Техасын Сан Антонио хотын эмнэлэгт энэ оны нэгдүгээр сарын 1-нд 1,3 кг жинтэй хүү мэндэлжээ.
Төрөх үедээ хүүгийн толгой, хөлийн нэлээд хэсэг нь арьсгүй, нүд нь наалдсан байдалтай байсан ба эмч нар түүнд тусгай хувцас өмсгөн, халдвар авахаас сэргийлж тосон түрхлэг түрхэж өгсөн байна. Хүүгийн ээж Присилла Малдонадо “Хүү маань хорвоод мэндэлсэн цагаасаа л эмнэлэгт байсан. Хоёрхон удаа хүүгээ тэврэхдээ бээлий өмссөн. Нүцгэн гараараа хүүхдээ тэврэх өөр шүү дээ” хэмээсэн байна. Эцэг, эх нь хүүд Жабари Грей гэх нэр хайрласан юм байна.
Никлос хүүхдийн эмнэлгийн Арьс өнгө судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ана Дуартэгийн хэлж буйгаар хүний биеийн арьс нь халдвараас сэргийлэх, биеийн температурыг хадгалах үүрэгтэй хамгийн чухал эрхтэн ба ялангуяа хүүхдийн хувьд арьсгүй төрнө гэдэг олон асуудлыг үүсгэх маш ховор тохиолдох өвчин аж. Эмч нар хүүг “epidermolysis bullosa” хэмээх генетикийн өвчин туссан байх магадлалтай хэмээн оношилжээ. Эцэг эхээс нь шинжилгээ авсан бөгөөд хоёроос гурван долоо хоногийн дараа хариу нь гарах юм байна.
Эх сурвалж: Live science
Т.ТУЯА
Холбоотой мэдээ