Иргэний Зориг
намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа.
-Юуны өмнө ИЗН үүсэн байгуулагдсаны 10
жилийн ойг тэмдэглэж буй та бүхэнд баярын мэнд хүргэе. Яг энэ өдрүүдэд Иргэний Зориг нам өөр намтай
нэгдэх тухай яриа гараад байгааг танаас тодруулахыг хүссэн юм. ИЗН, Ногоон нам нэгдэхээр болсон гэсэн мэдээллийг Ногоон намын
дарга Д.Энхбат хэвлэлд өгсөн байна. Харин ИЗН-ын зүгээс байр сууриа илэрхийлээгүй байгаа шүү дээ?
-Баярлалаа, Орон даяар намынхаа ойг
тэмдэглэж байгаа намын гишүүд болоод дэмжигч олонд баярын мэнд хүргэе. Ногоон намаас нэгдэх саналыг ИЗН-д ирүүлээд удаагүй байна. Энэ тийм амар хялбар, богино хугацаанд шийдэх
асуудал биш. ИЗН-ын хувьд шийдвэр гаргах төвшинд эрх бүхий
байгууллагаараа хэлэлцэж хараахан амжаагүй байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, Ногоон намтай нэгдэнэ, эсвэл нэгдэхгүй гэсэн ямар
нэг шийдвэр гараагүй байна.
-Гэхдээ энэ саналд намын гишүүд болон
удирдлагууд хэрхэн хандаж, яаж хүлээж авч байгаа вэ?
-Иргэний Зориг
нам Монгол Улсад ардчилсан ёс, парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөө тууштай ажилладаг улс төрийн хүчин. Энэ зорилгынхоо төлөө бусад нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран
ажиллаж ирсэн. Тухайлбал, манай намтай 2000 онд Монголын төлөө нам, Орон
нутгийн хөгжлийн нам, 2002 онд Монголын Бүгд найрамдах нам,
2008 онд Монголын үндэсний
эв нэгдлийн нам тус тус нийлж, өнөөдрийн ИЗН-ыг
төлөвшүүлсэн юм.
Монголын ардчиллын хөгжил, төлөвшлийн төлөө ийн нэгдэн нийлснийхээ хэрээр үйл
ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулж, олон нийтэд хүрч ажиллах
болсон.
Ногоон нам бол Монголд ардчиллыг хөгжүүлэх, төлөвшүүлэхийн төлөө ажиллаж ирсэн, улс төрийн анхдагч хүчнүүдийн нэг.
Ялангуяа байгаль орчин, эх дэлхийн экологийн асуудал хурцадсан энэ хүнд үед тус намын үйл ажиллагаа,
үзэл баримтлал маш чухал, төрийн бодлогод зайлшгүй тусах
ёстой. Бид мөнгө олох,
Оюутолгой, Тавантолгойгоо ашиглах, хүн амаа орлоготой
болгох, эдийн засгаа хөгжүүлэх ёстой
байж болно. Энэ бүхний
цаана хөгжлийн үндэс
суурь нь экологи, байгаль орчин гэдгийг ямагт санаж явах ёстой. Ийм ч учраас
Ногоон намын үзэл санаа тун чухал юм. Үүнийг төрийн бодлого хэрэгжүүлэх төвшинд хүргэх, улам хүчтэй болгохын тулд
Иргэний Зориг намтай нэгдэх
нь илүү үр дүнтэй гэдэгтэй би санал нэгдэж байгаа. Ногоон нам, ИЗН
нэгдэхийн төлөө тууштай явах ёстой.
Гэхдээ
хоёр нам нэгдэх асуудлыг одоогоор судалж байна. Хоёр намаас ажлын хэсгийг гурав,
гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж байгаа. Ногоон намын зүгээс ямар үндэслэлээр нэгдэх саналыг гаргасан юм бэ, нэгдэх нь
улс төрийн ямар үр дагавартай гэж тооцоолсон юм бэ, гээд саналтай нь холбоотой зарим зүйлийг
тодруулах, хоёр талаас
мэдээлэл солилцох зорилготой ажлын хэсэг
юм.
-Нэгдэх асуудлаар хоёр нам эхний шатанд
тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурсан гэсэн шүү дээ?
-Дээр дурдсан
ажлын хэсгүүдийн төвшинд хоёр тал санал солилцож, дүгнэлт
гаргасныг хэлж байгаа юм болов уу даа. Ажлын хэсгүүдийн төвшинд ярилцсаныг намууд нэгдэх асуудлыг шийдвэрлэчихсэн мэтээр Ногоон намын дарга
Д.Энхбат мэдэгдсэн байна лээ. Уг нь хоёр намын аль аль нь намын дүрмийн байгууллагуудаараа хэлэлцээгүй
байгаа асуудал шүү дээ. Хэрэв
аль нэг шатны дүрмийн байгууллагаараа хуралдаад шийдвэр нь гарсан бол бидэнд
мэдэгдэх ёстой. Одоогоор тийм мэдээлэл алга. Д.Энхбат дарга яарч, түргэдсэн
мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Хоёр намын нэгдэх явцад саад учруулах
гэсэн санаархал, эсвэл улс төрийн өөр ямар нэг зорилготой зориуд хийсэн алхам юм болов уу. Ногоон намыг нэг хүний, тэр
тусмаа Д.Энхбатын нам гэж бодохгүй байна. Ногоон намын гишүүд нь хуралдаж
хэлэлцээгүй байхад тийм мэдээлэл түгээсэнд гайхаж байгаа. ИЗН-ын хувьд өөр намтай
нэгдэх асуудлыг дүрмийнхээ дагуу Улс төрийн зөвлөл, Үндэсний хороо хуралдаж
хэлэлцэнэ, мөн гишүүд, анхан
шатны байгууллагуудын саналыг
авна, эцсийн шийдвэрийг Намын Их хурлаараа хэлэлцэж гаргах юм. Энэхүү дүрмийн дагуу
хэлэлцэхэд тодорхой хугацаа
шаардагдах нь тодорхой. Хоёр нам нэгдсэн тохиолдолд улс төрийн ямар үр дагавар үүсэх вэ, үзэл баримтлал
маань юу байх вэ, хэрхэн яаж нэгдэх вэ гээд зарчмын асуудлуудад эхлээд хариу өгөх ёстой. Дараа нь нам хэдэн даргатай, хэн байх вэ
гэдэг намын гишүүд, зохих шатны байгууллагын шийдвэрлэх асуудал шүү дээ. Ер нь Ногоон нам, ИЗН нэгдэх саналыг гишүүд, дэмжигчид маань гаргаж тавиад байгаа учраас л үүнийг судлах,
энэ талаар ярилцахаар ажлын хэсгүүд гарсан
юм.
-Хоёр
ажлын хэсэг санал солилцоод намууд нэгдсэн тохиолдолд хоёр даргатай байх, эрх
барих байгууллагуудад тавь, тавин хувиар төлөөлөлтэй байхаар
ярилцсан юм уу?
-Ногоон нам нь
Монголын анхны улс төрийн намуудын
нэгийн хувьд бид хүндэтгэдэг.
ИЗН хэдийгээр Ногоон намаас сүүлд байгуулагдсан боловч улс төрийн тавцанд тус
намаас илүү урт хугацаанд байнгын, идэвхитэй, тасралтгүй үйл ажиллагаа
явуулсан, алдаа оноо, туршлага,
гишүүнчлэл, анхан шатны
байгууллага гээд аль ч талаараа давуу юм. Дэргэдээ эмэгтэйчүүд, залуучууд,
оюутны зэрэг байгууллагуудтай нам. Өнөөдрийн байдлаар ИЗН, Ногоон нам парламентад
адилхан нэг, нэг суудалтай боловч улс төрийн байгууллагын
хувьд олон талаараа ялгаатай.
ИЗН 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт анхан шатны байгууллагатай, хамгийн сүүлийн бүртгэлээр 36
мянган гишүүнтэй. Хөдөөгийн 300
гаруй сумын 110 суманд үүртэй. Ийм
нөхцөлд нэгдлээ гэхэд бүх шатанд 50,50 хувиар хуваах уу гэдэг нь бодох, хэлэлцэх л шаардлагатай
асуудал.
-Манай сонгуулийн тогтолцоо, хуулийн орчин улс төрийн
гуравдагч хүчнийг ямагт шахаж ирсэн. Үүнээс болоод
намууд нэгдэх шаардлага тулгардаг гэж үзэх хүмүүс олон
байдаг. Гэхдээ юун түрүүнд улс төрийн намууд
нэгдэх үйл явц үзэл баримтлал, итгэл үнэмшлийн ижил төстэй талууд дээр суурилах ёстой болов уу?
–Өнөөдөр улс төрийн намуудын
үзэл баримтлалын ялгаа бараг үгүй болж, ижилсэж байгаа гэдэг боловч барууны, зүүний гэсэн чиг
баримжаагаар хуваагдаж л байгаа шүү дээ. Ногоон
намтай нэгдэхээс үүдээд бас
нэгэн зарчмын асуудал үүсч
байгаа нь яах аргагүй үзэл
баримтлал маань юу болж хувирах вэ гэдэг асуудал. Дэлхийн улс төрийн ертөнцөд Ногоон
намууд зүүн талд явж ирсэн. Гэтэл ИЗН либерал, барууны үзэл
баримтлалтай улс төрийн хүчин. Үзэл
баримтлалын хувьд хоёр талд харьяалагддаг улс төрийн хүчнүүд нэгдэх нь зохистой юм уу, энэ тохиолдолд аль нь үзэл
баримтлалаасаа ухрах юм бэ гээд асуудал үүсч байгаа биз? ИЗН-ын
хувьд олон улсад үйл ажиллагаа
явуулдаг барууны намуудыг
нэгтгэдэг Либерал интернэйшнл байгууллагын ажиглагч гишүүн. Ногоон намтай нэгдэх эсэх асуудлыг авч үзэхдээ хамтын
ажиллагаатай бусад байгууллага, нам хүчний эрх ашигтай бас
уях хэрэгтэй.
Тухайлбал, бид АН-тай өмнөх
сонгуулиудад хамтарч ажилласан, 2012 оны сонгуульд ч хамтран оролцохоор гэрээ байгуулсан. Тиймээс бид олон зүйлийг дотроо
сайтар ярилцаж, мөн Ногоон намынхантай санал бодлоо сайн солилцох шаардлагатай байна.
-Нэгдэх, нийлэх асуудал зөвхөн танай
хоёрын намын хүрээнд өрнөж буй санал
санаачилга биш бололтой. Бусад улс төрийн намууд ч энэ асуудлаар яриа, хэлцэл өрнүүлэхэд бэлэн
байгаагаа мэдэгдэж байна. Үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
-ИЗН парламентыг
засаглалыг хөгжүүлэх, олигархжсан төрийг эрүүлжүүлэх, ардчиллыг хамгаалахын төлөө байгаа улс төрийн ямар ч
нам, хүчинтэй хамтран ажиллахад
бэлэн байна. Харин Монгол Улсад диктатур тогтоох, иргэдийн эрх чөлөөг хазаарлах,
хувийн өмчид халдах, засгийн
эрхийг бүхий л арга хэрэглэн авахаа зарлаж байгаа, Ерөнхийлөгчийн
засаглалыг дэмждэг улс төрийн хүчинтэй бол үгүй.
-Та ҮШН-ыг хэлж байна уу?
-Жишээ нь. Тус
намыг болон түүнийг тойрсон магадгүй
зохиомол хүчнийг хэлж байна. Өнөөдөр Монголд төрөөс бий болсон
олигархиуд, тэдний өөрсдөдөө зориулсан төрийн тогтолцоо, сонгуулийн орчныг өөрчлөхгүйгээр бид цаашаа хөгжихгүй. Төрийн эрх мэдлийг өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, хамгаалах хэрэгсэл болгож буй гажуудлыг
таслан зогсоох хэрэгтэй байна. Бид хэсэг нөхдийн хамт саяхан Монголын Оюутны ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойг ёслол төгөлдөр
тэмдэглэлээ. Энэ үеэр Монгол
Улсын Баатар Э.Бат-Үүлийн “Хувьсгал хийхийн учир” илтгэлийг хэлэлцэж,
санаа бодлоо солилцлоо. Тэгээд ардчиллаа хамгаалахын тулд дахин хувьсгал хийх
цаг болжээ гэдэг санал дээр нэгдсэн.
Дөнгөж сая 20
жилийн тэртээх оюутнууд өнөөдрийн оюутан залуучуудтайгаа нийлээд зохион байгуулалттай хөдөлгөөн санаачлан зохион байгуулалтад орж байгаа гэдгийг
сонслоо. Энэ санаа зорилгод нэгдэж байгаа нөхдөдөө баяр хүргэе. Бид ч энэ бүх үйл хэргийн төлөө нэгдэн
нийлэх ёстой юм.
Өнөөдөр улс төрийн нам хүчнүүдийг том
жижиг гэж их ялгаж зүйрлэх юм, эсвэл нэгдэгч, хоёрдагч, гуравдагч гэх
мэт бас ангилаад л байна. Жижиг гэлтгүй тавьсан зорилго нь зөв байгаад түүнийхээ төлөө тууштай
ажиллаж чадсан хэн ч амжилтад хүрдэг гэдгийг ИЗН-ын өнгөрсөн 10 жилийн түүх харууллаа.
Авилгалын эсрэг
хууль батлах, бие даасан байгууллагатай болох, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчэд
татварын хөнгөлөлт, дэмжлэг
үзүүлэх, Атрын III аяныг өрнүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн орчинд чухал
нөлөө үзүүлсэн олон
алхмыг Иргэний Зориг нам
санаачлан үүнийхээ төлөө ажилласныхаа үр дүнг өнөөдөр амьдрал дээр харж байна. 10 жилийн өмнөөс өмнөө тавьж ирсэн зорилтууд нь өнөөдөр амьдралд хэрэгжээд, үр дагаврыг нь ард нийтээрээ хүртээд л явж
байна.. Тэгэхээр тууштай, итгэлтэй үйл ажиллагаа,
тэмцэл бүхэн том, бага
гэлтгүйгээр үр дүнд хүрдэг юм байна.