"Эрдэнэт"-ийн дуулиант баривчилгаа, онц дэглэм тогтоосон Л.Оюун-Эрдэнэ сайдын ажиллагаа, "Стандарт" банкинд тавьсан Ш.Батхүүгийн 40 сая ам.долларын өр төлөлт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгосон зэргээр Төрийн ордонд найруулсан, гол дүр нь Монголын топ улстөрчид болох эмгэнэлт болоод инээдмийн жүжгүүд түрдээ завсарласан бололтой.
Гэхдээ, Засгийн газрын гаргасан шийдвэр, зарим нэг бодлогоо тайлбарласан тайлбар нь, улстөрчдийн хэлсэн үгнүүд өнөөдөр ч сошиалын гол хэлэлцүүлгийн сэдэв болсон хэвээр. Тухайлбал, Зүүнбаянгийн төмөр зам гэх шинэ онигооны эзэд нь ҮАБЗ бөгөөд ердөө Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэх гурван хүний үгээр л Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогууд тодорхойлогдож байна. Гэтэл эдийн засаг өөрөө асар их тооцоо, судалгаан дээр үндэслэгддэг.
Хууль шүүхийн засаглалаа гартаа авсан улстөрчид түрдээ "time out" авсан нь нэг талдаа улс төрийн замбараагүй, завсарлагагүй хэрүүл шуугиан намжсан ч нөгөө талдаа энэ ажин түжний ард ямар "нууц" явагдаж буй нь сонин.
Ямартаа ч ЖДҮ-гийн хэрэг явдал намжиж байгаа нь тодорхой, үе, үе нь албан тушаалтнуудын өөрийн болон хамаарал бүхий компаниудаар авсан асуудал хэрэгсэхгүй болгосон тухай мэдээллийг АТГ-аас цацах болсон.
Ингээд идсэн ЖДҮ мартагдаж, өвөлжингөө өрнөсөн улс төр түр амсхийх болсны ард Үндсэн хуулийн өөрчлөлт чимээгүйхэн хийгдэх нь. Үндсэн хуулийн өөрчлөлт бол найман настай балчир болоод наян настай буурлуудад ч хамаатай том асуудал. Учир нь Монгол Улс аль замаар яаж явахыг зааж өгөх, ард түмэн төр хоёрын харилцааг зохицуулж өгдөг баримт бичиг. Гэвч, Г.Занданшатарын парламентаар тун удахгүй хэлэлцүүлэхээр Д.Лүндээжанцан гишүүний ахалж боловсруулсан хуулийн төсөлд анхаарал хандуулж байгаа нь цөөхөн. Ардчилсан нам л хааяадаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ЖДҮчид хийх ёсгүй гэж буй боловч, бүлэг ч үгүй болсон сөрөг хүчнийг үнэмлэхүй олонх тоож сонсоно гэж үү. ҮАБЗ-өөс ямар л чиглэл ирнэ, түүнийг нь үг дуугүй батлах үүрэгтэй үнэмлэхүй олонх шүү дээ. Үнэмлэхүй олонх ЖДҮ-гийн хэргээ намжаахын тулд ҮАБЗ-д хууль, шүүхийн засаглалыг бэлэглэчихсэн нь ч үнэн.
Үүний хүчинд "Стандарт"-ад тавьсан Ш.Батхүүгийн өрийг төлж, МАН-ын дарга нар өмнөх нүглээ цайруулсан. "Ш.Батхүүгийн хэргийг цагаатгана" гэсэн мэдээлэл яваад байгаа нь санамсаргүй алдсан бор шувуу биш. "Эрдэнэт"-ийн 49 хувийг булааж авсан хийгээд, хууль шүүхийг ҮАБЗ-д бэлэглэсэн шалтгаан нь одоо тодорхой болж байна. Учир нь "Эрдэнэт"-ийг "Стандарт"-ад тавьсан хүн нь Ш.Батхүү ганцаараа биш байсан нь ойлгомжтой болж байна. "Эрдэнэт"-ийн улс төр, Ө.Энхтүвшин сайдын мэдэгдэл, Капиталын дампуурал зэргээс харахад ийм дүгнэлтэд хүрч буй. "Эрдэнэт"-ийг Стандартад тавьсан зээлээс их олон хүн хувь хүртсэн байх магадлалтай. Энэ олон үйл явдал дундаас ийм хардлага ч төрж байна.
Аливаа том дуулиан шуугианы ард түүнээс том хулгай, луйвар нуугддаг бөгөөд үүний төлөө өвөлжин жагсаж, тэмцэж явсан МАН-ынхан өнөөдөр түрдээ амсхийхэд хүрсэн биз. Ийнхүү луйвраа цайруулсан МАН-ынхан санасандаа хүрсэн учраас нь улс төр өнөөдөр түрхэн зуурын "time out"-тай байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ