Төсвийн цоорхойг нөхөж, татвар татахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.10-нд нийтлэгдсэн

Төсвийн цоорхойг нөхөж, татвар татахгүй

УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Иймд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас дараах тодруулгыг хийлээ. 

-Хэсэг хугацаанд хэлэлцүүлэг нь хойшлоод байсан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлснээр татварын асуудал дахин хөндөгдөөд байна. Ерөнхий сайд УИХ-д татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Татвар нэмэхгүй, багасгахгүй” гэсэн байдаг?

-Цаг хугацааны л асуудал юм. Шийдлийн Засгийн газар энэхүү хуулийн төслийг 2014 оны төсвийн тодотголтой хамт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан байдаг. Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийхдээ “Татвар нэмэхгүй” гэсэн, гэхдээ УИХ-д оруулсан асуудлаа хэлээгүй байлгүй дээ. Хэрвээ энэ төрлийн татварыг авахгүй гэвэл хууль санаачлагч төслөө хэзээ ч татаад авах боломжтой.

УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэр юм.

Бидний хувьд Байнгын хорооны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан. Ажлын хэсгийн төвшинд хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс татварын хувь хэмжээг 50-70 хувиар бууруулсан юм шүү.

-Архи, тамхи зэрэг бүтээгдэхүүний борлуулалт бүрт татвар ногдуулна. Дээр нь зочид буудал, ресторан, баар цэнгээний газар, амралтын газруудад үйлчилгээний татвар ногдуулна гэх нь хэр зөв юм бэ, хямралтай үед?

-Засгийн газар Нийслэл хотын албан татварыг УИХ-д өргөн барихдаа “Бүх төрлийн үйлчилгээ, бүх төрлийн бараа, бүх төрлийн ажлаас 0-1 хувийн татвар авахаар” заасан байсан. Харин бид ажлын хэсгийн төвшинд хуулийн төслийг боловсруулахдаа “Ингэж хавтгайруулж болохгүй, архи тамхи гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн, зочид буудал, баар, амралтын газар, ресторан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар тавья гэж цөөрүүлсэн. Татвар төлөгчдөөс биш үйлдвэрлэсэн иргэнд 0-1 хувийн татвар ногдуулахаар зааж өгсөн. Хотын захын хороололд татвар 0 ч байж болно. Гэхдээ энэ татварыг Нийслэлийн ИТХ тогтооно.

-Архи тамхины борлуулалтын татвар хэдэн хувь байх вэ, татварыг ямар аргачлалаар цуглуулж авах вэ гэдэг анхаарал татаад байна?

-Энэ бол 1 хувийн л татвар. Нийслэлийн иргэн орлого багатай, багагүйгээсээ хамаараад архи, тамхи худалдаж авсан бол түүнээсээ татвар төлөх, тэрхүү татвараар дамжиж, нийслэлд ая тухтай орчин бүрдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас нийслэлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, хамтын татвараараа хамтарч ажиллах гээд олон жил яригдсан л сэдэв бодит ажил болох гэж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, энэ татварыг урсгал зардалд зарцуулахгүй, нийслэлийн хөгжүүлэхэд, мөн аливаа орны нийслэлд олон улсын чанартай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг, тийм арга хэмжээнд зарцуулж болно гэсэн тодорхой зохицуулалт зааж өгсөн. Татвар цуглуулж авах тухайд, хотынхон хэлж байгаа. Худалдан авсан бараагаар кассын машинаар уншуулахад үнийн дүн гарч ирдэг, тэнд програмыг нь өөрчлөөд архи, тамхины борлуулалтын дүнгээс 1 хувийн татвар тооцно гэсэн үг. Бээжинд очоод бараа, ажил үйлчилгээ авахад Бээжин хотын татвар гээд 1 хувь авдаг, түүнтэй л адил юм.

-Үл хөдлөх хөрөнгөд тогтоох татварын хэмжээг хэдээр тогтоосон бэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд оппис, конторт 0.6-3 хүртэл хувийн татвар ногдуулъя гэсэн байсан, тэр нь хэвээрээ. Орон сууцны тухайд 1 айл хоёр орон сууцтай байхад татвар төлөхгүй. Гурав дахь орон сууцанд 0-2 хүртэл хувийн татвар ногдуулна. Орон сууцаа сарын 500 мянган төгрөгөөр түрээсэлдэг бол жилийн 200 мянган төгрөгийн татвар төлөх юм.

-Бууны татварын тухайд?

-Малчин өрхийн тухайд 2 буутай байх юм бол татвараас чөлөөлөгдөнө, түүнээс илүү бол татвар төлнө.

-Авто машины татварыг хуучнаар нь үлдээсэн нь ямар учиртай юм бэ?  

-Авто машинд ОАТ/Онцгой албан татвар/ гэж байдаг, тэр бол тусдаа. Энэ бол зам ашигласны төлбөр учраас хэвээр үлдээсэн.

-Малын хөлийн татварын хэмжээ буурсан юм, Д.Дэмбэрэл гишүүн ярьж байсан. Энэ тухайд?

-Өмнө нь малын хөлийн татвар байсан, одоо сэргээнэ. Өмнө нь баруун бүс, говийн бүс, хангайн бүсэд 50-100 хүртэл төгрөгийн татвар ногдуулдаг байсан. Хонин толгойд шилжүүлснээр. Засгийн газар өргөн мэдүүлэхдээ 0-1000 хүртэл төгрөгийн татвар гэж оруулж ирсэн.  Бид бол 50-400 төгрөг байх нь зөв юм гэж тогтсон. Гэхдээ энэ татварыг Сумын ИТХ нь шийдвэрлэнэ. Нэг хоньд 50 төгргөгийн татвар ногдуулахаар сумын ИТХ нь шийдвэл хуучнаараа л тогтоно гэсэн үг. 100 төгрөг болбол малын хөлийн татвар 50 төгрөгөөр л нэмэгдэнэ.

Мал аж ахуйн салбарын хувьд өнөөдөр бэлчээр ашиглалт хүндэрч байна. Тийм учраас татвараар цугласан мөнгийг орон нутаг нь малаа эмчлэх, үйлдвэр угсаа сайжруулахад, бэлчээрээ нөхөн сэргээхэд гээд буцаагаад өөрсдөд нь зарцуулна. Түүнээс төсвийн цоорхой ашиглахад ч юм уу, буцааж татахгүй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж