Жүжигчин Г.Ундармаа өнөөдөр хэвлэлийнхэнтэй “Кино танхим”-д уулзлаа. Тэрбээр энэхүү уулзалтаар олон сюрприз дэлгэсний нэг нь “Single ladies-2” байсан. “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн “Single ladies”, “Тютю” кино бүтээлүүд хэдийнэ үзэгчдийн танил болсон. Тэгвэл “Ю Фильм”-ийн энэ зуны уран бүтээл “Single ladies-2” байх ажээ. Анхны бүтээлээ хийж байхдаа үргэлжүүлнэ хэмээн төлөвлөөгүй ч хоёрдугаар ангийг хийхээс аргагүй санаанууд ар араасаа гарчээ. Тиймээс Г.Ундармаа буцаад “Single” болохоор шийджээ. “Single ladies-2” киноны зохиолыг А.Миеэгомбо үргэлжлүүлэн бичиж байгаа бөгөөд зураглаачаа БНСУ-аас урьж авчран ажиллуулж байгаа юм байна. Солонгосын Сувоны их сургуулийг зураглаачийн мэргэжлээр дүүргэснээс хойш 18 жил кино болон рекламны ертөнцөд өвөрмөц бүтээлүүдээрээ алдаршсан Jang Yookeun шинэ уран бүтээлийн зургийг амилуулах ажээ. Тэрбээр Монголд хэд хэдэн удаа ирж байгаа нэгэн гэнэ. Монголын талаарх сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцахдаа “Анх Монголын тухай мэдээллийг цахим ертөнцөөс хайхад хөдөө буйд нутаг, тэр дундаа хонь муулж байгаа зураг дүрслэл их гарч байсан. Гэвч эх оронд нь ирэхэд сэтгэгдэл өөрчлөгдсөн. Харин ч эрчимтэй хөгжиж байгаа орон юм гэж бодогдсон” хэмээн өгүүлсэн юм.
Жүжигчин Г.Ундармаагийн хувьд шинэ уран бүтээлийнхээ талаар ийн өгүүлсэн юм.
-“Single ladies” киногоо үргэлжлүүлэх болсон шалтгаан юү вэ?
-Манай улсын нийт хүн амын 52 хувийг охид, эмэгтэйчүүд эзэлж байдаг. Эмэгтэйчүүдийн ертөнцөд баяр гунигтай, гэрэл сүүдэртэй, олон асуудал өрнөж байдаг. Бүсгүйчүүдийн торгон мэдрэмж, хүсэл мөрөөдөл, тэр бүр илэрхийлээд байдаггүй асуудлын зангилааг нээж туурвихыг анхнаасаа зорьсон. Эхний уран бүтээлээс үлдсэн санаа сэдэл маш их байсан учраас дахин кино хийхээр санаа шулуудсан. Бүсгүйчүүдийн ертөнцийн гүнд нуугдаж байгаа гэрлийг асаахыг “Ю Фильм” эрхэмлэж байна. Монгол бүсгүй хүний гоо сайхан, цаг үеийн хувьсал, сэтгэлгээний анирыг хөндсөн, ухаарал, урам зориг түгээсэн бүтээл хийхийш зорьж байна даа.
-Түрүүчийн ангийн гол дүрийн гурван бүсгүйн нэг нь хуримаа хийгээд нөгөө нь найз залуутай болоод төгсдөг дөө. Тэгэхээр өөр бүсгүйчүүдийн тухай гарна гэсэн үг үү. Дүр бүтээх жүжүигчдээ сонгосон уу. Өмнөх ангид талийгаач Билгүүн тоглодог санагдана?
-“Single ladies-2”-ын гол дурд Туяа, Дөлгөөн бид гурав тоглоно. Тэгэхээр өмнөх ангид гэрлэсэн, найз залуутай болсон бүсгүйчүүдийн амьдрал үргэлжлэн гарна. Яагаад буцаад ганцаараа болсон бэ гэдгийг киноноос маань сонирхоорой. Жүжигчдийн хувьд туслах дүрүүдэд ганц хүн биш 2-3 хүнээс сонголт хийж байгаа. Өмнөх ангид Билгүүн маань бас нэгэн гол дүрийг бүтээсэн. Харамсалтай хэрэг явдалд одоо ч итгэхгүй л сууна. Энэ удаагийн ангид Эрдэнэзаан маань орж ирж байгаа. Аль болох сонирхолтой, үнэмшилтэй, гэхдээ инээдмийн бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр ажлаа эхлээд байна.
-Ю Фильмийн хувьд эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг илүүтэй хөнддөг нь ажиглагдлаа?
-Тийм ээ. Би чинь өөрөө гурван настай балчирхан охин байж үзсэн, 20 настай дурлалт бүсгүй байж үзсэн, 30 настай ээж байлаа, 40 настай гэрийн эзэгтэй байна шүү дээ. Хойшдоо эмээ болно. Тэгэхээр эмэгтэйчүүдийн асуудал надад хамгийн ойр байдаг болохоор уран бүтээлд маань туссан байхыг үгүйсгэхгүй. Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон.
-Таны хувьд “Шинэ үе” продакшнаас гарснаас хойш хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулах болсныг хүмүүс андахгүй. Таныг гэнэт их мөнгөтэй болж, буяны үйлс хийдэг болсон гэж нэг хэсэг шуугисан нь ч бий. Тэгэхээр “Итгэлийн танхим” ТББ-ыг байгуулах болсон нь ямар учир шалтгаантай вэ. Энэхүү танхимыг хэдэн эмнэлэгт байгуулсан бэ?
-Би ярилцлага өгөх болгондоо энэ тухай хэлдэг л дээ. Анх аавыгаа сахиж, нэгдүгээр эмнэлэгт хэд хонохдоо сахиуруудын өрөөтэй болох ёстой юм байна гэсэн санаа төрсөн. Манай эмнэлгүүд өвчтэй хүндээ сайн анхаардаг. Хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө ч муугүй тохижилттой. Гэтэл өвчтнөөс дутуугүй сэтгэл санааны хүнд байдалд байгаа, тэднийхээ өмнөөс өвдөх нь холгүй шаналан хүлээж буй ар гэрийнхэн нь хаягддаг. Хайртай дотнын хүнээ эдгэнэ, тэнхэрнэ гэсэн итгэл өвөрлөн хүлээж байгаа ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм өгөх тохитой, тухтай өрөөтэй болгох ажлыг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгээс эхэлсэн. Хөрөнгө оруулалтыг дан хандиваар бий болгосон. Аавыгаа сахиж хоносон шөнөө төрсөн санаагаа фэйсбүүкт бичихэд хүмүүс их дэмжсэн. Ханьдаа хэлсэн чинь “Тэгээч, миний хайр чадна даа” гэж урам нэмсэн. Ингэж л “Итгэлийн танхим” төсөл хэрэгжиж эхэлсэн. Монгол хүн бүрийн сэтгэлд бусдад туслахсан гэсэн гэрэл гэгээ байдаг юм билээ. Тэрхүү гэрлийг өдөөх юм бол, зөв зүйлд чиглүүлэх юм бол хамтдаа сайн үйлийг бүтээж болно гэдгийг амьдралдаа баталлаа.
Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг тохижуулсны зэрэгцээ “Аавуудын өрөө”-тэй болгосон. Нийтдээ 26 сая төгрөгийн тохижилт хийсэн. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хүлээлгийн танхимыг өвчтөний үзлэгийн өрөө, эмч ажилчдын амралтын өрөөтэй болгосон. Нийтдээ 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүлээн авахын 220 ам метр талбайг тохижуулж, хүүхдүүд тоглох талбайтай болгосон. Сэтгэлээрээ тусламж, хандив өргөсөн компаниуд болон хувь хүмүүст талархлаа илэрхийлье.
-“Итгэлийн танхим”-ыг дахин аль эмнэлэгт байгуулах вэ?
-Хавдар судлалын үндэсний төвийг “итгэлийн танхим”-тай болгох ажлыг сэтгүүлч Б.Мөнхбаясгалантай хамтран эхлүүлж байгаа. Би аавыгаа хавдраар алдсан. Баясаагийн маань ээж бас хавраас болж өөд болсон. Зовлон нэгтэйн хувьд “Итгэлийн танхим-ыг хамтдаа байгуулахаар болсон. Тус эмнэлгийн хоёр залуу эмч бидэнтэй нэгдсэн. Өмнөхөөс ч илүү өргөн талбайд иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн. Хамтарч ажиллах газруудаа хараахан сонгоогүй байна. Урьд өмнө нь бидний гэгээн үйлсийг дэмжин ажилласаар ирсэн олон компаниуд маань уламжлалаа үргэлжлүүлэх байх.
-Жүжигчин И.Одончимэг та хоёрыг эмэгтэй улстөрчид хүлээн авч уулзаж байсан. Тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа юу?
-УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд бидэнтэй уулзсан. Цаашид тусламж, дэмжлэг хэрэгтэй бол хэлээрэй, хамтарч ажиллая гэж байсан.
-Төгсгөлд нь таагүй нэгэн асуулт асууя. Таныг “Шинэ үе” продакшнаас гарснаас хойш таагүй үйл явдлууд гарсан. Ингэхэд та яагаад “Шинэ үе”-ээс гарсан юм бэ. Одоо тэдэнтэй холбоотой байгаа юу?
-Би өөрийн уран бүтээлийн шанг татах зорилгоор “Шинэ үе”-ээс чөлөө авсан. Хэрэг явдлуудад үнэхээр харамсаж байгаа. Билгүүнийгэээ одоо ч сэрүүн тунгалаг мэт л төсөөлчихөөд болдоггүй юм. Амбий ахыгаа ч гэсэн өөд болсон гэдэгтэй эвлэрч чадахгүй л явна. Шинэ үеийнхэнтэйгээ утсаар болон фэйсбүүкээр холбогддог.
-Алдармаа, Оюунтуул хоёрын тухайд..?
-Одоо тэр хоёр маань дажгүй байгаа шүү дээ. Хэцүү юмыг даваад гарчихсан тус тусын ажлаа хийгээд л яваа даа.
Д.ЦЭЭПИЛ