Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Володимир Зеленський өчигдөр /2019.04.21/ Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо.
Улс төрийн туршлага бага тэрбээр өөрийн өрсөлдөгч одоогийн Ерөнхийлөгч Петро Порошенког ийнхүү хол тасархай ардаа орхин олонхийн саналыг авч таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхтэй болсон байна. Петро Порошенкод иргэдийн 24,5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Зеленськийд нийт сонгогчдын 30 хувь нь саналаа өгсөн бол одоогийн төрийн тэргүүн Петро Прошенко 17,8 хувийн санал авснаар тэд хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Тэрбээр багийнхантайгаа ялалтаа тэмдэглэж байхдаа “Би та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувиар Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн хэлсэн байна. Түүний гол амлалтууд нь улс эх орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох юм.
Сонгуулийн өмнө буюу Баасан гаригт /2019.04.19/ болсон нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Зеленський эхлүүлж, үг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би улстөрч биш. Зүгээр л одоогийн энэ төрийн системийг өөрчлөхийг хүссэн жирийн иргэн. Би 2014 онд Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө саналаа өгч байсан. Тэр сонголт алдаа байсныг одоо ухаарч байна. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн Петро Порошенкод хандан хэлжээ.
Зеленський нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин цувралд авлигатай тэмцсэнийхээ үр дүнд санамсаргүй Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшсэн. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч түүнийг сонгосон иргэдийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа юм байна.
Дашрамд дурдахад эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр аав ээжийгээ дагаж, бага насандаа дөрвөн жил Монгол Улсын Эрдэнэт хотод амьдарсан юм байна. Эцэг нь Эрдэнэтийн УБҮ-т 20-иод жил ажилласан бөгөөд Зеленський Эрдэнэт хотын орос сургуульд суралцаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ