Эдийн засгийн өршөөлийн хуулийг яаравчлуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өршөөлийн хуулийг яаравчлуулна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шатанд яваа 44 хуулийн төсөл байгааг ярилцсан байна. Тодруулбал, ойрын хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүд болон татварын багц хуулиудыг УИХ-ын чуулганд яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Мөн Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох хуулийн төслүүд дээр санал солилцож, анхны хэлэлцүүлэгт оруулахаар тогтжээ. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуултад хариулт авлаа.


-Нийслэлийн албан татварын хуулийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Нийслэлийн албан татварын тухай хуулийг байнгын хороо руу эргүүлэн татсан байгаа. АН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж батлахыг дэмжиж байгаа. Хуулийг нийтэд танилцуулах мэдээлэл түгээх асуудал доголдолтой байх шиг байна. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр улс төрийн шинж агуулаад байгаа.

-Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор ямар шинэ зохицуулалт бий болох вэ?

-Бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог доголдолгүй болгох, эдийн засгийг бүрэн тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох агуулгаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл бүртгэлд ороогүй орлогыг бүртгэснээр эдийн засгийн ил тод байдлын тогтолцоог бий болгоход чиглэсэн хууль. Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийн хүрээнд татвар, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ял шийтгэлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох асуудал яригдаж байгаа.

-Хичнээн аж ахуй нэгж өршөөлд хамрагдах талаар тооцоо судалгаа байна уу?

-Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 11 мянга гаруй аж ахуй нэгж бий.

-Эдийн засгийн өршөөл үзүүлэхтэй холбоотойгоор маргаантай зүйл гарсан. Тухайлбал аж ахуй нэгжүүдийг тэгш хамруулах, шударга байдлыг хангах чиглэлээр ямар зохицуулалт хийгдсэн бэ?

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:

-Өнөөдөр бол хуулийн төслийг ерөнхийд нь хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Засгийн газар хуулийн төслөө оруулаад ирэхээр заалт нэг бүрийг авч үзнэ. Өмнөх бүлгийн хуралдааны үеэр шударга бус байдал бий болох, цаг тухайд нь татвараа тасралтгүй төлсөн байгууллагууд нь хохироод үлдэх нь гэдэг асуудал яригдсан. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар анхаарч хуулиа оруулж ирэх байх.

-11 мянга гаруй асуудалтай аж ахуй нэгж байгаа гэж бүлгийн дарга хэлсэн. Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд өршөөлд хамрагдах уу?

-Надад бол 11 мянга гэдэг арай л их тоо юм шиг санагдаж байна. Байгууллага бүр өөр өөр зөрчилтэй байгаа. Хууль ороод ирэхээр ямар зөрчилтэй аж ахуй нэгжийг яаж хөнгөлөх вэ, ямар байгууллага нь хамрагдахгүй вэ гэдгийг нэг бүрчлэн үзнэ. Ажлын хэсэг ч ажиллана. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд энэ хуульд хамааруулахгүй байхаар зохицуулсан.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж