Завхан аймгийн Тэлмэн сумын төвөөс 20 км зайд орших малчны гэрт эмч нар жирэмсэн эмэгтэйд маш хүнд хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварч чаджээ.
Завхан аймагт өнгөрсөн хугацаанд жирэмсэн эмэгтэйн амь насанд аюултай зургаан тохиолдол гарч, эмч мэргэжилтнүүд яаралтай тусламж авч, цаг алдалгүй хагалгаа хийснээр амь насыг нь аварсан байна.
Хагалгаанд орсон эмэгтэй нь 26 настай, жирэмслэлт 36 долоо хоногтой, манас таталт “Hellp” хам шинж оноштой, биеийн байдал нь маш хүнд байсан тухай эмч мэргэжилтнүүд ярьж.байна. Үүссэн нөхцөл байдлын талаар Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч М.Нармандах мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 10-ны оройн 20.00 цагт Завхан аймгийн Тэлмэн сумаас 20 км зайд орших малчин өрхөд “Жирэмсэн эмэгтэй таталт өгч, ухаан алдаж уналаа” гэх дуудлага ирсэн байсан. Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудсан. Мөн аймгийн нэгдсэн төв эмнэлгийн Б.Үүрийнцолмон, Г.Баярмаа нарын эмч нар жирэмсний хожуу үеийн хордлого эцсийн шатандаа хүндэрч, тархинд цус харвасан гэсэн оношийг тогтоосон. Уг жирэмсний хожуу үеийн хордлогын манас таталт “Hellp” хам шинж нь эх, хүүхдийн эрүүл мэндэд маш аюултай байдаг. Эмч мэргэжилтнүүд жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийж, хүүхдийг нь эсэн мэнд төрүүлсний дараагаар эмч нар багаараа эх барихын яаралтай тусламжийг цаг алдалгүй хийснээр эхийн амь насыг аварсан” тухай ярилаа.
П.БЯМБАСҮРЭН: “АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАРТАА БАЯРЛАЖ БАЙНА”
Хагалгааны дараах эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдал тогтворжсон байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна.
Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан П.Бямбасүрэн “Би хүүхэдтэйгээ хотод ирж, эмчлүүлээд тав хонож байна. Өмнө нь анхны хүүхдээ төрүүлэхдээ ийм хүнд жирэмсний хордлогод орж байсангүй. Алтан гартай эмч нарынхаа ачаар хүүгээ эсэн мэнд төрүүлж, эсэн мэнд байгаадаа баярлаж сууна. Баг, сум, аймгийн гээд бүх шатлалын эмч мэргэжилтнүүддээ чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье" гэв.
Хагалгааг амжилттай хийсэн баг бүрэлдэхүүнийг алдаршуулбал, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Үүрийнцолмон, Л.Баярмаа, Д.Уранбилэг нар болон Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа, мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, Хагалгааны сувилагч Ч.Оюун , МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/, Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/, жолооч Д.Баатарбилэг нар цаг алдалгүй ажиллажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ