Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, хайртай хүмүүстэйгээ тухлан үздэг орчуулгын кино хэрхэн бүтдэг, хэчнээн хүний хүч хөдөлмөрөөр орчуулгын кино үзэгчдийн хүртээл болдог нь сонирхолтой байдаг билээ. Энэ талаар орчуулгын киноны жүжигчин Х.Мөнх-Оргилтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр орчуулгын киноны жүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр маш олон кинонд дуу оруулжээ. Тухайлбал, “25 дугаар суваг телевиз”-ээр орой бүр үзэгчдийн хүртээл болж буй “ШЕФ” киноны гол дүр Виктор Расторгуев, болон Тэ Жү Ён киноны гол дүрд дуу оруулсан юм.
-Орчуулгын киноны жүжигчин, бидний ярьдгаар кино дуу оруулагч болсон таны түүхээс яриагаа эхэлье. Энэ хугацаанд хэчнээн кинонд дуу оруулсан байна вэ. Хамгийн олон үзэгчтэй, чихэнд хоногшсон нь гэвэл ямар киноны дүрийг нэрлэх вэ?
-Би тайз дэлгэцийн жүжигчин мэргэжилтэй. Зарын дагуу очиж, шалгалт өгснөөр орчуулгын киноны жүжигчин болж байсан. Хэчнээн орчуулгын кинонд дуу оруулснаа нарийн тооцоолж байгаагүй юм байна. Барагцаалах гээд үзье. Хүүхэлдэйн кино, уран сайхны кино, баримтад кино, олон ангит киноны анги бүрийг нэг кинонд тооцвол жилд 1200 орчим кинонд дуу оруулдаг юм байна.
Миний хувьд 2006 оноос эхлэн орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байна. Анх TV5 телевизээс ажлын гараагаа эхэлж байлаа. Тэнд ажиллаж байхдаа бүтээсэн киноноос хамгийн олон хүнд хүрсэн нь Тэ Жү Ён байж болох юм. Тус киноны гол дүр Тэ Жү Ёны дүрд дуу оруулж байсан. TV5 телевизэд 10 жил ажиллаад, 2016 онд 25 дугаар суваг телевизэд орчуулгын киноны жүжигчнээр ажилласан. Яг одоо үзэгчдэд хүрч байгаа “ШЕФ” киноны гол дүр Виктор Расторгуевын дүрд дуу оруулсан.
-Бидний буйдандаа тухлан суугаад үздэг орчуулгын кино хэрхэн бүтдэг нь тун сонирхолтой байна?
-Багийн ажиллагаа шаарддаг. Бас олон шат дамжлагаар орчуулгын кино бүтнэ. Орчуулгын албанаас кино албанд ирсэн текстийг бид амилуулдаг. Аль нэг шатанд цаг алдахад л эфирийн цаг тулж, байдал хүндэрдэг.
-Орчин нөхцөл ямар байдгийг дүрслэхгүй юу?
-Гаднаас дуу, шуум орох боломжгүй битүү, бүүдгэр өрөөнд суугаад, чихэвч зүүгээд л, текстээ уншиж олон цаг завсарлалгүй ажилладаг. Текст, дүрс хоёрын дунд харц бөмбөг шиг л ойно. Ямар нэгэн чимээ гаргаж болохгүй тул ам цангасан ч тэр бүр ус ууж чаддаггүй, гаднаас чимээ орохоос хамгаалж хоёр давхар хаалга хийж, цонхоо битүүлсэн байдаг тул тун бүгчим байдаг. Киноны дүр болгоныг гаргах гэж асар их хүч зарцуулдаг. Дүрийн уурлаж, инээж, уйлж байгаа сэтгэлийн хөдлөл бүрийг бие дээрээ мэдэрч, тухайн дүрийг гаргадаг болохоор кинонд дуу оруулахад сэтгэлзүйгээр маш их ядардаг.
-Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэсэн ойлголт төрлөө. Харин үнэлэмж нь ямар байдаг вэ?
-Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Олон цаг хөдөлгөөнгүй суудаг болохоор хөдөлгөөний дутагдалд ордог бас байнга чихэвч зүүдэг болохоор сонсголд нөлөөлнө, дэлгэц байнга ширтэж байгаа болохоор хараанд муугаар нөлөөлдөг. Мөн хүний бэлтгэсэн орчуулгын зүйл дээр ажиллаж байгаа болохоор, өөрөө бодож, сэтгэх чөлөөгүй ажиллаж байгаа болохоор мартамхай болдог. Гэлээ ч цалин хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүнийх шиг өндөр байдаггүй. Цалин одоогоор бага биш. Гэхдээ бас их биш. Хоёр идэхгүй хоосон хонохгүй яваад л байна.
-Нэг кинонд хэчнээн хүн дуу оруулдаг вэ?
-Манай телевизийн кино алба орчуулгын киноны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй жүжигчинтэй.
-Кинонд маш олон дүр гарч байгаа. Дүр болгонд яаж өөр хоолой гаргадаг нь сонирхолтой байна. “ШЕФ” кинонд гэхэд та хэдэн дүрд дуу оруулсан бэ. Хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
-Хүн ихэвчлэн бүдүүн, нарийн, өөрийн гэсэн гурван төрлийн хоолойг гаргадаг. Тухайн дүрийн араншин, онцлогт тохируулаад эдгээр гурван төрлийн хоолойг өөр өөр хэлбэрээр гаргадаг. “ШЕФ” кинонд гэхэд 200-300 дүр гарч байгаа. Үүний 40 гаруй нь гол болон туслах дүр. Ингээд тооцвол нэг хүн 10 гаруй дүрд дуу оруулж байгаа. “ШЕФ” буюу Виктор Расторгуев дуу оруулж амилуулахад хэцүү дүрүүдийн тоонд орно. Иймэрхүү дүрийн хэцүү тал нь яг таг, нэг чиг шугамаа алдалгүй зөв барьж явах.
-Тэгвэл ямар төрлийн кинонд дуур оруулахад хамгийн хүндрэлтэй байдаг вэ?
-Нигер буюу хар арьстай хүмүүс маш хурдан яг түргэн хэллэг хэлж байгаа юм шиг ярина. Ийм кинонд дуу оруулахдаа дүрсэндээ тааруулж, хурдтай ярихын тулд түргэн хэллэг шиг ярих шаардлагатай болдог. Түргэн ярьж болно л доо гэхдээ үзэгчдэд ойлгомжтой, тод ярих хэрэгтэй байдаг. Бас зарим энэтхэг киноны үйл явдал маш түргэн өрнөдөг. Бараг 30 секундэд нэг нүүр текст уншихыг шаарддаг. Энэ үед л хүндрэлтэй байдаг юм.
–Нийгэмд “ШЕФ” киноны гол дүр шиг хүн, болохгүй зүйлтэй тэмцэлдэж, шударга үнэний төлөө явдаг хүн үгүйлэгдэж байгаа гэж хэлж болно. Энэ дүр орчуулгыг амилуулж, Монголын үзэгчдэд хүргэсэн болохоор таныг “Монгол Расторгуев” гэж нэрлэмээр байна. "Монгол Расторгуев"-ыг гэр бүлтэй эсэхийг охид, бүсгүйчүүд сонирхож байгаа байх. Энэ асуултын хариултаар ярилцлагаа өндөрлөе?
–Гэр бүлтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа.
Холбоотой мэдээ