Үе үе эх орныхоо сайхныг янз янзаар мэдрэх гоё. Ийм нэгэн дуудлагаар хаврын хавсаргыг үл анзааран малчны хотыг зорьсон юм. Үнэндээ аз тохиосон л доо. Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ОТВ-ийнхэн Монголын тухай англи хэл дээр нэвтрүүлэг хийнэ, анхных нь “Монголын хавар, малчны нэг өдөр” сэдэвтэй, сонирхож байвал хамт явж болно гэхээр нь дагаад туучихсан маань ойр мөдөд сэтгэлээс гарахгүй нэгэн сайхан дурсамж болон сэтгэлд хоногшсон юм.
Зорьж очсон малчных бол Төв аймгийн Баяндэлгэр сумын “Галуут” багийн малчин Батбаатарынх юм. Эднийх Багануураас цаахна, Хэрлэн голоос хоёр км-ийн наана хаваржиж байна. Тэмээнээс бусад, бог голдуу нэлээд олон тооны малтай айл. Энэ жилийн төлөө оролцуулаад тоолоход дараа жил бараг л мянгат малчин болох хэрийн хөрөнгөтэй гэр бүл. Биднийг очиход гэрийн эзэн Батбаатар хонинд явсан, эзгүй байлаа. Харин гэргий Мядагаа нь хадам ээж, дунд сургуулийн сурагч охинтойгоо гэртээ байсан. Хүү Төрөө нь адуундаа явжээ. Бага нь гуравтай, ах нь есэн настай хоёр хөөрхөн хүү байсан нь гэрийн эзний дүүгийн хүүхдүүд аж. Тэднийг малд ойрхон байлгаж, малд нүдтэй монгол болгох гэж энэ жил гэртээ байлгаж байгаа юм билээ.
Өглөө гарахад сэрүүн, хавсарга тавих шинжтэй байсан ч өдөр дулаарч нар гийсэн сайхан өдөр болсон нь хотын хөнгөн нимгэн хувцастай нөхдийг ивээх мэт сайхан. Телевизийнхэн монголчуудын өнөөгийн бодит амьдралын талаар ямар ч нэмэр, хачиргүй энгийн нэвтрүүлэг хийх учир шууд л ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл, машинаас бууж, айлд орсон цагаас л болж буй бүхийл үйл явдлыг дуранд буулгаж, хөтлөгч бүсгүй мэдье, асууя гэсэн бүхнээ ичиж нэрэлхэлгүй асууж байсан юм. Эзэгтэй Мядагаа цагаан идээ, боов боорцог өрсөн ширээнээ урьж, шинэ цайгаар дайлаад, удахгүй хоол болно гээд хадам ээжтэйгээ хамт том том бууз чимхэж гарав. Тэр хооронд бид малын хашаанд очиж нялх ишигнүүд хэрхэн хаврын наранд эхийгээ үгүйлэн майлалдаж байгааг харлаа. Батбаатарынх тэр үед100 гаруй ишигтэй болоод байсан бөгөөд тэднийгээ гурван хөрөв болгон хувааж тус тусад нь хашсан байсан. Түрүүнд төрснүүдийг нь тээр цаана хол, өөр газар хашжээ. Тэднээс арай сүүлд төрснийг нь дунд хөрөв хэмээж, том хашааны нэг тасалгаанд байлгаж байгаа бол бага хөрөв буюу ердөө хоёр, гурав хоногийн өмнө төрсөн ишигнүүдийг хамгийн дөт тасалгаанд нэг дор хашсан байсан. Ингэж ялгадаг нь нялх төлийн аюулгүй байдлыг хангаж байгаагийн зэрэгцээ орой эх нь бэлчээрээс ирэхэд тавьж өгөхөд амар гэж тэр юм байна. Нялх мал эхийгээ танихгүй, олохгүй бол тэр шөнөдөө хоосон хонож мэдэх тул гурав, төрснөөс хойш дөрөв хоногийн турш заавал гардаж таниулжхөхүүлдэг ажээ. Өнөө хоёр бага насны хөвгүүд нялх ишигнүүдийг харин ч нэг гараасаа гаргадаггүй бололтой. Ийш нь ч, тийш нь ч хөөж туугаад өөрсдийнхөө гарын аясаар “маллаж” байх нь өхөөрдөм. Тэр хашаанд нэг сонин юм харлаа. Нэг нялх хургыг ямаанд авахуулж байх юм. Ямааны ишиг нь нүд аньсан, харин хурганы эх нь үхсэн учраас эх малыг төлтэй байлгах, нялх төлийг эхтэй байлгах үүднээс ийнхүү эх, төл болгон холбодог ёс байдаг юм байна. Анх харахад их сонин, этгээд санагдсан ч тайлбарлахыг нь сонсоод гайхахаа байсан л даа. Харин ч зөв юм байна гэж бодсон. Нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй хотынх. Түүнд мэдэхгүй зүйл байна аа. Мань хүн хотонд нялх ишигнүүд л байгаа болохоос хурга харагдахгүй байгаад ихэд гайхаж байгаагаа нуусангүй. Гэрийн эзэн Батбаатар хэдийнэ бэлчээрээс ирсэн байсан тул түүнээс энэ тухай асуухад нь “Хурганууд хөдөө байгаа” гэв. Хөтлөгч бүр гайхсан янзтай “Хөдөө” гэж дахин дахин асууна. Малчид бэлчээрт гэхийг хөдөө гэж ярих нь байдаг. Малчин хүний язгуурын монгол хэллэг хөтлөгчийг ийнхүү түр зуур ч болов төөрөгдөлд оруулаадхасан. Тэд сая нэг юм ойлголцоод хөдөө буюу бэлчээрт байгаа хонины зүг явж байдалтай танилцахаар болов.
Батбаатарын хүү Төрөө адуугаа авчирч хөтлөгч бүсгүйд хөнгөн хөлтэй сартай хонгор морь барьж өглөө. "Гайгүй ээ, номхон. Адуунаас барьсан даруйд жаахан шарвалзах гэх байх. Удахгүй зүгээр болчихно" гэсээр юу юугүй эмээллээд бүсгүйг “Морд” гэлээ. Гэрийн эзэгтэйн уужуу сайхан хар торгон дээл өмсч, алчуур уруу нь боосон хөтлөгч харин ч айж эмээсэнгүй сэвхийтэл мордсон. Гэхдээ гэрийн эзэн хаширлаад хонины бэлчээр тийш хөтлөөд явав. Юмыг яаж мэдэх вэ, хотын бээвийсэн бүсгүй мориноос унаж мэднэ гэж бодсон нь илт байлаа. Хойд уулын энгэрт тааваараа бэлчих хонин сүргийн захад өнөө хоёр ярилцлагаа үргэлжүүллээ. Энэ сүргийн хонь бүгд хургаа дагуулж явна. Бусад хургалах хонь нь тусдаа яваа юм байна. Ямаанууд бүр өөр газар бэлчиж яваа. Нийт 500 орчим хонь, ямаа төллүүлэх гэж, төлийг нь эсэнд мэнд хүлээж авч, бойжуулж мал болгох гэдэг амаргүй ажил болохыг энэ мэт ангилан ялгалт, гурван сүргээ байнга хариулж байх, орой ишигнүүдийг эхэд нь тавьж хөхүүлэх гэх зэргээр малчны нэг өдрийн ажилд төгсгөл гэж үгүй болохыг ярилцлагын явцаас мэдэж авч байлаа. Энэ бүхний тухай гэрийн эзэн дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөд төллөх хонь руу явахыг санал болгосон юм.
Уулын энгэрээс уруудан тэртээ голд дэрсний захад идээшилж яваа хонин сүргийн зүг бүгд явцгаалаа.
Хээлтэй хонь. Ширүүн туух нь бүү хэл хажууд нь чанга хашгирахаас ч эмээхээр юм билээ. Том гэдэстэй, удаан явдалтай. Бүр тулчихсан, хэзээ өнөөгүй хургалах гэж байгаа нь шууд л ялгарна. Энэ сүргийн дэргэд тэгтлээ удаан байсангүй эргээд гэрт ирцгээсэн. Орж ирмэгц гэрт байсан эмэгтэйчүүд уур савссан халуун бууз, үүцний махны чанасан тарган хавиргаар дайллаа. Гал дээр жигнэсэн, үхрийн махтай, том том бууз амтархан идээд, хөтлөгч монгол гэрийн тухай үзэгчдэд тайлбарлаж бичүүлээд мөн л гарцгаалаа.
Орой болсон тул нялх ишигнүүдийг эхэд нь тавьж өгөх ажил эхэллээ. За, энэ бол Монголын хаврын жинхэнэ өнгө, бэлчээрийн мал аж ахуйтай талын монголчуудын өвөрмөц ахуйг илтгэх нэгэн содон төрх байлаа. Өнөөх гурван хөрвийн их хөрвийн ишигнүүдийг зүгээр л хашаанаас гаргачихдаг юм байна. Эрхбиш арваад хоногийн өмнө төрсөн юм гэсэндээ нэлээд будилж өөр ямаа дагаж хэсэг тууж яваад ирэх ч эцэст нь өөрийнхөө эхийг олоод хөхдөг аж. Өнөө хоёр, дунд болон бага хөрвийн ишигнүүд үү. Оройжин юм болдог юм байна. Дунд хөрвийн хэдийг яахыгнь харж байгаад болохоо байвал эх эхэд нь тэвэрч аваачна. Багуудыг бол анхнаас нь л гардаж хөхүүлэх ажээ. Тэгэхгүй бол нэг ямааг зургаагаас долоон ишиг дагаад хашаан дундуур ямаа хаашаа, ишиг тийшээ яваад л байдаг юм байна. Эх ямаануудыг хэзээ ишиглэснээр нь ангилж эвэрт нь өөр өөр өнгийн будаг түрхдэг ч юм байна. Хөтлөгч бүсгүй энэ бүх ажилд гар бие оролцон ишиг эхэд нь тавьж өгч, эвэртээ будагтай ямаа хашаанаас гаргах гэж чирэх зэргээр ер нь үзээгүй л юмаа үзэх шиг болсон.
Хавар оройн наранд хашаа хорооны бужигнаанаас боссон бууцны ширхэг гялтганан хуйлрахтай нялх төлийн цангинасан дуу сүлэлдээд “Миний Монголоос өөр хаана ч ийм дуу, өнгө, төрх олохгүй шүү дээ. Энэ бүхнийг мэдэрч, огшиж, гайхаж, гайхуулж явдаг монголчууд бид азтайяа” гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд, яг л тэр гялтганан эргэх бууцны ширхэг мэт бужигнаж байсан юм.
Монголын минь хавар ийм гоё.
Р.ОЮУНЖАРГАЛ