Дотуур байрны манаач оюутнуудад "багшилна"

Хуучирсан мэдээ: 2019.04.22-нд нийтлэгдсэн

Дотуур байрны манаач оюутнуудад "багшилна"

Дотуур байрны манаач оюутнуудад "багшилна"

Дотуур байрны амьдралыг тэнд амьдарч байсан, амьдарч буй оюутнууд л мэднэ бас ойлгоно. Тэд бүтэн жилийн гуравны нэг буюу есөн сарыг гэрээсээ хол, эцэг эхгүйгээр бие даан амьдардаг. Хүйт даасан умгар өрөөнд өвөлдөө даарч хөрснөөс болж ханиад томуу хүрэх нь энүүхэнд. Ая тухтай орчинд амьдрах нь бүү хэл хүний наад захын хэрэглээ болсон  бие засах газар хүрэлцдэггүй, шүршүүрт ч орж чаддаггүйг оюутнууд шүүмжилдэг. Харин гадаад улс орнуудын их дээд сургууль, коллежууд “Dormitory” буюу “Дотуур байр” гэх үгийг “Хөгжих болон амьдрах байр” хэмээн тодорхойлдог байна.

Хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ, Их Британи, Герман зэрэг орнуудад оюутны дотуур байраа хүний амьдрах орчин гэж үзээд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж иж бүрнээр байршуулж, эрүүл ахуй болоод амьдрах нөхцөл байдлыг нь бүрэн хангах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг аж. Мөн тухайн дотуур байрны стандартыг маш сайн мөрдүүлдэг ба хотхон хэлбэрээр ихэнх сургуулиуд нь байрладаг учир оюутнуудаас өртөг бага гардаг бол эсрэгээрээ Монгол Улсад дотуур байрны өртөг өндөр буюу дунджаар 300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй боловч эрэлт их, нийлүүлэлт бага.

ДОТУУР БАЙРНЫ ОЮУТНУУДАД ХАРАА ХЯНАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Улсын хэмжээнд 44 оюутны байр бий. Эдгээр байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ нь нийт оюутны зөвхөн 10 хүрэхгүй хувийг эзэлж байна гэсэн үг. Тодруулбал, нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан Их дээд сургуульд суралцахаар ирдэг тул дээрх дотуур байр хаанаа ч хүрэлцдэггүй учраас ихэнх нь хажуу өрөө, нийтийн байр болон нэг өрөө байр хамтран түрээслэх нь энгийн л үзэгдэл болоод удаж буй. Энэ нь  бас  хувийн хэвшлийн сургуулиудын 50 гаруй хувь нь дотуур байргүйтэй бас холбоотой. Орон нутаг бүр хоёр их дээд сургуулийн дунд нэг дотуур байртай аж. Тэнд амьдарч буй хүүхдүүд хараа хяналтгүй байна гэж  Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн Р.Цэвээн хэлж байв. Түүний хэлснээр дотуур байрны багш нар нь хүүхдэд анхаарал тавих нь бүү хэл өдөр хоногийг аргацаах маягтай ажиллаж, хүүхдүүд нь “дуртай цагтаа” мотоцикль унаж, эцэг эхдээ туслахаар хол замд гардаг гэнэ. Энэ мэтчилэн хараа хяналтгүй байдлаас үүдэн цонхоороо үсэрч хүнд бэртсэн, цаг агаарын таагүй нөхцөлд хол замд авто осолд өртөх,цаашлаад амь насаа алдах эрсдэл өндөр тул дотуур байрыг камержуулж, багш нарын хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-ны анхдугаар хурлын үеэр дэвшүүлсэн билээ. Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгч төрийн байгууллагуудын төлөөлөл, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн дээрх техникийн хороо нь 19 гишүүнтэйгээр анх удаа өнгөрсөн баасан гаригт /2019.04.19/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хуралдсан нь энэ юм. Уг хуралдаанаар Хүүхдийн зуслангийн стандартын төсөл, Хүүхдийн дотуур байрын стандартын төсөл, Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын стандартын төслийг хэлэлцэж өмнө нь мөрдөгдөж байсан стандартыг шинэчлэн тогтоож буйгаар онцлогтой. Ингэснээр хүүхдэд зориулсан хөгжил, хамгааллын үйлчилгээний болон орчны стандартуудыг бий болгосноор   хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, сурч боловсрох эрхийг хангаж, аюулгүй байдлын зохицуулалт бүрдэх юм.

            

ДОТУУР БАЙРНЫ МАНААЧ ЖИЖҮҮРҮҮД ОЮУТНУУДАД “БАГШИЛНА”

Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-ны анхдугаар хурлаар галч манаачдын асуудал хөндөгдөв. Дотуур байрны багш нар ажлын цагаар буюу өглөө 09.00-18.00 цаг хүртэл ажиллачихаад харьдаг бол манаач, жижүүрүүд ажлын бус цагаар оюутнуудыг харгалзан үлдэж, хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг нь эсрэгээрээ “аюултай”  ч байж болзошгүй гэсэн байр суурийг хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжилтнүүд илэрхийлж байлаа. Шалтгаан нь мэргэжлийн бус учраас тэр. Гэвч гал манаачдыг оюутнуудад “халтай” гэж үзээд тэдний орон тоог байхгүй болговол ажлын бус цагаар оюутнууд хараа хяналтгүй болох, тэдэнд хараа хяналт тавих хүнгүй эзэнгүй айл шиг болох асуудал сөхөгдсөн юм. Энэ асуудлаар Техникийн хорооны 19 гишүүн манаачдыг дотуур байранд ажиллуулах нь зүйтэй, тэдний орон тоо шаардлагагүй гэж талцсаны эцэст галч, манаач, жижүүрийг  багш нарын арга зүйд сургах шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

ДОТУУР БАЙРАНД ҮГҮЙЛЭГДСЭН СТАНДАРТ

Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөл 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Оюутны дотуур байрын үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг баталж 2010 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байдаг. Уг стандартаар оюутны дотуур байрны үйлчилгээ, дотуур байрны өрөөний зохион байгуулалт, ариун цэврийн өрөө, номын сан, өрөөний цонх зэргийг стандарттай болгожээ. Гэвч дийлэнх оюутны байр 30-40 жилийн өмнө ашиглалтад орсон болохоор дээрх стандартыг биелүүлэхэд саад учирч байгаа гэх. Тэгвэл Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-г шинээр байгуулж, бүрэлдэхүүнийг баталснаар энэ асуудлыг цэгцэлж магадгүй аж. Түүнчлэн одоогоос зургаан жилийн өмнө  “дотуур байрны багш” хэмээх ойлголт боловсролын салбарт хэвшчээ. Гэвч Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо багш бэлтгэх сургуулиудад дотуур байрны багш гэх статусаар боловсон хүчин бэлтгэдэггүй тул аль нэг мэргэжлийн багш дотуур байрны багшаар ажилладаг нь хаанаа ч хүрэлцдэггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж