Шуурга ширүүсвэл түймэр алдах аюултай байна

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Шуурга ширүүсвэл түймэр алдах аюултай байна

Шуурга ширүүсвэл түймэр алдах аюултай байна

Улсын хэмээнд өнөөдөр/2019.04.19/ хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин харагдахгүй болж байна. Ойрын өдрүүдэд ч  17-19 м/с хүчтэй салхилж, шороон шуурга болж магадгүйг Ус  цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлжээ. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас гал түймэр дэгдэх аюултайг Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2019.04.19/ мэдээллээ.

Салхи 17-20 м/с хүчтэй байгаа нь гал түймэр алдахад секундэд 17-20 метр газрыг хамарч болох аюултайг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр хэллээ. Тэрбээр “Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд сануулсаар байгаа. Гэвч гал түймрийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байна. Гал түймрийн шалтгаант нөхцөлийг авч үзвэл дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болдог. Сүүлийн таван жилд гарсан ой хээрийн түймрийн тохиолдлыг авч үзвэл нийт гарсан түймрийн 70 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж байна. Шалтгаан нь  иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотой. Тиймээс хуурайшилтын зэрэг өндөр байхад иргэд гал алдахаас болгоомжлох хэрэгтэй. Та бидний буруутай үйлдлээс болж байгаль экологи, олон хүн эд хөрөнгөөрөө хохирох, цаашлаад хүний амь нас эрсдэж болзошгүй аюултай нөхцөлд хүрснийг Гоодойн зусланд гарсан түймрээс харагдлаа” гэлээ.

Улсын хэмжээнд он гарснаас хойш Булган, Дорнод, Дархан, Хөвсгөл, Хэнтий зэрэг 10 аймгийн 24 суманд 34 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Хутаг  өндөр сум, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 1300 орчим аюулт үзэгдлийн дуудлага ирсний дийлэнх нь обьектийн дуудлага эзэлж байгаа аж. Шалтгаан нь хүний санамсар болгоомжгүй буруутай үйлдлээс болсон буюу өнжмөл шар өвс шатааснаас болж гал түймэр гарч байна гэж НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ой хээрийн түймэр гарсан гурав дахь тохиолдол өчигдөр Богд ууланд бүртгэгдлээ. Ерөнхийдөө зуслангийн бүс орчимд гал түймрийн дуудлага мэдээлэл их бүртгэгдэж байна. Нийслэлийн онцгой байдлын албанд ирж буй гал түймрийн дуудлагын шалтгааны ихэнх нь шар өвс эзэлж байна. Ийм дуудлага мэдээлэл одоогоор 200 орчим бүртгэгдсэн” гэлээ.

НОБГ-т  энэ оны гуравдугаар сараас хойш өнжмөл өвс шатаах гэж байгаад гал алдсан дуудлага мэдээлэл тасраагүй байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2019.04.18/ захирамж гаргаж, иргэн аж ахуй нэгж байгууллагыг ирэх сарын 15-н хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хоригложээ.

Захирамжийн дагуу Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг холбогдох агентлагийн албаны хүмүүс хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Мөн нийслэлийн ногоон бүс орчимд өдөр бүр Онцгой байдлын 80-100 албан хаагч 24.00 цагаар ээлжлэн эргүүлд гарч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж