдлын машины ард дан эрчүүд суун ажлыг яралзуулж байлаа.

Энд 409 дүгээр хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэр, мод модон эдлэлийн үйлдвэр, ШШГЕГ-ын харьяа “Газар ивээл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын гутал, сүлжмэлийн үйлдвэр, эсгий төөнүүрийн цех, мөн гурван аж ахуйн нэгжтэй хамтран эсгий урлал, сүлжмэлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд байрлан хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Тухайн үйлдвэрт ажиллаж байгаа хоригдлуудыг ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө болон бусад байгууллагуудын нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулж, “Мэргэжлийн үнэмлэх” болон “Чадамжийн гэрчилгээ” олгодог байна.

Мөн тэд хоригдлуудын дотуур өмд, цамц, майк, ажлын хувцас оёж хорих ангиудын  дотоодын хэрэгцээг хангадаг. Сүлжмэл эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдтэй гэрээтэй ажилладаг. Анх нэг цамц оёх гэж бүтэн долоо хоног болж байсан бол ажилдаа чадавхжиж өдөрт 5-6 цамц гаргадаг болсон гэнэ. Эсгий эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрт 20 хүн ажилладаг бөгөөд гаргаж буй бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр байгаа эсгий гутал, бойтог, углаашнаас чанарын хувьд хамаагүй илүү болох нь бариад үзэхэд л мэдэгдэж байна. Түүнчлэн гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, өрх оёж зах зээлд гаргадаг юм байна.

409 дүгээр хаалттай хорих анги гутлын жижиг үйлдвэртэй. Тус үйлдвэр өдөрт 100 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор 37-40 хүмүүжигчийг ажлын байраар хангажээ. Үйлдвэрт нь мэргэжлийн технологич ажилладаг. Анх  үйлдвэр  ашиглалтанд  ороход  30 хүмүүжигчийг сургалтад хамруулан сертфикат олгожээ. Түүнээс өдгөө бүх шат, дамжлага дээр ажиллаж, нарийн мэргэшиж туршлагажсан 10-аад хүмүүжигч бий гэв. Тэдний нэг болох Б  37 настай, гутлын үйлдвэрийн бүх шат дамжлагад ажиллаж ирсэн. Эндээс гарахаараа хувиараа гутлын жижиг үйлдвэр байгуулна гэж боддог. Үүний тулд яавал чанартай сайн гутал үйлдвэрлэх вэ гэдэгт  суралцсаар байгаа  гэв.

“Тэвчээрт суралцах хэрэгтэй, алдсан хойноо биш алдахаасаа өмнө ухамсартай амьдар“

Эсгий эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрт 20 хүн ажилладаг. Бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр байгаа эсгий гутал, бойтог, углаашнаас чанарын хувьд хамаагүй илүү.

Ял эдэлж буй Б-гээс цөөн хором ярилцъя гэхэд  “Энд ирсэн даруйдаа дотроо зөндөө  бачимдаж, бухимдсан. Гэвч ангийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, нийгмийн ажилтнуудын зохион байгуулж байгуулдаг сургалтуудад тогтмол хамрагдснаар хийсэн алдаагаа ухамсарлах болсон. Гутлын үйлдвэрийн сургалтад сууж, ажилтай болсноор ажилдаа анхаарлаа төвлөрүүлж тайвширсан. Яваандаа ажилдаа шамдаж ирээдүйд бодсон төлөвлөсөн зүйлтэй болж, өөртөө зорилго тавьж эхэлдэг юм байна лээ. Одоо бол ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Янз бүрийн юм бодож уймрах, бухимдах зүйл үгүй. Гэхдээ гэмт хэрэгт холбогдож, ид хийж бүтээх насандаа  шоронд ял эдэлж байгаадаа харамсалгүй яах вэ. Гэмт хэрэг гэдэг ганцхан хоромд тэвчиж чадаагүй алдаа, уур цухлаас  болдог. Эцэст нь алдаагаа, засахад өчнөөн цаг хугацаа шаарддаг. Тиймээс  залуус, дүү нартаа “Алдаж болохгүй,  бодож байж хөдөлж бай” гэж зөвлөх байна. Эндээс гарахаараа намайг хүлээж байгаа хань, үр хүүхдүүдээ жаргалтай амьдруулахын төлөө зүтгэнэ дээ” гэж товч хариулсан юм. Тэрээр нарны амьдралд гарахаараа хувиараа  гутлын үйлдвэр байгуулна гэж боддог гэнэ.

Өдгөө  409 дүгээр хаалттай хорих ангийн гутлын үйлдвэр сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. Түүхий эдээ дотоодоосоо авдаг, дотор гадаргүй арьсаар хийдэг учраас чийг татахгүй, эдэлгээ удаан, чанарын хувьд хаана ч гологдохгүй өвөл, зуны гутлаар ШШГБ-ын алба хаагчдынхаа гутлын хэрэгцээг  хангадаг. Түүгээр  зогсохгүй  хууль хүчний бусад байгууллага, уул уурхай, барилгын компаниуд захиалж авдаг болсон гэнэ. Анх чанарын асуудал, гологдол цөөнгүй гарч байсан. Өөрсдөө хэрэглэгч болж үйлдвэрлэсэн гутлаа өмсч эдлээд ирэхээр юу нь болж, юу нь болохгүй байгааг мэддэг, түүнийг засч залруулж, технологоо сайжруулсан гэж “Газар ивээл” ТӨҮГ-ын дарга, хошууч Г.Энхбаяр ярьж байна.

Энд ажиллаж буй хүмүүжигчдийн олонхи нь бугуйн цагтай байгаа нь үйлдвэрийн үүдээр оров уу, үгүй юу шууд нүдэнд туссан. Ажлын цаг нь өглөөний 8:30-аас орой 17:30 цаг хүртэл үргэлжилдэг. Тэд цагаа  харан харан хоорондоо ч ярих завгүй  өмнөх ажилдаа шамдаж байсан  юм.

Зөвхөн нэг ангиар ороход үйлдвэрлэл, хоригдлын хөдөлмөр эрхлэлт бүтээн байгуулалтын ажил ийм байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 18 хорих анги үйлвэрлэл эрхэлдэг, байгууллагын хэмжээнд жил бүр шинэ цагдан хорих байр, хорих байр, нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор барихаас гадна өргөтгөн засварладаг гээд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил өрнөж иржээ. Түүний нэг  болох 409 дүгээр хаалттай хорих ангийн ажилтай танилцахад ийм байна. Бусад ангиуд ч гэсэн 2019 онд гаргасан төлөвлөгөөний дагуу  үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, өдгөө хаа сайгүй ажил ид өрнөж байгаа гэдгийг ШШГЕГ-ын холбогдох албаныхан ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж