News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай мэдээлэл хийв. ҮАБЗ-ийн асуудлаар Ерөнхийлөгч жилд нэг удаа УИХ-д хаалттай мэдээлэл өгдөг уламжлалтай. Өнгөрсөн намар хийх байсан ч эрх баригч намынхны “зодоон”-оос болж мэдээлэл хийж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Монгол Улсын ҮАБЗ-ийн мэдээлэлд эдийн засаг, нийгэм, хүн ам, аюулгүй байдал, гадаад бодлого гээд тал бүрийн мэдээллийг багтааж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ.
ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧДЫГ ТОМИЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.04.19/ зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томиллоо. Тэднийг томилох саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн байсан бөгөөд өнөөдрийн чуулганы хуралдаанаар прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжсэн юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.
ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг хүргүүлжээ. Энэхүүү бичигт, “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДӨРВӨН АЖИЛТАН ХИЙНД ХОРДОЖ АМИА АЛДАВ
Төв цэвэрлэх байгууламжид есөн хүн хийнд хордож, дөрвөн хүн газар дээрээ нас барсан бол таван хүн хордлогын байдалтай эмчилгээ хийлгэж байна. Осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна. Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн гэжээ. Үлдсэн таван хүний хувьд цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэмж хордсон гэх гурван хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал нь тогтворжиж харьцангуй сайн байгаа гэдгийг албаныхан хэлж буй.
ГАР ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН НОГООН БҮСЭД АЯЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Нийслэлд өнгөрсөн долоо хоногийн амралтын Богд уул, Гоодойн ам, Шадивлан, Ар согоот зэрэг газар гал гарч, иргэдийн орон сууц шатсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга ногоон бүсэд иргэдийг амрах, аялж, зугаалах зэргийг хориглох шийдвэр гаргав. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан байна. Захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургаадугаар сарын 15-н хүртэл хориглолоо.
Мөн Багшийн хөгжлийн ордонд өчигдөр гал гарч, нэг хүн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
С.ЗОРИГИЙН ТӨРСӨН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨВ
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөрт зориулж цэцэг өргөв. Мөн энэ долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явц С.Зориг агсны хэрэгтэй холбоотой УИХ-аас түр хороо байгуулах шийдвэр гарсан юм.
С.Зориг агсан 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Тэрээр амьд сэрүүн байсан бол 57 нас хүрэх байлаа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ