“Нэг бүс нэг зам” Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

“Нэг бүс нэг зам” Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна

“Нэг бүс нэг зам” Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн өдрийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох болно. Энэ бол Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй хоёр улсын харилцааны томоохон үйл явдал юм. Мөн Монгол Улсын “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад илүү гүн гүнзгий бүх талын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд би Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлалд Монголын найз нөхөдтэй адил дүүрэн хүлээлттэй байна.

“Нэг бүс нэг зам” санаачилга бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга. Уг санаачилгын гол цөм нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжин хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой билээ. “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлснээс хойш 6 жилийн хугацаанд олон улс орон, нийгэмд өргөн дэмжлэг нааштай хариуг авснаар өдгөө хэдийнээ дэлхийн хамгийн том цар хүрээтэй, хамгаас таалагдсан хамтын ажиллагааны талбар, олон нийтийн бүтээгдэхүүн болж чадсан байна. Одоогоор 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, холбогдох хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг  олон улсын чухал механизмын үр дүнгийн баримт бичигт тусган оруулаад байна.

6 жилийн турш бүтээн байгуулалтын санаачилгад нэгдэн орох улс орнуудын тоо нэмэгдэх хэрээр “Нэг бүс нэг зам”-ын тэмүүлэл бодит үйлдэл болон хөрсөнд бууж, үзэл бодлууд бодит үр дүн болон биелж байна. 2013 – 2018 онд Хятад Улс болон Бүс ба зам дагуух улс орнуудын худалдааны нийт эргэлт 6 их наяд ам.доллароос давж, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.доллар давжээ. Энэ нь дэлхийн худалдааны өсөлтийг 1.1%-2.2%-иар бууруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1%-иар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамарсан “6 коридор, 6 зам, Олон улс олон боомт ” гэдэг олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад-Европын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил” зэрэг бүтээн байгуулалтууд тодорхой үр дүнд хүрсэн байна. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад нийт 240 мянган шинэ ажлын байр, 2 тэрбум ам.долларын татварын орлогыг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс нэг зам” санаачилга нь шинэ эриний урсгалыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүчээр хангаж эдгээр улс орнуудад хөгжлийн шинэ тавцанг байгуулж өгсөн гэж болохоор байна.

“Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятад Улс гадаадад нээлттэй байх чухал арга хэмжээ болох бөгөөд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад түлхэц өгөх практик үйл хэрэг юм. Өдгөө худалдааны Проктекционизм болон Нэг талыг баримталсан үзэл газар авч байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд илүү олон тодорхойгүй хүчин зүйлсийг дагуулж байна. Ийм л нөхцөл байдалд “Нэг бүс нэг зам” нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа хүртэх, хамтдаа бүтээх зарчмыг ямагт тууштай баримталж, бүх талын хамтын хөгжлийг биелүүлэн дэлхийн бүх улс орны хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд чухал боломж, талбарыг бүрдүүлж өгөхөөр хичээж байгаа билээ. Энэ бол Хятадын тал Олон талын оролцоот үзэл баримтлал, нээлттэй дэлхийн эдийн засгийн хэлбэрийг хадгалж, дэмждэг болохыг бүтэх дүүрэн харуулж буй хэрэг юм. Үүний төлөө “Нэг бүс нэг зам” нь дэлхий дахины хөгжлийн загвар, дэлхийн засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. “Нэг бүс нэг зам” нь талуудын хамтын хичээл зүтгэлээр сорилтыг хамтдаа даван туулах, хамтдаа цэцэглэн хөгжих боломжийг бий болгох зам болон хөгжиж байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь олон чухал боломжуудтай нүүрлэж байна. “Нэг бүс нэг зам”-ын олон улс дахь нөлөө ба хамтын ажиллагааг өөртөө татах хүч нь тасралтгүй эрчимжсээр байна. Талуудын хөгжлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоо өдөр ирэх тусам нягтарч байна. Дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь олон улсын хамтын ажиллагааны өргөн боломжийг бий болгож байгаа юм. БНХАУ нь өөрчлөлт нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн хөгжлийн ирээдүйтэй, гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаа ч гэсэн асар их орон зайтай гэдэгт эргэлзэхгүй байна. “Нэг бүс нэг зам” нь улам хөгжих тусмаа улам өндөр чанартай байж Монгол Улсыг хамарсан бүх улс орнуудын эдийн засгийн хөгжилд илүү өргөн боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын хүрээнд “Нэг бүс нэг зам” санаачилгын тухай адил бус ойлголттой байна. “Нэг бүс нэг зам” санаачилга нь геополитикийн багаж хэрэгсэл, зарим улс орнуудад өрийн дарамт учруулж мэднэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ нь “Нэг бүс нэг зам” санаачилгын талаар үнэн бодит танилт дутмаг эсвэл буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-гийн хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг “харанхуй нүх” биш, харин “шалбан” болох бөгөөд геополитикийн багаж хэрэгсэл биш харин хамтдаа хөгжих боломж мөн гэсэн байна. “Нэг бүс нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бид бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч, үр ашгийг нь хүртэгч болно. “Нэг бүс нэг зам” нь нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийцсөний талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг түүнд хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэн хэрэг уран хоншоорыг ялна гэдэгчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогч нар л сайн мэдэрнэ.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холболдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. “Нэг бүс нэг зам” санаачилга нь хөрш орнуудын хооронд харилцан ашигтай хамтдаа хожих, чин сэтгэлээсээ харилцан туслалцах, хамтдаа хөгжихөд чухал ач холбогдол өгдөг хөгжлийн өргөн зам болно. “Нэг бүс нэг зам” санаачилга нь Монгол Улсын хөгжилд алтан жигүүр ургуулж өгөх болно.

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш Монголын тал идэвхтэй дэмжин оролцож ирсэн байдагт бид баяртай байдаг. Монголын удирдагчид “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах үйлсэд идэвхтэй дэмжин оролцох болно гэдгээ олон удаа илэрхийлсэн. 2017 онд, Монгол Улсын Ерөнхий сайд “Нэг бүс нэг зам” Олон улсын хамтын ажиллагааны анхдугаар удаагийн дээд хэмжээний форумд оролцсон. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр, “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нэгдсэн саналд хүрсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд олон улсын олон талт арга хэмжээнд оролцохын үеэр “Нэг бүс нэг зам” санаачилгыг олон ч удаа сурталчлан танилцуулж, тус санаачилга нь дэлхийн хөгжилд асар их боломжуудыг авчирсан байна гэж өндрөөр үнэлж, бүх улс орнуудыг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалсан байдаг. Монголын тал нь онгоцны буудалд “Нэг бүс нэг зам”-ын ногоон гарц байгуулах зэрэг холбогдох олон сайхан арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

Хятад, Монгол хоёр улсын “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаа тасралтгүй урагшлан гүнзгийрэхийн хэрээр, бодит хамтын ажиллагааны төслүүд ар араасаа хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Монголын найз нөхөд ч “Нэг бүс нэг зам”-аас бодит ашиг тус хүртэж буйгаа мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. “Нэг бүс нэг зам”-ын ачаар, Монголд авто замын анхны давхар гүүр, анхны хурдны авто зам, анхны орчин үеийн стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болж, хамгийн дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр төслүүд нь Монголын ард иргэдийн амьжиргааны том төсөл болох бөгөөд ирээдүйд түмэн олны амьдралд бодит үр өгөөжөө өгөх болно.

Удахгүй болох гэж байгаа “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум дээр, оролцогч талууд хамтын ажиллагааны нэгдмэл ойлголтыг нэмэгдүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөн, “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэх болно. Энэ удаагийн чуулга уулзалт олон талын онцлог тойгоор хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Нэгдүгээрт хүндэт зочид олноор оролцох буюу 40-өөд орны төр засгийн тэргүүн нар уг форумд оролцохоор Бээжин хотод чуулна. Хоёрдугаарт илүү өргөн хүрээг хамарч байгаа буюу 100 гаруй улс орны олон салбар хэдэн мянган төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Гуравдугаарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тодорхой сэдэв бүхий 12 салбар хуралдаан болохоос гадна, бизнесийн уулзалтыг анх удаа зохион байгуулахаараа онцлог болно. “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум нь амжилттай болж “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын аянд шинэ бэлэг тэмдэг болох нь дамжиггүй юм.

“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө алагласан цэцгүүд бүгд дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн хятадын хэлц үг байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад төрийн айлчлал хийж,  “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцсоноор Монгол Улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад гүнзгий оролцоход илүү сайхан боломж бүрдүүлэх болно гэдэгт итгэж байна. Мөн “Нэг бүс нэг зам” гэх алтан жигүүр нь Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүчээ нэмэрлэн, алсын зорилт аугаа хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд   
ШИН ХАЙМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж