Хуучин Зөвлөлт холбоот улсаас манай улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр газардаж, нисэх хүчин үүсэх үндсийг тавьсан түүхтэй. Тэр үеэс хойш түүхэн замналыг туулж, хөгжиж ирсэн Иргэний нисэх хүчин олон олон амжилттайгаар энэ жил 90 жилийн ойтойгоо золгож байна. Улсаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг Нисэх хүчин үүсч хөгжсөний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байхаар календарт тусгасан байдаг аж.
Тэгш ой тохиож буйтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас комисс гарган олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй бөгөөд тэрхүү арга хэмжээнүүдийн нэг болох “Нисэхийн онол” сэдэвт онол практикийн тэмцээнийг Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба өнгөрөгч баасан гарагт амжилттай зохион байгууллаа. Иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нисэхийн онолын талаархи ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох, иргэний нисэхийн салбарыг нийтэд сурталчлах зорилгоор Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ аж. Тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны бага танхимд зохион байгуулагдав. Нисэхийн салбарынхан цагаа ягштал баримталдаг гэдгийн тусгал мэт тэмцээн яг л цагтаа эхэлж байсан юм.
Тэмцээн мэндчилгээний үзүүлбэрээр эхэлж, Д.Эрдэнэбат ахлагчтай “Чингис хаан” ОУНБ-ын “Airport operation”, Д.Одгэрэл ахлагчтай Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын “We Team”, Б.Анар ахлагчтай Нислэгийн хөдөлгөөн, үйлчилгээний албаны “CNS”, Л.Бат-Оргил ахлагчтай Шалгалтын нислэг, зураглалын албаны “Алдартнууд” гэсэн таван баг авьяас чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдөв. Харин уралдааныг шүүж, үнэлж дүгнэх хүндтэй үүрэг Зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан МУХБ, гавьяат нисгэгч Н.Батнасан, МИАТ ХК-ийн Стандартын хэлтсийн дарга Х.Александр, “Air cargo mongolia” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Батчулуун, “Ач холдинг” компанийн ерөнхий менежер Г.Даваа нарын хүмүүст ногджээ.
Тэмцээн багийн мэндчилгээгээр эхэлж, “50 саяын уналт”, Асуулт хариултын тэмцээн, “60 секунд” гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдлаа. Мэндчилгээний төрөлд багууд өөр өөрсдийн салбарын онцлогийг харуулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж ирсэн байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу. Харин дараагийн шат “50 саяын уналт” тэмцээнээр үргэлжлэв. Дүрмийн хувьд Боловсрол суваг телевизийн нэвтрүүлэгтэй ижил байх бөгөөд агаарын зай, нислэгийн хөдөлгөөн, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн зураг-нислэгийн журам, навигаци, холбоо гэх зэрэг чиглэлийн асуултууд байх аж. Нийт таван баг дараалан авхаалж самбаа, мэргэн оюунаа сорьж байх зуур ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуягтай цөөн хором ярилцаж, зарим зүйлийг сонирхлоо.
Г.Мөнгөнхуяг: Агаарын зай хоорондын хэмжих нэгжийг фийтийн системд шилжүүлэх гэж байгаа
/ИНЕГ-ын орлогч дарга/
-Ойгоо угтан онгоц хоорондын зайг гурав дахин багасгаад байгаа гэсэн. Танай салбарт гарсан өөр томоохон өөрчлөлт юу байна?
-90 жилийн ойгоо угтаад Иргэний нисэхийн салбарт олон олон томоохон шинэчлэлүүд 2014-2015 онд хийгдсэн. Агаарийн навигац, Агаарын замын сүлжил, Агаарын хаалга, агаарын зайн зохион байгуулалтын тал дээр нэлээд ажлуудыг хийсэн. Үүнийг үе үеийн иргэний нисэхийн мэргэжилтнүүд ахмад боловсон хүчнүүд маань дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу гүйцэтгэсэн байдаг.
Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжсэн. Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан байдаг юм.
Харин энэхүү зайг олон улсын нисэхийн байгууллагаас тавьж байгаа шаардлага зөвлөмжийн дагуу гурав дахин багасгаж, агаарын хөлөг хоорондын зайчлалыг зайг 30 км болгож багасгах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Манай хойд хөрш ОХУ үүнд маш таатай хандаж байгаа. Удахгүй энэ ондоо багтааж, агаарын зай хоорондын хэмжих нэгжийг фийтийн системд шилжүүлэх гэж байгаа. Манайд одоогоор метрээр хэмжиж байгаа юм. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орж, ЗГ-ын тогтоол мөн гарсан. Үүнийг хамт олон мэргэжилтнүүдтэйгээ хамтарч хийх болно.
-Ойн хүрээнд цаашлаад өөр ямар ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна?
-Ойн хүрээнд нэлээд ажлуудыг төлөвлөж, ИНЕГ-аас хийж эхлээд байгаа. Өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлээд тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна. Тухайлхад, спорт, урлагийн тэмцээнүүд Иргэний нисэх хүчний салбарт зохион байгуулагдаж байгаа. Мөн энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд ойн хүрээнд явагдах гол гол арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.
Тэмцээн уралдаан, баярын концерт, хүндэтгэлийн концерт, мөн гадаадын зочид төлөөлөгчдийг угтах ёслол болно. Энэ сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан мөн зохион байгуулагдана. Энэ мэт ажлуудыг төлөвлөөд байна.
-Олон нийтийг хамарсан арга хэмжээ байна уу?
-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр олон нийтэд зориулсан авиа шоу хийхээр төлөвлөж байсан ч, харамсалтай нь тодорхой асуудлын улмаас цуцлагдсан.
-Сүүлийн үед техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт, ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх тал дээр ямар ямар ажлуудыг хийв?
-Ер нь 2014 оны сүүлээр нэлээд ажлуудыг хийсэн. Техник тоног төхөөрөмжийн хувьд Испанийн Индра компаниас радиолокатор суурилуулсан. Францын “Thales” компаниас дахин нэмэлт хоёр радиолокаторыг суурилуулж, өнгөрөгч дөрөвдүгээр сард энэхүү хоёр нэмэлт локатороо шалгах нислэгийг хийсэн. Удахгүй хүлээн авах ажил хийгдэх гэж байна. Боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хүрээнд бол олон чнзын сургалтуудыг гадаад болон дотооддоо зохион байгуулдаг.
Ялангуяа нарийн мэргэжилийн нислэгийн удирдагч, инженер техникчид зэрэг үйлдвэр дээр голлон ажилладаг нарийн мэргэжилийн хүмүүсээ аль болох гадаадад сургалтад хамруулж, дадлагажуулах тал мэргэжлийн хэллэгээр сэргээх сургалт гэж ярьдаг. On the job training гээд. Байнгын туршлага, мэдлэг чадварыг нь хадгалуулах үүднээс бид тохирсон сургалтуудад байнга хамруулж байдаг. Удахгүй метрээс фийтэд шилжих ажлын хүрээнд нислэгийн удирдагчидаа фийтийн сургалтад хамруулах зорилготой байгаа.
Мөн шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж буй болон АСЕМ-ын уулзалт ирэх онд манай улсад зохион байгуулахтай холбогдуулан ойртолтын нислэгийн удирдагчдаа энэ сарын сүүлээр АНУ-д шинэ сертификат авах зорилгоор урт хугацааны сургалтад хамруулахаар зөвшилцөлд хүрээд байж байна.
Биднийг ийн хөөрөлдөх зуур тэмцээн аль хэдийнэ шувтрах шатандаа оржээ. Нисэхийн онол тэмцээний гурав дахь шат болох асуулт хариултын үе болон хөгжөөн цэнгээнт мөнхүү мэдлэг сорьсон “60 секунд” тэмцээн өндөрлөж, мэргэн шүүгчид үнэлгээ оноогоо цэгнэх аж. Энэ үед аль баг тэргүүлэх бол, багийн аль гишүүн зөв хариулж байна гэж дор бүрнээ шүүн тунгааж байсан хөгжөөн дэмжигчдийн дундах АХА тэмцээн эхэллээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулагдсан эл тэмцээнд байгууллага бүрээс гурван хүнийг оролцуулав.
Асуултын хувьд зөвхөн нисэхийн онол болон нисэхтэй холбоотой асуултуудаас бүрдсэн байх бөгөөд хоёр асуултад буруу хариулсан тохиолдолд хасах журмаар явагдсан юм. Энэ маягаар үргэлжилсэн АХА тэмцээнд Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүсийн нислэгийн удирдагч А.Батзаяа тэргүүлж, 200 мянган төгрөгөөр шагнууллаа.
Багуудын мэндчилгээгээр эхэлж, дөрвөн үе шаттайгаар явагдсан “Нисэхийн онол” тэмцээний үе шат тус бүрийн нийлбэр оноогоор тэргүүн байрт 39.6 оноогоор Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын We Team баг, дэд байрт 35.4 оноогоор Техник хангалт үйлчилгээний алба CNS баг, гутгаар байрт 27.8 оноогоор нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ATC баг тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнуулав. Ийнхүү Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас зохион байгуулсан иргэний нисэхийн хамт олны мэргэжлийн хэллэг, ур чадвар авхаалж самбааг сорих “Нисэхийн онол” тэмцээн өндөрлөв.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn