Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм хэмээн ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн шүлгийг “Суварган цэнхэр уулс” киноны байлдагч Сүрэн эв дүй муутайхан уншдаг хэсгийг та санаж байна уу?
Монголын кино урлагт хэзээд хуучрашгүй олон сайхан бүтээл байдгийн нэг нь яах аргагүй "Суварган цэнхэр уулс".
Бид энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор эх орныхоо торгон хил дээр алба хааж, эрэлхэгээр амь насаа алддаг Сүрэн байлдагчийн дүрээр залуу насаа мөнхөлсөн Г.Бадамхатан гуайг урилаа. Ингээд байлдагч Сүрэнгийн 40 гаруй жилийн өмнөх амьдралынх нь сайхан дурсамжаар аялъя.
-Анх 27 насандаа цэргийн алба ч хааж үзээгүй залуу “Суварган цэнхэр уулс” киноны байлдагч Сүрэнгийн дүрд тоглосон гэж дуулсан. Кинонд хэрхэн тоглох болсон тухай дурсамжаасаа эргэн дурсана уу?
-Тийм ээ. Би 27 настай байсан. “Суварган цэнхэр уулс” уран сайхны кинонд тоглохдоо цэргийн алба хаагаагүй байсан юм. Би 1976 оны зургадугаар сард ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн институтийн Ашигт малтмалын баяжуулагчийн ангийг төгсөж ирээд, Уул уурхайн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Бараг жил орчим л ажиллаж байсан байх. Манай гэр Циркийн хажууд байдаг болохоор үдийн цайны цагаараа дандаа гэртээ очиж, цайгаа уудаг байсан юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн. Би Их дэлгүүрээс талх аваад л харина. Манай хүрээлэн чинь Хууль зүйн яамны урд талын хоёр давхар байшинд байдаг байсан. Тэгсэн нэг өдөр нэг ширүүн төрхтэй хүн араас дагаад болдоггүй. Эргээд харахаар нэлээд урт үстэй, бакалын түрий эргүүлчихсэн хүн харагдлаа. Би ч дотроо нэг атаман “Надаас мөнгө авах гэж байгаа юм болов уу” гэж бодсон. Тэгсэн чинь намайг дуудаад, энгэрээсээ Монгол кино үйлдвэрт ажилладаг гэсэн үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Хуучин киноны уран бүтээлчид маань гол дүрээ хотоор явж хайдаг байжээ. Миний хувьд кино үзэж байснаас өөрөө тоглоно гэж төсөөлж ч байсангүй.
Анх намайг заставын дарга Цэндийн дүрд тохирох хүн байна гэж харсан юм билээ. Кино үйлдвэр дээр шалгаруулалтад орох үед дэслэгч хувцас өмсгөөд, тал талаас зургийг минь авсан. Зургаа гаргаад харсан чинь манай киноны зөвлөх П.Чогдон хурандаа “Заставын дарга хотын сурвалжлагч бүсгүйтэй нуруугаараа ижил байх нь зохимжгүй юм байна” гээд намайг байлдагч Сүрэнгийн дүрд тоглуулах санал гаргасан.
Ингээд шалгаруулалтад орсноос хойш хоёр өдрийн дараа Кино үйлдвэрээс хүн ирж, манай дарга нартай уулзаад 45 хоногийн чөлөө авч байлаа. Тухайн үед “Аливаа иргэн кинонд тоглох дүрд сонгогдсон бол албан байгууллага нь шууд чөлөө олгоно” гэсэн Сайд нарын зөвлөлийн тогтоол байсан юм. Тэгээд би 45 хоногоор Дорнод аймгийн хилийн 24 дүгээр отряд руу цэргийн онгоцонд суугаад явлаа.
-“Суварган цэнхэр уулс” киноны зураг авалтыг он дамнан хийсэн тухай өмнө нь МУГЖ Н.Батцэцэг гуайтай уулзахад ярьж байсан. Хилийн цэргийн амьдралтай хэрхэн танилцаж, хэр дассан тухайгаа яриач?
“Суварган цэнхэр уулс” уран сайхны киноны зураг авалтын үеэр жүжигчин Н.Батцэцэгийг анх удаа харж байсан. Өмнө нь Н.Батцэцэгийг тоглосон кинонуудаар нь дамжуулан харж байлаа. Тэр үед Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг маань гуравдугаар курсийн оюутан, Т.Төмөр-Очир, Ц.Төмөрбаатар нар маань төгсөх курсийн оюутан байлаа. Намайгаа бодвол энэ хэд маань өмнө нь хэд хэдэн кинонд тоглосон туршлагатай. Надад зураг авалтын эхний хэсэгт их хэцүү санагдсан. Найруулагч нартаа байнга загнуулна. Найруулагч маань “Кинонд тоглохдоо хүн байгаагаараа л байдаг. Тайзны жүжиг бол хүнээс жүжиглэх ур чадвар шаарддаг. Чи байгаагаараа байхад л болно. Чамаас ямар ч жүжиглэх авьяас гарахгүй” гэж урамшуулж байлаа.
Тэгсэн энэ киноны зураг авалт арай дуусаагүй байж байтал намар эрт цас орчихлоо. Бидний зуны нөхцөлд авч байсан зураг маань гэнэт өвөл болчих нь тэр. Байшингийн дээвэр, заставын хашаан дотор орсон цасыг шүүрдээд цэвэрлэчихнэ. Харин уулын цасыг арилгах ямар ч боломжгүй шүү дээ. Тэгээд киноны уран бүтээлчид дахин 1978 онд зурганд гарсан байдаг. Тэр хугацаандаа хилийн цэргийн амьдралыг биеэр мэдэрч, сайн танилцсан даа. Тэр үеийн хилийн цэргүүдийн хамгийн ахмад нь 22 настай байсан. Т.Төмөр-Очир бид хоёр чинь хөгшин цэрэг. Бид хоёрыг ёсолгоо хийгээд, хувцсаа өмсөхөөр нөгөө цэргүүд маань инээгээд болдоггүй. Тэгсэн 14 хоногийн дараагаас бид хоёрын алхаа гишгээ, ёсолгоо жигдэрч эхэлсэн дээ.
-Харамсалтай нь байлдагч Сүрэн хил зөрчигч барих гэж яваад, амиа алддаг. Анх киноны зохиол дээр байлдагч Сүрэн арай өөр хувилбараар амиа алддаг тухай бичсэн гэдэг үнэн үү?
-“Суварган цэнхэр уулс” уран сайхны киноны зохиолын эхний хувилбарт “Байлдагч Сүрэн аадар бороонд туугдаж яваа адуун сүргийг зогсоох гэж яваад эрэг рүү нисэж үхдэг ” тухай бичсэн байсан. Тэгсэн П.Чогдон баатар “Монгол хүн моринд тун гарамгай. Сүрэн байлдагч морин дээрээс үхэж болохгүй. Өөрөөр үхүүлнэ” гэсэн. Тэгээд уран бүтээлчид маань ярилцаад, байлдагч Сүрэн маань заавал эх орны хил дээр алба хааж байгаад үхэх учиртай гээд хил зөрчигчидтэй тэмцээд, амь эрсэдсэн тухай гардаг юм.
Кино маань эхлээд кино театруудаар гарч, дараа нь телевизээр гарч эхэлсэн. Тэгсэн манай хамаатны эгчийн ач нь кино үзэж байснаа “Хатан ах үхчихлээ шүү дээ” гээд уйлж байсан. Тэгсэн эгч маань над руу утсаар залгаад “Ах нь үхээгүй ээ. Энэ чинь кино байхгүй юу” гэж тайлбарласан гэдэг. Энэ кинонд тоглосны дараагаар хотын гудамжаар явахаар хүмүүс эргэж харна. Бас гэр бүлтэй ч гэсэн “Танилцаж болох уу” гэсэн ганц, хоёр захидал ирдэг байлаа.
-Мэргэжлийн жүжигчин биш болохоор Сүрэнгийн дүрд тоглоход бэрхшээлтэй зүйл байв уу. Найруулагч нартаа загнуулахын хажуугаар хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Кинон дээр байлдагч Сүрэн хотоос ирсэн царайлаг сурвалжлагч бүсгүйд хоол зөөж, үйлчилдэг. Тэгээд сурвалжлагч бүсгүйд “Танд л хоол зөөх сонирхолтой байна” гэсэн утгатай үг хэлээд, шүлэг унших ёстой байдаг юм. Яруу найрагч Ц.Цэдэнжав гуайн шүлгийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай “Хүний мөр” уран сайхны кинонд уншдаг алдартай шүлэг шүү дээ. “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ” гээд уран сайхны аргаар гоё унших ёстой. Тэгсэн би их тааруу уншчихгүй юу. Яг тэр хэсгийн зургийг хоёр, гурван удаа авснаа оператор Н.Зундуй гуай, найруулагч хоёр гэнэт тачигнатал инээлээ.
Тэгээд “Ерөөсөө энэ шүлгийг анхны хувилбараар нь үлдээе. Хил дээр байгаа цэрэг заавал шүлгийг гоё унших албагүй шүү дээ. Хамгийн гол нь сэтгэлээсээ унших хэрэгтэй. Чи сая шүлэг уншсан биш ярьчихлаа” гэж шоолж билээ.
Би чинь хотод төрсөн хүүхэд учраас үнэндээ морь мал унаж үзээгүй байлаа. Тэгээд “Аадар борооноор тэр олон адууг яаж хураах вэ” гэж толгойгоо гашилгаж байтал өөр хувилбарт шилжснээр тэр хэсгийн зураг авалтыг хийгээгүй.
-Танд өөр кинонд тоглох санал ирсэн үү?
-Би дараагаар нь “Давааны цаана даваа” уран сайхны кинонд хотоос ирсэн урлагийн бригадын дуучин залуугийн дүрд тоглосон. Тэрнээс хойш надад кинонд тоглох санал ирдэг байсан ч өөрөө их дуу цөөтэй хүн байсан учраас татгалзсан. Эрдэм шинжилгээний ажил маань ч хөдөө гадаа их явдаг байлаа.
-Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу. Хүүхдүүдээс нь урлагийн замыг сонгосон болов уу?
-Би ханьтайгаа ОХУ-ын Эрхүү хотноо суралцаж байхдаа танилцсан түүхтэй. Энэ кино маань гарсны дараа 1978 оны нэгдүгээр сарын 1-нд анхны хүүхэд маань төрсөн. Дараагаар нь хоёр охин гарсан. Одоо би гурван хүүхэд тэдний хүүхдүүд гээд есөн ач, зээтэй болсон. Гэр бүл маань өнөр өтгөн болоод байна. Хүүхдүүдээс маань урлагийн хүн байхгүй ч том охин Б.Цолмон маань санамсаргүй телевизийн дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг юм.
-“Суварган цэнхэр уулс” киноны уран бүтээлчид 40 жилийн ойгоороо уулзаж, хилийн застав дээрээ ойгоо тэмдэглэсэн. Та ойн арга хэмжээндээ оролцсон уу. Бусад уран бүтээлчидтэйгээ холбоотой байдаг уу?
-Өмнө нь “Суварган цэнхэр уулс” киноны уран бүтээлчидтэйгээ 25 жилийн ойгоор уулзаж байсан. Харин киноны маань 40 жилийн ой 2017 онд тохиож, намайг Хил хамгаалах ерөнхий газраас “Хүндэт хилчин” тэмдгээр шагнасанд баяртай байгаа. Миний хувьд 40 жилийн ойн арга хэмжээнд ажлын шалтгаанаар застав руугаа явж чадаагүй.
“Суварган цэнхэр уулс” кино дэлгэцнээ гарсан цагаас хойш залуус цэрэгт тэр дундаа хилийн цэрэгт явах идэвх маш сайн сэргэсэн. Тэр үед аав нь хилийн цэрэгт офицер байсан бол хүү нь, ач нь цэрэгт явж, удам дамжсан мундаг хилчид төрөн гарах болсон юм билээ. Энэ хүрээндээ манай Хил хамгаалах ерөнхий газраас дэмжин, киноны маань 40 жилийн ойг тэмдэглэсэн.
Мөн манай кинонд тоглосон уран бүтээлчид бүгд “Ардын жүжигчин, гавьяат жүжигчин” цол тэмдгийг хүртээд буй. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Эрдэнэ-Очир, Н.Батцэцэг, Г.Жигжидсүрэн найруулагч маань Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжиг цол тэмдэг хүртээд буй. Би энэ кинонд тоглож байхдаа эрдэм шинжилгээний ажилтан байсан. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Техникийн шинжлэх ухааны доктор болсон. Профессор цол болон Монгол Улсын зөвлөх инженер цолыг авсан. Одоо “Таван Толгой түлш” компанид ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Миний хувьд анх “Суварган цэнхэр уулс” кинонд тоглож, хилийн цэргийн амьдралыг биеэр мэдэрч, амьдралдаа олон сайхан дурсамж үлдээсэндээ баяртай байдаг.
“СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС” МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО
Бүтээсэн он: 1978 он
Найруулагч-Гомбожавын Жигжидсүрэн
Зохиогч – Санжийн Пүрэв, Гомбожавын Жигжидсүрэн
Зураглаач -Намсангийн Зундуй
Зураач – Батын Болд
Хөгжмийн зохиолч – Зундуйн Хангал
Дууны найруулагч – Б.Самбуу
Нүүр хувиргагч -Д.Дагийрмаа, Ж.Эрдэнэ- Уул
Эвлүүлэгч – Т.Наранцэцэг, Л.Отгончулуун
Гол дүр :
Солонго- Нацагдоржийн Батцэцэг
Цэнд – Тогтмолын Эрдэнэ-Очир
Дүрүүдэд:
Саруултөгс- Цэгмэдийн Төмөрбаатар
Сүрэн- Гүржавын Бадамхатан
Дамба- Д . Гэрэлбаатар
Чойжил- Б .Баясгалан
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ, Э.ЭНХБАТ
Холбоотой мэдээ