Салхин цахилгаан станц барих боломжийг хуулиар хаах гэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Салхин цахилгаан станц барих боломжийг хуулиар хаах гэж байна

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 430 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн

Салхин цахилгаан станц барих боломжийг хуулиар хаах гэж байна

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржтой ярилцлаа. Тэрбээр төрийн татаасаар ажилладаг дулааны цахилгаан станцууд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжихөд саад болж байгааг ярилцлагадаа онцолсон юм.

-Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг болно гэсэн зорилт тавьсан. Одоогоор бараг 20 хувьд дөхөөд байна. Ер нь цаашид өргөжүүлэх боломж хэр байна вэ?

-Одоогоор Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Гэхдээ яг үйлдвэрлэлд эзлэх хувь нь таван хувьтай байна. Энэ оны төгсгөл гэхэд суурилагдсан хүчин чадлын хэмжээ 20 хувь, нийт үйлдвэрлэлд эзлэх хэмжээ 10 хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байна. Цаашид сүүлийн гурван жилийнх шиг огцом өсөлтийг бий болгоход зах зээлийн багтаамж хязгаарлагдмал. Гэхдээ бага хэмжээний хүчин чадалтай төслүүдийг тухайн байршлаас нь хамаараад хэрэгжүүлэх боломжтой.

-Олон улсад сэргээгдэх эрчим хүчний өртөг, зардал буурч байгаа. Харин Монголд ямар байна вэ?

-Нар, салхины станцын хувьд нийт зардлын 45 орчим хувийг үндсэн тоног төхөөрөмж эзэлдэг. Олон улсын хэмжээнд зардал буурч байгаа нь энэ 45 хувьд нөлөөлж байна гэж болно. Гэхдээ олон улсын хэмжээнд зардал 20 хувиар буурлаа гэхэд Монголд шууд 20 хувиар багасна гэж ойлгож болохгүй. Тухайн 45 хувьд ногдож буй зардлын 20 хувь нь тодорхой хэмжээгээр буурна гэсэн үг. Мэдээж үнийн бууралт Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

-Усны болон байгалийн хийд суурилсан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж Монголд хэр байна вэ?

-Монголд сэргээгдэх эрчим хүчийг цаашид илүү их хэмжээгээр хөгжүүлэхэд тохиргоо хийх томоохон эх үүсвэр дутагдалтай болчихоод байгаа юм. Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх гэж олон жил хөөцөлдөөд чадсангүй. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан байдлаа хангахад том үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг их хэмжээгээр өсгөх боломж бүрдэнэ. Өнөөдрийн нөхцөлд наргүй, эсвэл салхигүй үед нар, салхины эрчим хүчийг ямар эх үүсвэрээс орлох вэ гэдэгт тодорхой хэмжээгээр хүндрэл үүсэж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүч гэхээр заавал том станц барилгүй, айл өрхийн хэмжээнд нарны хавтан байршуулах тохиолдол барууны орнуудад их бий. Харин Монголд энэ загварчлалаар ажиллах боломж хэр байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг айл өрхүүд хэрэглээндээ ашиглахад эрчим хүчний мэдлэг буюу ухаалаг хэрэглээ маш чухал. Үүн дээр үндэслээд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Нийт хэрэглээнийхээ 70-80 хувийг нарны эх үүсвэрээс хангаж буй айл өрхүүд эхнээсээ бий болоод байна. Уг нь Эрчим хүчний яам хэрэглэгчээс сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний илүүдлийг худалдан авах журам боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хоёр, гурван жил болсон ч одоог хүртэл батлагдаагүй байна. Хэрэв энэ журам батлагдвал айл өрхүүд хэрэглээнээс давсан эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж, тодорхой хэмжээний борлуулалтын орлого олох боломж бүрдэнэ. Нэг талаас ийм журам батлагдаж, нөгөө талаас нарны эрчим хүчний эх үүсвэрийн үнэ хямдарч байгаа нь айл өрхүүд үүнийг ашиглах боломжийг нээж өгөх юм.

• Төрийн татаасаар ажиллаж байгаа дулааны цахилгаан станцтай өрсөлдөх ямар ч боломжгүй. 

• Ирээдүйд байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний төслүүд өмнөхтэйгөө харьцуулбал үнийн хувьд бага байна. 

• Хэрэв журам батлагдвал айл өрхүүд хэрэглээнээс давсан эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж, тодорхой хэмжээний борлуулалтын орлого олох боломж бүрдэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний төслүүд санхүүжилт хэр татаж байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, томоохон хөрөнгө оруулалтын банкууд нүүрсний хэрэглээтэй цахилгаан станцуудад хөрөнгө оруулахгүй гэдгээ эхнээсээ мэдэгдээд байгаа. Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадаас 430 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ үзүүлэлтээр дэлхийд эхний гуравт орох хэмжээнд байна. Эдгээр хөрөнгө оруулалтын ачаар нарны цахилгаан станц зургаа, салхин станц хоёр байгуулагдлаа. Ингэснээр 3000 орчим түр ажлын байр, 300 гаруй байнгын ажлын байр бий болсон. Сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын зардлын 20-30 хувийг угсралт, инженерингийн зардал эзэлж байна. Энэ ажлыг ихэвчлэн монгол компаниуд хийж гүйцэтгэсэн. Тэгэхээр үүнийг дагаад монгол компаниудын чадавх нэмэгдэж, туршлага хуримтлуулж байна.

-Энэ чиглэлээр боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

-Нарны эрчим хүчний цахилгаан станцын угсралтыг монголчууд 100 хувь хийж байгаа. Салхин цахилгаан станцын тухайд нэг талбайд оргил үедээ 400 орчим хүн ажиллаж байхад үүн дотор гадаадын мэргэжилтэн 10 хүрэхгүй байх жишээний. Бид анх Салхитын салхин паркийг байгуулахад гадаадын боловсон хүчний оролцоо их байсан шүү дээ. Харин дараагийн салхин паркийг байгуулахад үндсэндээ дотоодын мэргэжилтнүүд ажлын голыг нугалсан байдаг.

-Ойрын үед хүлээлттэй байгаа төсөл бол Тавантолгойн цахилгаан станц. Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах энэ төслийн тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар судалж байгаа гэдгээ “Рио Тинто” группийн зүгээс мэдэгдсэн. Энэ тал дээр шинэ мэдээлэл байна уу?

-Яг ийм станцыг тэнд байгуулна гэсэн эцсийн тооцоо судалгаа гарсан эсэхийг сайн мэдэхгүй юм. гэхдээ тухайн бүс нутагт 50 мВт-ын хүчин чадалтай Цогтцэцийн салхин парк ажиллаж байгаа. Мөн дэргэд нь 100 мВт-ын хүчин чадалтай салхин паркийн төсөл хэрэгжиж байна. Энэ мэтээр ойр орчимд нь төслийн судалгаанууд бэлэн байна. Миний бодлоор судалгаа нь хийгдчихсэн хувийн хэвшлийн төслүүд дээр үндэслэвэл энэ ажил илүү хурдан явах боломжтой.

Суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна

-Монголд эрчим хүний үнэ бага байна. Төрийн татаасаар явж байгаа уламжлалт эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүч хөгжихөд чөдөр тушаа болж байна гэж гаднын мэргэжилтнүүд хэлдэг. Компаниуд анх сэргээгдэх эрчим хүний төсөл хэрэгжүүлэхэд ийм байдал нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яахав. Нийт эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг хангаж байгаа дулааны цахилгаан станцууд хөрөнгө оруулалтын зардлаа нөхдөггүй. Мөн тээвэр болон уурхайгаас авах нүүрс зэрэгт төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Нэмэлт өргөтгөлийн зардал гарвал үүнийг Засгийн газрын хөрөнгө оруулалт юм уу гаднын зээл тусламжаар шийддэг. Эдгээр зардал хэрэглэгчдийн төлбөрт суухгүй байгаа учраас цахилгааны төлбөр бага харагдаад байгаа юм. Хэрэглэгчид зөвхөн тухайн цахилгаан станцын үйл ажиллагааны зардал дээр үндэслэн төлбөрөө төлдөг учраас зах зээлийнхээ зарчмаар хөгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний төлбөр үнэтэй юм шиг харагддаг. Ирээдүйд байгуулагдах гэж байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд өмнөхтэйгөө харьцуулбал үнийн хувьд бага байна. Яагаад гэвэл технологийн үнэ буурч байгаа учраас. Ямар ч байсан нэг мВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчийг нэг сая ам.долларт багтаан байгуулах боломж нөхцөл бүрдчихээд байна. Гэхдээ зардал буурч байгаа хэдий ч харьцуулж байгаа эх үүсвэр маань төрийн татаастай учраас өрсөлдөх ямар ч боломжгүй болчихоод байгаа юм.

-Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний үнийг буулгах нь шинэ төсөл хэрэгжихэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Одоогийн өргөн барьсан хуулийн төсөлд нарны эрчим хүчний үнэ тарифыг дээд тал нь 12 цент гэж заасан байна лээ. Бид үүнийг дэмжиж байгаа. Монголын хөрсөнд буусан үнэ гэж болно. Харин салхины эрчим хүчийг найман цент хүртэл гэж бууруулсан. Энэ бол ойрын таван жилдээ салхин парк байгуулагдах ямар ч боломжгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэр  хэт чангадсан үнэ. Монгол Улс жилдээ 20 гаруй сая ам.долларын цахилгаан импортолж байна. гэтэл импортын дундаж тариф найман цент байна. Үүнтэй адилхан үнэтэй байна гэдэг салхин цахилгаан станц шинээр орж ирэх боломжийг хааж байгаа юм.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж