Шри Ланка улсад өнөөдөр /2019.04.21/ амиа золиослогч этгээдүүд Христийн шашны хоёр сүм, тансаг зэрэглэлийн гурван зочид буудалд бөмбөг дэлбэлж 138 хүн амиа алдаж, 400 гаруй хүн хүнд хөнгөн шархаджээ. Амиа золиослогчдын гол бай нь Христийн шашинтнууд байсан ба Христийн шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баяр буюу Есүс Христийн дахин мэндэлсэн өдрийг тааруулж халдлагаа үйлджээ. Энэ өдөр бол Христийн шашинтнуудын хувьд хамгийн ач холбогдол өгч ихээр цуглардаг өдөр юм. Амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай байгаа тухай яаралтай тусламжийн эмч, аврагчид мэдээлж байна.
Энэхүү халдлага нь сүүлийн 10 жилийн Иргэний дайнаас хойшхи хамгийн том зэвсэгт халдлага болон түүхэнд үлдэж байна.
Гэгээн Себастианы сүм, Гэгээн Антониогийн сүм, “Shangri-La Colombo”, “Kingsbury Hotel”, “Cinnamon Grand Colombo” гэсэн гурван зочид буудалд ойрхон давтамжтай зургаан удаагийн дэлбэрэлт болжээ. Тус улсын Ерөнхий сайд Ранил Викременсингэ Улсын аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаж, амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Одоогоор халдлагыг ямар этгээдүүд үйлдсэнийг тогтоогоогүй байгаа аж.
Шри Ланка улс нь 22 сая орчим хүн амтай, тэдний 70 хувь Буддын шашинтан бол 12,6 хувь нь Хиндү, 9,7 хувь нь Муслим, 7,6 хувь нь Христийн шашинтнууд байдаг гэнэ. Улс даяар 200 гаруй Христийн шашны сүм болон бусад байгууллага байдаг ба өнгөрсөн жил гэхэд Христийн шашинтнуудын эсрэг, тэдний биед халдсан хэрэг 86 бүртгэгдэж байжээ.
Өнгөрсөн жил тус улсын эрх баригчид Христийн шашинтнуудыг цуглаан, мөргөлийг “зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан” гэсэн ангилалд багтааснаас хойш Христүүд болон Муслимуудлын цуглаан мөргөлийг тараах оролдогууд, дарамт шахалт Буддын шашинтнуудаас байнга ирэх болсон байна.
Эх сурвалж:REUTERS