Хүлэмжийн аж ахуйг хүн бүр зориглож эрхэлдэггүй

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн аж ахуйг хүн бүр зориглож эрхэлдэггүй

Монголд нийт 91 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байна

Хүлэмжийн аж ахуйг хүн бүр зориглож эрхэлдэггүй

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тэньжин фүүдс” компаниар нийслэлийн 50 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэрийг дагасан дуулиан өнөөдөр ч намжаагүй байна. “40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 34:66 гэсэн хувиар хувааж эзэмшье” гэх уг саналыг манай томчууд хүлээн зөвшөөрсөн ч дотоод дахь шүүмжлэл, эсэргүүцлээс үүдэн энэ төсөл түр зогсоод буй. Гэхдээ энэ дуулиан хүлэмжийн аж ахуйг анхаарлын төвд авчирлаа. Хэдийгээр монголчууд хүнсний гол нэрийн ногоонуудаа дотоодоосоо 100 хувь хангах хэмжээний ургац авдаг ч хадгалалтын горим, агуулах зоорь савнаасаа болоод жилийн хэрэгцээгээ жигд үнээр хангаад байж чаддаггүй. Жимс, жимсгэнэ, нарийн ногооны хувьд энэ талаар яриад бүр ч нэмэргүй. Тэгвэл монголчууд хүлэмжийн аж ахуйг хэрхэн хөгжүүлж байна вэ. Хэдийгээр ашиг олох бизнес ч хүмүүс тэр бүр зориглож ордоггүй нь зарим тоо баримтаар баталгаажиж байна.

Монголд нийт 91 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байна. Иргэд болон аж ахуйн нэгж нийлсэн гэдгийг энд тодотгоё. Харин найман жилийн өмнө 57 га талбайг хамарч байсан гээд үзвэл сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуй эрхлэх идэвх сэргэж байгааг илтгэнэ.

Тэр дундаа манайх шиг эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай улсад өвөл зунгүй эрхэлж болох хүлэмжийн аж ахуй их хэрэгтэй гэж тус салбарынхан хэлж байна. Гэвч зардал өртгийн хувьд өндөр учраас манайхан зуны хүлэмжийг илүү сонгодог байна. Хүлэмжийн аж ахуйд хувьсгал шахуу хийж, амжилттай бизнес болгосон хэсэг байхад зөвхөн өөрийн хэрэгцээний хүнсний ногоогоо тариалах зориулалтаар сонгох нь ч бий. Өөрөөр хэлбэл хүлэмжээ ямар зориулалтаар эрхэлж байна вэ гэдэг нь чухал. Тиймээс хэрэг болох мэдээллийг уншигчдад өгөх үүднээс мэргэжлийнхнээс энэ талаарх тодруулгыг авч, дараах зөвлөмжийг бэлтгэлээ.

“Шилэн хүлэмж” 0.5 га-гаас том газартай байж ашгаа өгдөг

Манай улсад шилэн, нарлаг, нийлэг хальсан хүлэмжийг түлхүү хэрэглэдэг байна. шилэн хүлэмж нь өндөр өртөгтэй, голланд технологиор босдог. Жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. Гэхдээ 0.5 га-гаас дээш талбайтай байж уг аж ахуйн үр ашгаа өгдөг аж.

Харин нарлаг хүлэмжийн хувьд гурван тал нь тоосгоор хийсэн, урд хэсэгтээ хагас налуу хийцтэй, нийлэг хальс болон полийн карбонатаар хучсан хүлэмж бий. Өртөг зардал нь шилэн хүлэмжийг бодвол арай хямд учир санхүүгийн боломжид тулгуурлаад хүссэн хэмжээгээр барьж болно. Тухайлбал, 120 метр кв талбай бүхий хүлэмжийг босгоход 3.2 сая төгрөгийн зардал гардгийг мэргэжлийнхэн тооцжээ.

Монголд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн ихэнх нь зуны хүлэмж буюу нийлэг хальсан хүлэмжийг хэрэглэдэг байна. Энэхүү хүлэмж нь Солонгос болон Хятад улсаас орж ирдэг бөгөөд өртөг бага, угсарч барихад хялбар байдаг аж. Өрхийн болон жижиг, дунд аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Гэхдээ зөвхөн зуны улиралд ашигладаг. “Анх удаа хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа бол сайн судлах хэрэгтэй. Ямар таримал хэзээ тарьж ургуулах, газар, дэд бүтэц, ямар төрлийн хийц загвартай хүлэмж сонгох вэ зэргийг судалж байж хүлэмжийн аж ахуйгаа эрхэлбэл цаашид үр ашигтай ажиллах үндэс болно” хэмээн ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг хэлж байлаа.

Хүнсний ногооны аж ахуйг өөрийн сонирхлын хүрээнд эсвэл бизнесийн зорилгоор хийж болно. Танд бага зэрэг ашиглаагүй газар байхад л өөрийн гэр бүлийн хэрэгцээнд эсвэл өрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ногоо тариалж болох юм. Тухайлбал, 120 метр квадратын хэмжээтэй зуны хүлэмжтэй бол талбайгаа зургаа хуваагаад зургаан төрлийн ногоо тарьж болно. Зуны турш 3-4 удаа ургац авах боломжтой юуцай, бууцай, салат навч зэргийг тарих боломжтой. Анх ногоо тарих гэж байгаа бол ногоогоо их зөв сонгох хэрэгтэй. Хүн бүр хүссэн ногоогоо тарихыг бодох байх. Гэхдээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь өөр өөр технологи шаарддаг. Тодруулбал, өргөст хэмх, помидор нь маш их арчилгаа, цаг уурын байдлыг голдог байна. Мөн 3-4 сар хүлээчихээд эцэст нь ургацаа авах гэхээр сайн боловсроогүй байдаг зэрэг асуудал их гардаг аж. Энэ нь эргээд анх ногоо тарьж байгаа хүмүүсийн урмыг хугалдаг. Үүнээс болж шантрах ч тохиолдол гардаг байна. Үүнээс гадна хэт их ургацыг нэг дор авахаар идэж бардаггүй гэх мэт олон асуудал үүсдэг талаар хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүс хэлж байлаа. Тиймээс заавал 3-4 сар хүлээхгүйгээр зуны турш бага багаар аваад хоолондоо хэрэглээд байх ногоо сонгох хэрэгтэй аж.

2010 оноос хойш ногоо тарьж эхэлсэн “Сэнжит Оюу” ХХК-ийн хүлэмжид очсон юм. Одоогоор 10 нэр төрлийн ногоо тариалж байгаа аж. “Навч болгонтой нь харьцдаг болохоор арчилгаа их байдаг. Одоо зуны хүлэмжийн үрсэлгээгээ хийж байна” хэмээн тус хүлэмжийн захирал Ц.Оюунгэрэл ярив. Тэрбээр шинээр ногоо тарих гэж буй хүмүүс өрхийн хэрэгцээгээ хангахыг хүсч байгаа бол зуны хүлэмжтэй болохыг зөвлөж байлаа. Салхи, шуурга ихтэй үед зуны хүлэмжийн пелонк урагдах зэрэг асуудал үүсэх нь энүүхэнд аж. Ногоо тарихыг хүсч байгаа хүмүүс Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоонд хандаж, бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж