Залуучуудын анхдугаар олимпиос алтан медаль хүртэж, Монголын ард түмний бахархалт охин болж явсан Б.Батцэцэг их спортдоо эргэн ирж, эх орныхоо нэрийг гаргамаар байна хэмээн нулимс дуслуулан ярилаа.
Түүний хувьд улсын аваргадаа итгэлтэй түрүүлдэг болж, насанд хүрэгчдийн хүчтэй өрсөлдөгч болж эхэлсэн ид үедээ бэртэл авсны улмаас дэвжээнээсээ түр буусан юм.
Сайхан мэдээ дуулгахад, тамирчин охины зоримог, дайчин барилдааныг дэмжигчид нэгдэн, "Баавгай" хочит Б.Батцэцэгт туслах аян өрнүүлж, эмчилгээний зардалд нь туслах санаачилга өрнүүлжээ. Энэ талаар өнөөдөр аяныг санаачлагчид болон Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэг нар мэдээлэл хийлээ.
Түүний бэртлийг өвдөгний чагтан холбоос тасарсан хэмээн тодорхойлж байгаа аж. Энэ талаараа Б.Батцэцэг ярихдаа “Энгийн хөдөлгөөн хийхэд зүгээр ч гэсэн мэргэжлийн бэлтгэл хийх боломжгүй болсон. Гудамжинд алхаж яваад хааяа хөл нугарч унах тохиолдол гардаг. Эсвэл өвдөг мултарч байгаа нь сонсогддог” гэж ярив. Уг нь түүний эмчилгээнд хэдэн зуун саяар яригдах хэмжээний зардал бус, ихээр бодоход 20 орчим сая төгрөг шаардлагатай аж.
Фэйсбүүкийн "ЧӨЛӨӨТ БӨХ" группийн санаачилсан Б.Батцэцэгт туслах аянд түүний амьдардаг Налайх дүүргийнхэн хэдийнэ нэгджээ. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас “Дүүргийн иргэн бүр 500-1000 төгрөг хандивлах" санаачилга өрнүүлжээ.
Та бүхэн фэйсбүүкийн "Баавгай Батцэцэгт тусалцгаая" хуудсанд нэгдэн, холбоо барьж болно. Мөн Баатарзоригийн Батцэцэгийн “ХААН” банкны 5749529185 тоот дансанд хандив өргөх боломжтой юм.
Залуучуудын анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Та барилдахгүйгээр багагүй хугацааг үдлээ. Одоо юу хийж байгаа вэ?
-Одоо багшилж байна. 109 дүгээр сургуульд н.Цэрэндолгор багшийнхаа удирдлага дор сурагчидтайгаа ажиллаж байгаа. Ирэх сараас ажлаа хүлээлгэж өгөөд, хагалгаандаа орно. Мөрөөдлийнхөө замаас буцмааргүй байна. Би найман жилийн хөлс хүчээ шавхаж байж Залуучуудын олимпийн аварга болж, их спортоор тууштай хичээллэх туйлын их хүсэл мөрөөдөл, зорилготой болж байлаа. Насанд хүрэгчдийн олимпийн аварга гэж ээж, аав, олон түмнээрээ дуудуулахыг маш их хүсч, зорилгоо болгож ирсэн. Тиймээс ард түмэн минь намайг дэмжиж, энэ удаагийн эмчилгээнд маань сэтгэлийн тус өгөөсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Би залуу хүн болохоор хурдан эдгэж, дэвжээндээ дахиж хөл тавихыг яарч байгаа. Би үнэхээр ингээд цэл залуугаараа гундмааргүй байна.
-Олимпийн аварга болоод ирэхэд монголчууд тэр аяараа уухайлан хүлээж авсан. Гэтэл бэртэл авсны дараа огт өөр болсон талаар нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан?
-2010 онд олимпод ордог жил, амжилт гаргасны дараа бидэнд маш сайхан байсан. Хүн бүр сайхан хандаж, баяр хүргэж, тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Гэтэл хоёр жилийн дараа бэртэл аваад ирэхэд хүмүүс тоохоо больдог юм билээ. Бэртсэнээс хойш миний дэргэд гэр бүл бас багш минь л үлдсэн. Гэхдээ сайн хүмүүс бий. Энэ дашрамд, Саруул эгчдээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Бас Монголын ард түмэндээ намайг мартаагүй байгаад маш их баярлаж байна. Хөдөлгөөнгүй байгаад байхаар жин их нэмэгдэж байна. Гэхдээ олон бэрхшээл байгаа ч давж гарна. Би эдгэрээд, дахиж дэвжээндээ гарч, олон улсын тавцанд Монголынхоо төрийн далбааг мандуулна гэж өөртөө даалгавар өгч байгаа.
-Бэртэл авснаас хойш Чөлөөт бөхийн холбоо болон тамирчин, дасгалжуулагчдаас хэр холбоотой байдаг вэ. Тусалж дэмждэг байсан уу?
-Чөлөөт бөхийн холбооноос маань ярьдаг хүмүүс бий. Миний бэртэлд холбоо хамаагүй л дээ. Том Бурмаа эгч саяхан ярьж байсан. Энэ дашрамд би н.Мөнхбаяр багшдаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Багш маань л надад анх спортын сайхныг мэдрүүлсэн. Тэгэхээр би багшийнхаа ачийг хариулж, улам их амжилт гаргамаар байна.
Б.ЗОЛЗАЯА
ХАНДИВЫН ДАНС:
Хаан банк: 5749529185
Хас банк: 5001381490
Төрийн банк: 312500546579