Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдах нь тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдах нь тодорхой болжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг хиймэл зүлгээр солих тохижилтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс эхлүүлжээ. Ногоон зүлгийг, хиймэл зүлгээр солиход нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулах аж. Гэхдээ улсаас нэг ч төгрөг гаргаагүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр энэ тохижилтын ажлыг хийж байгаа гэдгийг "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн захирал Т.Нямдаваа ярьлаа. Ингэхдээ дээрх хөрөнгөөр зөвхөн хиймэл зүлгээс гадна, хөнгөн атлетикийн гүйлтийн зам тавьж, ус зайлуулах хоолой зэргийг цогцоор нь шийдэж, тохижилтын ажлаа эхлүүлсэн гэж тайлбарлалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьцаа эзэмшигчид хиймэл зүлэгтэй болох саналыг Баяр наадмын онцгой комисс болон Монголын үндэсний бөхийн холбоонд өнгөрсөн жилээс эхлэн тавьжээ. Хэрэв төв цэнгэлдэх хүрээлэн ОУ-ын стандартад нийцсэн хиймэл зүлэгтэй болчихвол байнгын тогтмол үйл ажиллагаатай, тамирчдад илүү нээлттэй болно гэж тэд тооцоолж байна.

Харин энэ жил Хувьцаа эзэмшигчдийн саналыг Баяр наадмын онцгой комисс дэмжсэн бол Үндэсний бөхийн холбооноос хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг дээр хэсэг бөхчүүдийг барилдуулан, халтирч гулгаж байгаа эсэхийг туршсаны үндсэн дээр дээрх саналыг дэмжжээ.

Гэхдээ төв цэнгэлдэхийн шинээр тавигдах хиймэл зүлгэн дээр бөхчүүд барилдаад бэртэж, гэмтсэн тохиолдолд Монголын үндэсний бөхийн холбоо хариуцлага хүлээхгүй гэсэн байр сууриа хувьцаа эзэмшигчдэд илэрхийлсэн байна.

Гадаадын томоохон улсуудын төв цэнгэлдэх хүрээлэн, стадион бол ихэвчлэн ногоон зүлэгтэй байдаг. Гэхдээ тухайн зүлэгээ манайх шиг өөрөөр нь тордож ургуулдаггүй. Тусдаа зүлэг үржүүлгийн газартай. Энэ нь тухайн төв зүлэг зулгарч, гэмтсэн тохиолдолд үржүүлгийн зүлгээр нөхөх, солих аргачлалаар арчилдаг аж. Манай улсад одоохондоо зүлэг үржүүлгийн газар байхгүй. Иймээс дэлхийн стандартад нийцсэн Голланд зүлгийг суулгахаар хувьцаа эзэмшигчид ийнхүү ажлаа эхэлжээ.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж