Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарыг зорьсон зарим тамирчин визний асуудлаас болоод саатуулагдсан тухай бид цаг алдалгүй мэдээлж байгаа.
Тэгвэл яагаад энэ асуудалд Монголыг төлөөлж суугаа Кувейт, Катар дахь Монголын ЭСЯ, Консулын газрынхан анхаарал хандуулсангүй вэ гэдэг асуултыг энэ удаа холбогдох албаныханд тавилаа.
Хуурамч визийг хэн, ямар байгууллагаар дамжуулж тамирчдад өгсөн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Н.Батаагаас тодруулахад, “Энэ асуудал манай консулын газар, яамтай ямар ч холбоогүй. Азийн чөлөөт бөхийн холбоо, манай улсын үндэсний чөлөөт бөхийн хоорондоо авч солилцсон визний урилга. Одоо энэ яригдаад байгаа электрон виз гэдэг чинь манай улсад нэвтрээгүй” гэсэн тайлбарыг өгч байна.
Тамирчдын визний зөрчилтэй холбоотой асуудал долоо хоногийн өмнө болсон үйл явдал хэдий ч холбогдох албаны хүмүүс, хариуцсан холбооныхон одоо болтол албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Энэ нь ААШТ-д явсан МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж Монголд ирээгүй байгаатай холбоотой биз ээ.
Д.УЛАМБАЯР