Аугаа их эх орны дайнд ялсны 70 жилийн ойг ёслон тэмдэглэх сүр төгөлдөр арга хэмжээ тавдугаар сарын 9-нд нийт Орос орон даяар болж өнгөрөв. Бидний зүрх сэтгэлд ойр дотно байдаг Улаан-Үд хотод ч энэ ойг мөн ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд харилцан визгүй зорчих болсны дараа энэ хот бидэнд бүр ч ойр дөт болжээ.
Өглөөний 10.00 цагт цэргийн парад болж, Буриадад байрладаг цэргийн ангиудын 800 гаруй дайчин уг парадад оролцов. Улаан-Үд хотын төв талбайгаар эмэгтэй цэргийн албан хаагчид болон кадетын сургуулийн сурагчид жагсан явав. Парадын цэргийн жагсаалын дараа байлдааны техникийн 29 нэгж бүхий механикжуулсан цуваа явж өнгөрөв. Парадыг үзэхээр хүрэлцэн ирсэн хүмүүс БТР-80 хуягт тээвэрлэгч, гаубицын их буу, тийрэлтэт “Град” систем болон “Точка-У” пуужин харвах төхөөргүүд явж өнгөрөхийг бас харсан юм.
Ер нь энэ баярын арга хэмжээ бүтэн гурван өдөр үргэлжилсэн бөгөөд “Мөнхийн дайчин хорооныхон” гэсэн арга хэмжээ уг баяр ёслолын төгсгөл болов. Аугаа их эх орны дайнд оролцсон эцэг, өвөө, элэнц хуланц нарынхаа зураг, Георгиевийн тууз болон туг далбаа барьсан Буриадын нийслэлийн олон арван мянган оршин суугч Цэргийн парад өндөрлөсний дараа Улаан-Үд хотын төв талбайгаар бас явж өнгөрөв. Эндхийн сонин, телевиз жагсаалд ойролцоогоор 100 мянга орчим хүн оролцсон байх гэж мэдээлж байлаа. Хотын бусад олон гудамж, талбайд ч мөн олон хүн жагсан явж байсныг бас харж болох байсан нь мэдээж. “Зөвлөлтийн үед хотын маань төвд ийм олон хүн цугларч байсныг би ер санахгүй юм. Энэ бол ард олны маань гэгээн дурсгалын амьд гэрч биш гэж үү” хэмээн хажуугаар өнгөрөн явсан нэгэн настай эмэгтэй бидэнд хэлж билээ.
Энэ өдөр Оросын иргэд болон гадны өч төчнөөн зочин гийчинд Ялалтын өдөр үнэхээр нийт ард түмний баяр болж дурсагдан үлдэх нь мэдээж. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд энэ үеэр төрөл төрөгсөдтэйгээ уулзаж учрахаар хүрэлцэн ирсэн бизнесмен Сергей Андреев бидэнтэй хуучлахдаа, “Оросын иргэд энэ баярыг үнэхээрийн сайхан ёслон тэмдэглэдэг болсон нь жилээс жилд улам бүр тодоос тод анзаарагдах болж байна” гэсэн юм. “Хүүхэд багачууд ч энэхүү дурсгалт арга хэмжээг улам их сонирхож байгааг би ч харж байна. Тэгэхээр, Өрнөдийнхэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь манай ард түмний ертөнцийг үзэх үзэл бодолд харин ч эергээр гэмээр нөлөөлж, ЗСБНХУ тарж бутарснаас хойш улс оронд маань эх оронч үзэл улам бүр цалиглаж, ерөөс 70 жилийн тэртээх дайны тэр он жилүүдийн адил нэгдэн нягтрахад нь ард түмэнд маань тус болж байх шиг…” гэж тэр хэлж билээ.
Хотын эрх баригчид баярын арга хэмжээнд маш сайн бэлтгэжээ. Хот урьд өмнөхөөсөө илүү гоё сайхан болсон байна. Энэ өдрүүдэд Улаан-Үд хотод ирсэн монголчууд ч үүнийг олж харсан байх аа. Хотын төв гудамжууд цэцэг, олон өнгийн бөмбөлөгт умбасан байв. Оросын төрийн далбаа болон Ялалтын бэлэг тэмдэг болсон Георгиевийн тууз энд тэндгүй харагдаж байв. Хотын олон гудамж, талбайд концерт тоглож, үүнд Буриадын бүх гол гол театрын жүжигчид оролцсон юм. Хотын эрх баригчид дайны тэр он жилүүдийн маягийн халуун хоол хийлгэж, цэргийн агшаамал будаагаар хүмүүсийг дайлж байв.
Баяр ёслолын арга хэмжээнээс бидэнд мартагдахын аргагүй өч төчнөөн маш сайхан сэтгэгдэл үлдсэн юм. Ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмрийг Орос оронд дурсч, үнэлж байдаг нь хамгийн баярлууштай явдал байв. Орос оронд тавдугаар сарын Ялалтын баяр болон наймдугаар сард Монгол улсад тэмдэглэдэг баяр нь ах дүү хоёр ард түмний нийтийн баяр юм гэж дайны үед амь үрэгдсэн цэргийн шарилыг эрж хайж, илрүүлэх “Рысь” отрядын тэргүүн Владимир Валерьевич Ефремов бидэнд ярьсан юм.
“1939 оны Халх голын дайны үед сураггүй болсон дайчдын шарилыг эрж хайхаар бид 2006 оноос хойш Монгол улсад жил бүр очиж байгаа. Тэр дайны үед Орос, Монголын ард түмний ах дүүгийн дайчин барилдлага геополитикийн асар их учир холбогдолтой байсан бөгөөд 1941 оны сүүлчээр Москвагийн дэргэд болсон тулалдааны үед энэ нэн тодорхой илэрсэн юм. Тэгээд ч Монгол улсаас тэр үед ЗСБНХУ-д агт морьд, хоол хүнс, дулаан хувцас хунар зэргээр туслаж байсныг бүх хүн мартаагүй…“. 93 настай, хурандаа ахмад дайчин Цэндийн Алтангэрэлийн Оросын телевизэд өгсөн ярилцлагыг энд онцлон дурдвал зохилтой бөгөөд тэрээр Москвагийн нэгэн дээд сургуульд сурч байхдаа, Улаан армийн эгнээнд байлдаж явжээ.
1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг бид ирэх наймдугааэр сард бас ёслон тэмдэглэнэ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тусгай ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг арга хэмжээг улс орон даяар тэмдэглэх юм. Энэхүү үйл явдалд зориулан тусгай медаль гаргахаас гадна, дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулна. Уг дайнд оролцсон манай холбоотон Орос, Хятадын цэргийнхэн оролцсон хамтын арга хэмжээ энэ баярын үеэр болох нь мэдээж. Энэ нь зүгээр нэг ёслолын арга хэмжээ байх төдий биш бөгөөд нийтийн Ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмрийг гарцаагүй эргэн санах “мөнхийн хөршүүдийн” жинхэнэ нийтийн баяр болно. Монгол улсаас олон мянган километрийн алсад тавдугаар сарын 9-нд Орос орны голт зүрх-Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын парадад Монгол улсын цэрэг дайчид оролцсон нь үүний бас нэг нотолгоо мөнөөс мөн.
Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын төвийн телевизийн “Россия” сувагт өгсөн ярилцлагадаа энэ дайнд Монгол улс оролцсон нь чухал учир холбогдолтой байсныг дурдсан юм. “Энэ нь бидний нийтийн ялалт байсан билээ. Монгол улс Ази тивээс Оросын цорын ганц холбоотон байсан юм. Бид хөрш улсууд. Аль нэгэнд нь гамшиг учирч гэмээнэ бид бие биедээ туслах учиртай. Москвагийн дэргэдэх тулалдаанд оролцсон Оросын бүх дайчин манай орны нэхий дээл, эсгий гутал өмсөж байсан” гэж төрийн тэргүүн маань хэлсэн юм.
Орос орон бидэнд улам бүр ойр дөт болж байна. Дайны цагийн түгшүүрт үеийн тухай нийтийн дурсамж үүний бас нэг нотолгоо мөнөөс мөн. Аугаа их ялалтын баярын мэнд дэвшүүлье! Амь үрэгдэгсдийн гэгээн дурсгал мөнхөд оршиг!
Сэтгүүлч И.Борхондой
2015.05.09
Улаан-Үд-Улаанбаатар