&#34Шударга ёс&#34 эвсэл хотын татварыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвсэл хотын татварыг дэмжихгүй

УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцээд ирэх зургадугаар сард багтаан тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж үзжээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан эвслийн бүлгээс Монгол Улс бүхлээрээ нэг тойрог, нэр дэвшигчээ нэг хуудсанд багтаан бичээд, сонгогч дэмжиж байгаа нэр дэвшигчийнхээ өмнөх дугаарыг дугуйлснаар намд мөн давхар санал ирдэг байх, ингэхдээ нам бус ард түмэн сонголтоо хийх өргөн боломжийг олгосон байдлаар сонгуулийн хуулийг батлах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Эдгээр хуулийн төслүүдийг Эрүүгийн хуулийг эхэлж хэлэлцэн баталсны дараа хэлэлцэх шаардлагатай гэсэн шийдэлд хүрчээ.

Гурав дахь асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд байсан ч Сангийн сайдыг байлцуулж хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулжээ. Хойшлуулсан шалтгаанаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ирэх жилд Засгийн газар ямар арга хэмжээ авах юм, одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг яаж даван туулах юм, тэр нь ирэх жил ямар байдлаар нөлөөлнө гэж үзэж, тооцоолж байна вэ гээд асуудлыг өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай гэнэ. Учир нь төрийн сан мөнгөгүй болсон, төсвийн орлого тасарсан зэрэг мэдээллүүд гарч байгаа тул энэ бүхэнд салбарын сайдаас хариулт авах ёстой хэмээн үзжээ.

Тиймээс энэ долоо хоногт бүлэг дахин хуралдаж, энэхүү хойшлуулсан асуудлаа хэлэлцэх юм байна.

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг гишүүд хүлээж авалгүй унасан тул дахин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг тус байнгын хороо руу буцаасан. Энэхүү татвартай холбоотой хуулийн төсөлд бүлэг ямар байр суурь барьж байгаа талаар тодруулахад дараах хариулт өглөө.

Бүлгийн дарга Н.Батцэрэг “Нийслэл татвартай болох нь зөв боловч ресторанд 1 хувийн татвар ногдуулах нь эдийн засгийн хямралтай үед зохицохгүй. Бизнес эрхлэгчдээ татвараар боомилсон хэрэг болно. Үүний оронд архи, тамхины татвараа нэмэх ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Улаанбаатар хотод ирэх гадаадын иргэдээс авах татвар, өөрийн иргэдэд хамааралгүй гэж байгаа ч тэгж харагдахгүй байгаа. Дээр нь татварыг хураах үйл явц ойлгомжгүй, хэд нь гадаадын иргэн байсан бэ гэдгийг нягтлахаас эхлээд асуудал үүснэ гэлээ.

Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжих боломжгүй байгаа. Яагаад гэвэл архи, тамхинд татвар ногдуулна гэчихээд “Бөөнөөр нь архи тамхи авбал татваргүй, жижиглэнгээр авбал татвартай гэж байгаа нь энэ талын хэрэглээг улам нэмье гэсэн логиктой холбогдож байгаа. Дээр нь энэ төрлийн татвар нь хүн амын төвлөрлийг сааруулах үндсэн агуулгатай холбогдохгүй байгаа” гэсэн тайлбар өглөө.

Г.ДАРЬ

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж