Францад өчигдөр буюу бямба гаригт /2019.04.20/ болсон “Шар хантаазтнууд”-ын ээлжит жагсаал цуглаанд 28 мянга орчим хүн оролцсоноос Парис хотод болсон жагсаал цуглаанд 9,000 мянган хүн оролцсон байна. Тэд ийнхүү улсынхаа эрх баригчдын бодлого, ажилгүйдэл, татварын нэмэгдэл зэргийг эсэргүүцэн 23 дахь долоо хоногтоо тасралтгүй жагсч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалд 31 мянган хүн оролцсон.
Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, жагсаал цуглааны үеэр 227 хүнийг баривчлан саатуулжээ. Мөн жагсаал цуглааны үеэр хууль сахиулах байгууллагын 60 мянган ажилтан улс орон даяар дайчлагдан ажиллаж, 14 цагдаагийн ажилтан бэртэж гэмтсэн байна. Гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсгэж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, машин тэрэг эвдэж буй жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүрших аргыг хэрэглэжээ.
Францын Дотоод хэргийн сайд Кристофе Кастанер сэтгүүлчдэд баасан гаригт /2019.04.19/ мэдэгдэл хийхдээ “шар хантаазтнууд”-ыг “Үймүүлэн сүйтгэгчид маргааш дахиад л жагсах болно” хэмээн хэлсэн байна.
Мөн даваа гаригт /2019.04.15/ Нотр Дам сүм шатахад тэрбумтнууд асар их хэмжээний мөнгийг сүмийг сэргээн засварлахад хандивласан нь жагсагчдыг ихээр бухимдуулсан нь энэ удаагийн жагсаалаас харагджээ. Ерөнхийлөгч Эмануэль Макрон ард иргэдэд хандан телевизийн шууд эфирээр шинэ татварын багц хууль, эдийн засгийн шинэ бодлогуудаа танилцуулах байсан ч сүмд гал гарснаас болж төлөвлөгөөгөө цуцалсан.
Франц улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тэргүүн Филипп Мартинез “Хөрөнгөтнүүд Нотр Дам сүмийг сэргээхэд 24 цагийн дотор тийм их мөнгө хандивлаж байж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, тэднийг дэмжих болохоор юу ч байхгүй гэж хэлэхээ болих хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Францын эрх баригчид нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаанаа үргэлжүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ