Ши Жиньпин 2020 он гэхэд Хятадыг ядуурлаас бүрэн гаргаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин 2020 он гэхэд Хятадыг ядуурлаас бүрэн гаргаж чадах уу?

Ши Жиньпин 2020 он гэхэд Хятадыг ядуурлаас бүрэн гаргаж чадах уу?

Хятадын “Kwai” хэмээх шууд бичлэгээ бусадтай хуваалцдаг аппликэйшн дээр Гайбао нэртэй жижиг тосгоныхон өдөр тутмын ажил амьдралынхаа бичлэгийг тавьсан нь маш олон хүний анхаарлыг татжээ. Нэг бичлэг дээр алслагдмал жижиг тосгоны дөрвөн залуу эмэгтэй тутаргын талбайн намаг дундаас гараараа загас бариад баярлаж буй дүр зураг, нөгөө бичлэг дээр үндэсний хувцас өмссөн эмэгтэйчүүд мөн л тутаргын талбайн хөл шигдсэн шавар дунд үхэр анжис түрэн алхаж буй зураглал харагдана. Тэдний энэ амьдрал бол Хятадын дарга Ши Жиньпиний 2020 он гэхэд улсынхаа 1.4 тэрбум хүнийг ядуурлаас бүрэн ангижруулах төлөвлөгөөний багахан хэсэг юм. Тэрбээр 2015 онд Хятад улсыг ядууралгүй болгох төлөвлөгөөгөө танилцуулж байжээ. Шанхай, Бээжин зэрэг томоохон хотууд үсрэнгүй хөгжиж, тансаглал хэрээс хэтэрч байхад Хятадын нөгөө талд хөдөө орон нутгийн иргэд цахилгаангүй, цэвэр ус, хоол хүнсний гачигдалтай амьдарч байна.

Хятадын Засгийн газар жилд 416 ам.доллар буюу өдөрт 1.10 ам.доллар ба түүнээс бага орлоготой иргэдээ ядуус хэмээх ангилалд хамааруулдаг. Харин Дэлхийн банкны тогтоосон жишгээр бол жилийн 700 ам.доллар буюу өдрийн 1.90 ам.доллар ба түүнээс бага орлого олж буй иргэдийг ядууст тооцдог. Ингээд ядуурлыг бууруулах ажлын хүрээнд Бээжин хамгийн эхний алхамаа хийж 750 мянган төрийн албан хаагчдыг томилж, амьдралын хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийн гэрт очиж тэднээс нэг бүрчлэн санаа бодлыг нь хуваалцах үүрэг өгчээ.

Цахим орчинд өдөр тутмын амьдралаа шууд бичлэг болгон цацах санааг 2018 онд тус тосгонд томилогдон ирсэн Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн ахлагч Ву Юшен гаргажээ. Анх Гуйжоу мужид иргэдийн хийсэн органик бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчилж, борлуулах зорилгоор энэ ажлыг санаачилсан байна. Тэрбээр өөрийн үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж үздэг. Харин Ши Жиньпин амлалтандаа хүрч чадах эсэх нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид Коммунист нам Засгийн эрхэнд байгаа нь тэд бодит байдлыг үл огоорон Ши Жиньпиний нэр хүндийг унагаахгүйн тулд  “Бид ядуурлыг үгүй хийсэн” гээд зарлахыг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа аж.

Ядуурдлын эсрэг кампанит ажил

Ядуурлыг үгүй хийх мөрөөдөл үнэн хэрэгтээ Ши Жиньпинээс эхлээгүй. Энэ асуудал 1949 оноос буюу Коммунист нам төрийн эрхэнд гарсан цагаас эхэлсэн. “Хятадын Коммунист нам хүчээ авч, оршин тогтнох үндэс нь орон нутгийн ядуус болон шударга бус байдал” хэмээн Сингапурын менежментийн их сургуулийн профессор, ядуурлын шинжээч Жон Дональдсон хэлсэн байна. Хятадын удирдагч асан Мао Зэдуний арга туршлага одоо үед эргэн ирээд байгааг Лондонгийн их сургуулийн Хятад дахь салбар сургуулийн захирал Стив Цанг сануулжээ. Мао Зэдун 1958 оноос эхлэн Хятадыг ядуурлаас гаргах зорилгоор хөдөө аж, ахуй эрхлэгч, эмзэг бүлгийн иргэдийг аж үйлдвэржилт, хамтралын нийгэм рүү шилжүүлэх оролдого хийсэн. Гэвч энэ нь Хятад улсад хэдэн арван сая хүн амиа алдсан их өлсгөлөнг авчирсан юм.

Зам харилцаа, интернет, ажлын байр

Иргэдээ ядуурлаас ангижруулах Хятадын Засгийн газрын бодлого үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөрүүд, орон нутагт суурилсан жижиг хөтөлбөрүүд гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Үндэсний хэмжээний хөтөлбөр гэдэг нь дэд бүтцийг сайжруулах. Ши Жиньпиний засаг захиргаа зөвхөн 2019 онд гэхэд л 19 тэрбум ам.долларыг дэд бүтэц барих төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан байдаг. Засгийн газрын мэдээллээс харахад 2018 онд 200 мянган км зам шинээр баригдаж, хөдөө тосгоны иргэдийн 94 хувь нь интернетэд холбогдсон, 4 тэрбум ам.долларыг ядуурлыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудад тараасан гэсэн тоо баримт байгаа юм.

Ингээд хэдэн арван сая хөдөө тосгоны иргэдийг шинээр бий болгосон суурин газар руу нүүхийг шаардаж эхэлсэн. Гэвч ихэнх нь эсэргүүцэж, зарим нүүсэн нэг нь удалгүй эргээд хөдөө рүүгээ ирсэн байна. “Өртөг багатай хөдөөдөө арай гэж амьдарч байсан хүмүүс хот суурин газрын өртөг өндөртэй амьдралын зардлыг хаанаасаа гаргах болж байна” гэж Хонг Конгийн Лингнан их сургуулийн профессор Магги Лау хэлжээ.

Авлига, бохирдол

Төрийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг Засгийн газраас үргэлж хянаж байдаг. Магадгүй ядуурлыг бууруулах ажлыг хойш татаж байгаа маш том хүчин зүйл нь авлига, хээл хахууль байж болох юм. Шат шатандаа авлигад автсаар зорилтот бүлэг буюу жинхэнэ ядуучуудад улсаас явуулж буй бодлого шийдвэрүүд хангалттай хүрч чаддаггүй байна. 2018 онд л гэхэд 170 мянган хүн ядуурлыг бууруулах сангийн мөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт унажээ.

Ядуурлын эсрэг Засгийн газрын бодлого нь байгаль орчны асуудалд сөргөөр нөлөөлж эхлэв. Судалгаанаас үзэхэд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх нь эргээд агаар, усны бохирдлыг нэмэгдүүлсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн ажил хийж байна гэх шүүмжлэлийг дагуулдаг аж. Агаар, ундны усны бохирдлыг бууруудахын тулд төрөөс жил бүр хэдэн арван тэрбум ам.долларыг зарцуулдаг.

эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж