Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр төрсөн өдөр

Хоёр төрсөн өдөр

Дөрөвдүгээр сарын 20-нд монголчуудын сайн мэдэх хоёр хүний төрсөн өдөр тохиодог. Эд бол дуучин Батмөнхийн Сарантуяа, Санжаасүрэнгийн Зориг агсан.

Өнөө цагийн урлагийнхнаас олны хайр, таашаалыг хамгийн их хүлээсэн уран бүтээлч бол яах аргагүй дуучин Б.Сарантуяа. Цагийг эзэлсэн их дуучин гэсэн тодорхойлолт үнэнээс огт гажихгүй. Энэ жил 49 нас хүрч буй дуучин маань төрсөн өдрийн 11 дэх удаагийн “Амьдрал” тоглолтоо өнгөрсөн намар тэнгэрт дэвшсэн хайрт ээж  Михайлова Татьяна Иннокентьевнадаа зориулжээ. Цас мөсний орон гэж монголчуудад төсөөлөгддөг алс холын Якутад төрсөн ч хувь заяа түүний төөргийг Монголтой холбожээ. Монгол газрын бэр болон Якутаас ирсэн Михайлова Татьяана Иннокентьевна монголчууд бидэнд Сарантуяа хэмээх агуу, цаглашгүй дуучныг бэлэглэсэн буянтан ажээ.

Энэ хорвоод хэн ч мөнх бус гэдгийг бүгд мэддэг ч эх, эцгээ алдахын уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэр тусмаа хагацаад удаагүй байгаа ээжээ дурсан, заал дүүрэн үзэгчдийнх өмнө уйлах эрхгүйгээр дуулна гэдэг зөвхөн уран бүтээлч хүнд л ногдох хатуу тавилан ажээ. Дуучин маань тоглолтынхоо эхэн хэсгийг ачлалт аав, элбэрэлт ээждээ зориулан дэглэжээ. “Анх ижийдээ би ирсэн”, “Дэргэд гэрэлтэх ээж”, “Зүүдний говь”, “Миний ээж тэмээчин", “Миний сайхан ээж”, “Аав, ээж хоёр минь” дуунууд тайзнаас эгшиглэж, олон ч үзэгч аньсгаа норгосон. “Миний сайхан ээж” дууг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучидтай дууллаа. Өөрийгөө үзэгчдэд, фэнүүддээ зориулсан урлагийн хүний хатуу тавиланг бас нэг нотолсон зүйл энэ өдөр мөн болсон. Тоглолтод оролцсон орос бүрээчин Дима өмнөх өдөр нь ханиа алдаад байсан ч тоглолтод ирж Сараагийн дуунд гоцолсон нь үүнийг нотолно.

Тоглолтын хоёр дахь хэсэгт “Би жаргалтай”, “Хонгор найз”, “Чам руу, над руу урсана”, “Хайрласан сэтгэл”, “Хаврын ганц улиас”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Уучил”, “Чиний төрх” дуунуудаа дууллаа. Мөн “Нүд дурлахад бэлэн байдаг уу”, “Өнгөрснөө үлдээе” гэсэн хоёр шинэ дуугаар фенүүддээ бэлэг барилаа. “Хайрласан сэтгэл” дууг өмнө дуулсан хэлбэрээр өөрчилж, хурдан хэмнэлтэй болгосон нь үзэгчдэд таалагдсан. Урын сандаа хамгийн олон дуутай дуучин бол Сараа. Тэрбээр энэ өдөр олонд нэг их дуулагдаад байдаггүй өөрийнх нь тодорхойлсноор "гологдсон" дуунуудаасаа сонгож фэнүүддээ бэлэг барилаа.

Гэнэн хонгор 16 насандаа урлагийн ертөнцөд хөл тавьсан Сараа Монголын рок попын урлагт мөнхөд гэрэлтэх цац суваргыг босгож чадсан. Монголчуудыг дуундаа уяраасан дуучин маань ирэх жил 50 насны ойн тоглолтоо илүү олон үзэгч багтахаар газар зохиохоо амлалаа. Энэ жилийн тоглолт “Корпорэйт конвэншн”-д болсон.

Сараагийн төрсөн өдөр нижгэр, фэнүүдийнх нь урмаар дүүрэн байсан бол нөгөө төрсөн өдөр нь харуусал шингээсэн өдөр болоод 20 жил болжээ. 21 жилийн өмнө бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн Санжаасүрэнгийн Зориг хэрвээ амьд байсан бол өнгөрсөн Бямба гаригт 57 нас сүүдэр зэрэгцэх байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн үнэн мөнийг олохыг, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг монголчууд олон жил хүлээсэн. Хуулийн байгууллагын уйгагүй ажиллагааны эцэст гурван жилийн өмнө хэргийг гардан гүйцэтгэсэн гурван хүнд шүүхээс ял оноосон. Гэвч сүүлийн саруудад өрнөж байгаа үйл явдлыг харахад хэрэг задарч, эхлэл цэг рүүгээ очих янзтай боллоо.

Энэ хэргийг тойрсон элдэв таамаг, улстөрчдийн мэдэгдлүүд дунд хүмүүс будилж, аль нь үнэн гэдэгт итгэхэд бэрх боллоо.

Төрсөн өдрөөр нь хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлдэг хүний тоо ч цөөрчээ. 36 наслахдаа Монголын улс төрд арилшгүй мөрийг үлдээгээд харуусалтайгаар хорвоог орхисон С.Зориг амьд ахуйдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа улстөрчийн эрхэмлэх ёс жудаг, эрх ашгийн эрэмбийн талаар зөгнөсөн мэт санаа зовнин ярьсан байдаг. Зөв хүнээ бусдын гарт хорлуулж алдаад, зүггүй хэдтэй хоцордог азгүй хүмүүс ээ, бид.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж