Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад заасны дагуу Салбарын үйлдвэр компаниуд үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоор групп тогтоолгосон болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү ажлын хүрээнд Эрчим хүчний сайдын 2019.04.16-ны өдрийн 117 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад аваарь, осолд орж групп тогтоолгосон 14 хүнийг хүлээн авч “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, мөнгөн урамшуулал олгосон юм.
Эрчим хүчний сайдын тушаалаар яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах эрчим хүчний салбарын орон тооны бус дэд зөвлөл, мөн 2010 онд Эрчим хүчний салбарын дэргэд “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбоо” ТББ-иуд тус тус байгуулагдан 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна. 2019 оны эхний улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын Эрчим хүчний салбараас групп тогтоолгосон 350 орчим ажилтан, ИТА-нууд байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д зааснаар 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэсэн заалт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Холбоотой мэдээ