Иргэний зориг ногоон намаас /ИЗНН/ өнөөдөр /2019.04.19/ мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
ХЭРГИЙН МАШ ОЛОН НОТЛОХ БАРИМТ БАЙДАГ ГЭХ БОЛОВЧ 20 ГАРУЙ МИНУТЫН БИЧЛЭГИЙГ ҮЗҮҮЛСНЭЭР АСУУДЛЫН НЭГ ТАЛД ГАРЧ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий аллага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч С.Зориг агсны хэлсэнчлэн “Монгол хүний саруул ухаан”-д итгэсэн олны итгэл мөхөхөд хүрч байна. С.Зориг агсныг үзэл санааг тээгч нам гэж 2000 онд тунхаглан байгуулагдаж байсан намын хувьд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй тэвчээртэй хандаж ирсэн. Ямар нэгэн байдлаар хөндлөнгөөр оролцохгүй байх зарчим баримталж өдийг хүрлээ.
Харамсалтай нь, сүүлийн үед нөхцөл байдал, хүнд ээдрээтэй байна. Тэр дундаа С.Зориг агсны хэрэг сонгуулийн өмнө хоёр голын намын хоорондын ултсөрийн ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад бид харамсч байна. Энэ хэрэг шийдэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ хэрэг нь өөрөө эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан гэдгийг нэг хэсэг нь ярьж байна.
Хэргийн маш олон нотлох баримт байдаг гэх боловч 20 гаруй минутын бичлэгийг үзүүлснээр асуудлын нэг талд гарч дүгнэлт хийх боломжгүй юм. Зөвхөн бичлэг биш нотлох баримтуудыг үзмээр байна. Үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй. Засгийн газраас хоёр ч удаа материалыг ил болгох шийдвэр гарсан. Тийм учраас бид бүхэн шүүхийн бүх шатны хуралдааны материал тэмдэглэл шийдвэрийг ил болгохыг шаардаж намынхаа мэдэгдлийг гаргаж байна.
Бид үнэнийг олохын тулд цаашдаа улстөрийн тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүйд хүрч байх шиг байна. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Учир нь, нотлох баримтуудыг устгаж захиалагчийг замхруулж магадгүй гэсэн хардлага төрөх болсон. Одоо хэнээс ч айхгүйгээр энэ асуудлыг ярилцах цаг болж” гэлээ.
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 71 МАТЕРИАЛААС 12 ХУУДАС АЛГА БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд байгаа. Тэр дотор хэргийн гол баримтууд бий. Баримтуудаас 12 хуудас алга болсон гэсэн яриа ч гарч эхэлсэн. Цаашдаа 71 хуудас бүхий материал алга болохгүй гэсэн баталгаа байхгүй учраас нэн яаралтай бүгдийг ил болгохыг шаардаад байгаа юм.
Гүйцэтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүлт явагдсан юм бол Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрыг хамтарсан ажлыг хэсэг гаргаад цаанаа захиалагчтай эсэхийг шалгах ёстой. Түүнээс биш Их Хурлын индэр дээрээс эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийг цагаатга сулла гэж ярьж байгаа нь учир дутагдалтай.
Бид хууль хяналтын байгууллагад итгэж өнгөрсөн хугацаанд хүлээсэн. Гэтэл хоёр том нам сонгууль болгоны өмнө С.Зориг агсны хэргийг сөхдөг явдлыг таслан зогсоохыг шаардаж байна" гэв.
ХЭЗЭЭ Ч ХЭРГИЙН ҮНЭН ИЛРЭХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭДГЭЭС МАШ ИХ САНАА ЗОВЖ БАЙНА
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг мэдээллийн төгсгөлд шаардах бичгийг уншиж танилцуулсан юм. “Уг хэрэгт хандаж байгаа МАНАН-ийн үйлдэл нь нэрт улстөрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалттай хөнөөсөн болохыг, тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна.
Энэ хэргийг зарим нам, хууль хяналтын байгууллагынхан өрсөлдөгчөө нухчин дарах, намнах хэрэгсэл болгон ашиглаж, хэргийн нотлох баримтуудыг устган хэргийн мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жил шалгасан хөдөлмөрийг үгүйсгэн хэзээ ч хэргийн үнэн илрэхгүй байх вий гэдгээс маш их санаа зовж байна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц гэдэг халхавчийн дор хэргийг тулган хүлээлгэх, хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хормоглон хэлмэгдүүлж, хилсээр ял үүрүүлэх нөхцөл бүрдүүлэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэх аюул нүүрлэжээ.
Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна. С.Зоригийн амь насанд халдсан асуудлаар байгуулагдсан Улсын Их хурлын түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандаж, олон нийтийг зөв мэдээллээр ханган хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ. Дээрх мэдэгдлийг өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд, Тагнуул болон цагдаагийн байгууллагын удирдлагуудад хүргүүлэх юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ